Холбоо барих

dailypost.mn

Утас: +976-90152005

Хуанли

12 сар 2010
ДАВ Мя Лха ПҮР БАА БЯМ НЯМ
« 11 сар   1 сар »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
5 сар 22, 2024

Монгол Улсаа дэлхийд таниулна

Монгол улсын зээлжих зэрэглэл ахилаа…

2010.12.09. Улаанбаатар хот. Монгол улс. Дэлхийн нэр хүнд бүхий Фитч рейтингс, Стандарт энд пүүрс, Мүүдийз зэрэг санхүүгийн компаниуд улс орнуудын зээлжих зэрэглэлийг жил бүр тогтоодог. Эдгээрээс Фитч рейтингс, Стандарт энд пүүрс компаниуд өнгөрсөн сард манай улсад ажиллаж, монгол улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан байна.

Фитч компанийн Зэрэглэл тогтоох зөвлөл Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг урт хугацаандаа B+ хэмээн нэг зэрэглэлээр ахиулан хэтийн төлвийг тогтвортой хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

  1. ОУВС-тай хамтран Тогтворжуулах хөтөлбөрийг /Stand-by Arrangement/ амжилттай хэрэгжүүлсэн;
  2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан;
  3. 2009 оны 3 дугаар сарын сүүлийн байдлаар 0.5 тэрбум ам.доллар болтол багасаад байсан манай улсын ам.долларын валютын нөөц 1.7 тэрбум болж өссөн;
  4. Уул уурхайн салбараас улбаалан манай улсын эдийн засаг хурдацтай өсөх төлөвтэй байгаа;
  5. Монгол Улсын гол экспортын зах зээл болох Хятад Улсын эдийн засгийн төлөв байдал маш сайн байгаа;
  6. Монгол Улс Төсвийн болон гадаад тэнцлийнхээ тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч, тодорхой ажлуудыг хийж буй явдал зэргийг дурьдсан байна.

Харин дараахь хүчин зүйлүүд манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байгаа юм байна. Үүнд:

  1. Олон улсын зах зээл дээрх байгалийн баялгийн бүтээгдэхүүний үнэ буюу гадаад хүчин зүйлүүдээс хэт хамааралтай, жижиг эдийн засаг;
  2. Санхүүгийн салбарын эрүүл бус, сул байдал;
  3. Банкны салбарын доголдлоос үүсч болзошгүй Засгийн газрын зардлын/өрийн дарамт зэргийг дурьджээ.

Түүнчлэн Фитч компани мэдэгдэлдээ Монгол Улс хэдийгээр уул уурхайн салбараас ойрын хугацаанд орж ирэх ихээхэн хэмжээний орлогыг зөв зохистой хуваарилах тогтолцоог бий болгохыг зорьж байгаа ч, амьдрал дээр энэ зорилгоо хэрэгжүүлэлгүйгээр, төсвийн зардлаа хэт өсгөж, сангийн буруу бодлого явуулах нь манай улсын зэрэглэлд сөргөөр нөлөөлнө гэжээ. Иймд уул уурхайн салбараас орж ирэх орлогыг зөв зохистой зарцуулах тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Фитч компани манай улсын зэрэглэлийг ийнхүү нэг шатаар ахиулснаар Мүүдийз компаниас манай улсыг үнэлсэн B1 зэрэглэлтэй нэг түвшинд дөхөж очиж байна.

Стандарт энд Пүүрс компанийн Зэрэглэл тогтоох зөвлөл Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг урт хугацаандаа BB-, богино хугацаандаа B хэмээн бататган тогтоож, хэтийн төлвийг тогтвортой хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргалаа.

Стандарт энд Пүүрс компани дээрх шийдвэрээ 2010 оны арваннэгдүгээр сард олон нийтийн хэвлэл мэдээлэл болон интернэтээр дэлхий дахинд мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ дараахь гол хүчин зүйлүүд Монгол Улсын зэрэглэлд эерэгээр нөлөөлж байна гэжээ. Монгол улсын эдийн засаг, уул уурхайгаас шалтгаалж хурдацтай өсч, төсвийн болон гадаад худалдааны тэнцлээ тогтвортой байдлыг хангах тал дээр ажиллаж байгаа нь монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Стандарт энд Пүүрс компанийн Монгол Улсыг хариуцсан шинжээч Бенард Агост: Улс төрийн амлалт болон ард иргэдийн зүгээс нийгмийн халамжийг сайжруулах тал дээр төрөөс шаардах шаардлага зэрэг хүчин зүйлүүд уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний орлогыг зөв зохистой зарцуулахад сөргөөр нөлөөлөх магадлалтай байна хэмээн мэдэгдэлдээ дурьджээ. Тэгвэл тэр үеийн Сангийн яамны Эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Батбаяр: Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь эдийн засагт сайн талтай ч, гадаадаас орж ирэх зээл тусламжийн хэмжээ буурахад сөргөөр нөлөөлөх талтайг мөн хэлж байв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

dailypost.mn © 2020 | Newsphere by AF themes.