12 сар 6, 2024

Макро эдийн засгийн тогтвортой байдал ба тулгарч буй эрсдэл…

2011.10.06. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын зөвлөгөөнийг манай улс дөрвөн жилд нэг удаа зохиодог уламжлалтай. Тав дахь удаагийн зөвлөгөөн 2011 оны есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн зөвлөгөөн Сангийн яамны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохиогдсоноороо ихээхэн онцлогтой юм. Тиймээс ч нэлээд өргөн цар хүрээг хамарсан гэхэд болно. Үүний нэг тод жишээ бол, зөвлөгөөнд орон нутгаас 240 төлөөлөгч оролцсон бол, нийслэлээс 300 төлөөлөгч оролцсон явдал. Тэд Макро эдийн засгийн тогтвортой байдал тулгарч буй эрсдэлүүд, Банк санхүүгийн тогтолцоо хөгжлийн чиг хандлага, Сайн засаглал – нягтлан бодох бүртгэл ба хяналт, Төсөв ба төрийн сангийн шинэчлэл гэсэн сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш нээлттэй ярилцаж, тулгамдаж буй асуудал болон нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон юм. Макро эдийн засгийн тогтвортой байдал тулгарч буй эрсдэл сэдвээр зохиогдсон салбар хуралдаанаар чухам ямар асуудлууд хэлэлцэж, ямар зөвлөмж гаргасан талаар Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын газрын орлогч дарга Баяраа: Зөвлөгөөний үеэр хэлэлцээд дараах долоон зөвлөмжийг гаргасан тухай хэлсэн юм. Үүнд:

1.  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулах механизмыг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг улс төрөөс ангид байлгаж, тогтвортой хөгжлийг бий болгох хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль эрх зүйн орчинг даруй бий болгох. Улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилтод чиглүүлэн үндэсний үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,

2. Сайн засаглалын гол механизм болох хөгжлийн бодлого,төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг Засгийн газрын бүрэлдэхүүнд бий болгох, Төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарах,

3.  Байгалийн баялгийг нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн таатай орчинг бүрдүүлэх хэлбэрээр иргэддээ хүртээж, ажил хөдөлмөр эрхлэж амьдрал ахуйгаа дээшлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх,

4. Улс орны хөгжлийг түргэтгэх тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар санхүүжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, ашигт малтмалын салбараас олох орлогын тодорхой хувийг эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чиглүүлэх бодлого баримтлах,

5. Монгол Улсын гадаад худалдаанд төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон гадаад худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

6. Бүртгэл, санхүү, эдийн засгийн салбарын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн харилцааг төгөлдөржүүлэх,

7. Санхүүгийн зах зээл, эдийн засгийн мэдээллийн тогтолцоог бий болгох, иргэд олон түмний санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх гэсэн зөвлөмжүүдийг гаргажээ. Ийнхүү энэ удаагийн зөвлөгөөнөөр Макро эдийн засгийн тогтвортой байдал ба түүнд тулгарч буй эрсдэлүүд, Сайн засаглал – нягтлан бодох бүртгэл ба хяналт, Төсөв, төрийн сангийн шинэчлэл зэрэг асуудлаар ярилцсан юм. 

Translate