12 сар 21, 2024

Орон сууцны багцаа ипотекийн үнэт цаасаар солихийн учир…

2010.11.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Ипотек гэж орон сууц барьцаалсан зээлийг хэлдэг. Манай улсын арилжааны банкууд 2004 оноос ипотекийн буюу орон сууцны зээл олгож эхэлжээ. Ингэхдээ, тэд эхний жилүүдэд 200 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон гэх мэдээлэл бий. Энэ зээлийнхээ 5 хувьтай тэнцэх хөрөнгийг багцалж Монголын ипотекийн корпорацид худалдсан байна. Тодруулбал, долоон арилжааны банк 10 тэрбум төгрөгийн багцыг Монголын ипотекийн корпорацид худалжээ. Нэг багц оройлцоогоор 300-600 гаруй орон сууцны зээлийг өөртөө багтаасан байдаг. Энэ нь ойролцоогоор нэг тэрбум төгрөгийн өртөгтэй аж. Энэ утгаар нь авч үзвэл арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд 3000-6000 орон сууцыг өөртөө багтаасан 10 багцыг Монголын ипотекийн корпорацид худалдсан байна. Ингэхдээ, тэд орон сууцны зээлийн дундаж хүүг баримжаалж, орон сууцны багцаа Монголын ипотекийн корпорацид худалдсан байгаа юм. Ер нь арилжааны банкууд орон сууцны багцаа Монголын ипотекийн корпорацид 14 орчим хувийн хүүтэй арилжаалсан гэж мэдэгдэж байгаа. Тэдний худалдсан орон сууцны багцад үндэслэж Монголын ипотекийн корпораци ипотекийн үнэт цаас гаргажээ. Монголын ипотекийн корпорацийн Дотоод үйл ажиллагааны хэсгийн ахлах Сугарням: Монголын ипотекийн корпораци 25 тэрбум төгрөгийн ипотекийн үнэт цаас арилжаалахаар төлвлөж байсан ч, эхний ээлжинд 10 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд гаргасан. Үүний 6.3 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжааны банкууд орон сууцны багцаар сольж авсан гэв. Тухайлбал,

  • Худалдаа хөгжлийн банк 4.7 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 3.5 жилийн хугацаатай 14.3 хувийн хүүтэй,
  • Капитрон банк 1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2.5 жилийн хугацаатай 14 хувийн хүүтэй,
  • Капитал банк 500 сая төгрөгийн үнэт цаасыг 1 жилийн хугацаатай 12 хувийн хүүтэй,
  • Тэнгэр даатгал компани 100 сая төгрөгийн бондыг 1 жилийн хугацаатай 12 хувийн хүүтэй тус тус авсан байна. 

Эндээс Худалдаа хөгжлийн банк ганцаараа хамгийн их үнэт цаасыг, хамгийн өндөр хүүтэй худалдаж авсан байна. Арилжааны банкууд орон сууцны зээлийн багцаа 14 орчим хувийн хүүтэйгээр Монголын ипотекийн корпорацид худалддаг болохыг дээр дурдсан. Худалдаа хөгжлийн банк Орон сууцны багцаа 14 хувийн хүүтэйгээр Монголын ипотекийн корпорацид худалдаж, үүнийгээ 14,3 хувийн хүүтэй ипотекийн үнэт цаасаар сольж авахын учир юу вэ гэсэн асуулт эндээс урган гарч байгаа юм. Үүний зөрүү 0,3 хувийн хүү бага мэт санагдавч, худалдаж авсан нийт үнэт цаасаар тооцвол нэлээд хэмжээний ашиг, орлого олох дүр зураг ажиглагдаж байгаа юм. Энд яагаад ипотекийн үнэт цаасыг зөвхөн арилжааны банкууд худалдаж авч байна вэ гэсэн асуулт гарч байгаа юм. Үүнд Нортенсек хөрөнгө оруулалтын банкны захирал Өлзийбаяр: Арилжааны банкууд орон сууцны зээлээ 10-15 жилийн хугацаатай олгодог. Ипотекийн зээлийг урт хугацаатай олгодог учир арилжааны банкуудын мөнгө удаан хугацаагаар түгжигддэг. Тиймээс арилжааны банкууд зээл төлөгдөж дуусахыг хүлээлгүйгээр орон сууцны зээлээ багцалж худалдан, үүнийгээ бондоор сольж, уг бондоо төвбанкинд барьцаалж, хөрөнгө босгодог байж болох талтайг хэлж байгаа юм. Харин арилжааны банкууд ипотекийн үнэт цаасаа төвбанкинд барьцаалж зээл авсан эсэхт Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын дарга Болдбаатар: Арилжааны банкуудад зээлийн эх үүсвэр хангалттай байгаа учир тэд ипотекийн үнэт цаасаа төвбанкинд барьцаалж, хөрөнгө босгосон зүйл одоогоор алга байна гэсэн тайлбар өгөв. Эндээс арилжааны банкуудад зээлд гаргах хөрөнгийн эх үүсвэр хангалттай байгаа юм бол, тэд юуны учир орон сууцны зээлээ нэмэгдүүлэхгүй байна вэ. Тэд төвбанкнаас нэмэлт эх үүсвэр татах шаардлагагүй юм бол, юуны учир орон сууцны багцаа хямд хүүтэй худалдаж, үүнийгээ өндөр хүүтэй бондоор сольж, хүүгийн алдагдал хүлээж байна вэ гэсэн асуулт гарч байна. Нөгөөтэйгүүр, манай улсад ипотекийн үнэт цаас арилжаалахтай холбоотой хууль тогтоомж өмнө нь байгаагүй. Тиймээс, өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль баталсан юм. Хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Хуультай боллоо. Монголын ипотекийн корпораци ирэх оноос ипотекийн үнэтцаас нэмж гаргах болов уу. Үүнд Монголын ипотекийн корпорацийн Дотоод үйл ажиллагааны хэсгийн ахлах Сугарням:Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх ч, Монголын ипотекийн корпораци цаашид хичнээн тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах нь тодорхойгүй байна гэсэн хариулт өгөв. Дашрамд дурдахад, 2010.11.06-ны байдлаар арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү дунджаар 15 хувьтай байлаа. Орон сууцны зээлийн хүү жилийн өмнөхөөсөө 2 хувиар буураад байгаа нь энэ юм. Цаашид орон сууцны зээлийн хүү буурах эсэхт Монголбанкны мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Болдбаатар: Ирэх оны нэгнээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Энэ нь орон сууцны зээлийн хүү буурахад хөшүүрэг болно гэж үзэж байна гэв.