12 сар 22, 2024

Алтны экспорт буурав…

2009.08.15. Улаанбаатар хот. Монгол улс. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний хагас жилд 1 трилилион 608 тэрбум 900 сая төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн 1,3 хувиар буурсан үзүүлэлт юм. Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 6.5 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 7,5 хувиар буурсан нь дотоодын нийт бүтээгдэхүүн буурахад нөлөөлсөн байна. Хэдийгээр дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ буурсан ч, сүүлийн хоёр сарын байдлаар бууралтын хурд саарч байгааг Үндэсний статистикийн хорооныхон онцолж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ буурч байгаатай зэрэгцэн манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл мөн буурсан байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Дагвадорж: Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн сард 859 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9,1 хувиар буурсан үзүүлэлт гараад байна. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,3 тэрбум төгрөг, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 75,8 тэрбум төгрөгөөр буурсан нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл дээрх хувь хэмжээгээр буурахад голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл буурсан нь цайрын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт гянтболдын баяжмал зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.2-53,6 хүртэл хувиар буурсан нь нөлөөлжээ. Харин катодын зэс, металл бэлдэц, бетон зуурмаг, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.7-88.4 хувиар буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл буурахад хүргэсэн байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн сард 859 тэрбум төгрөг байжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 9,1 хувиар буураад байгаа үзүүлэлт юм. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  12.3 тэрбум төгрөг, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 75,8 тэрбум төгрөгөөр буурсан нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл дээрх хувь хэмжээгээр буурахад голлон нөлөөлсөн байна.

Цаашлаад манай улсын гадаад зах зээлд гаргадаг гол түүхий эдүүдийн экспорт буурсан байна. Алтны экспорт гэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48 хувиар буураад байгаа юм. Алтны экспорт буурсан шалтгааныг албаны эх сурвалжууд уг түүхий эдийн үйлдвэрлэл багассантай холбон тайлбарлаж байгаа. Тодруулбал, өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд 7,3 тонн алт олборлож монголбанкинд тушаасан бол, энэ онд ердөө 4,8 тонн алт олборлож төвбанкинд тушаасан байна. Энэ тухай Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн судалгааны газрын дарга Баасанжав: Долоодугаар сарын экспортын мэдээг аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний биет хэмжээтэй тулгахад аль аль талдаа буурсан байна. Зөвхөн молибдений хүдэр, баяжмалын хувьд үйлдвэрлэл нь нэмэгдсэн. Экспортод гаргасан биет хэмжээ нь бас нэмэгдсэн. Гэхдээ үнийн дүн бол маш их буурсан. Алтны тухайд үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн жил 7,3 тонн байсан бол, одоо 4,8 тонн болж 2 дахин буурсан үзүүлэлттэй байна. Экспортын хэмжээ ч гэсэн буурсан байгаа. 5-р сараас хойш манайх алт экспортлоогүй. 6, 7 саруудад нэг ч тонн алт экспортлоогүй байгаа. Цайрынх мөн адил буурсан дүнтэй байна гэв. Ийнхүү алт олборлолт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин буурсан учраас экспортод гаргасан уг металлын биет хэмжээ мөн тэр хэмжээгээр буурсан гэж Үндэсний статистикийн хорооныхон үзэж байна.

Манай улсад алт экспортлох эрх бүхий хуулийн этгээд бол төвбанк юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа монголбанк болон арилжааны банкуудад тушааж болдог. Харин арилжааны банкууд цааш нь төвбанкинд тушаах ёстой юм. Тэр ч утгаараа иргэн, аж ахуйн нэгжийн худалдан борлуулсан алт эцсийн дүндээ төвбанкинд төвлөрч, улмаар цааш нь гадаад зах зээлд экспортолж ирсэн. Алтны улирал эхлээд бараг гурван сар өнгөрч байхад яагаад төвбанк гадаад зах зээлд нэг ч киллограмм алт экспортлоогүй байна вэ. Эндээс нэг бол аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушаахгүй байгаа. Эсвэл Монголбанк аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтыг дэлхийн зах зээлд гарган экспортлохгүй байгаа гэх таамаг дэвшүүлж болохоор байгаа юм. Тиймээс манай улс яагаад тавдугаар сараас хойш нэг ч килограмм алт экспортлоогүй болохыг төвбанкнаас лавлав. Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Эрдэнэбат: Аж ахуйн нэгжүүд алт худалдах нь бага байгаа. Бага, сагаар тушааж байгааг нь төвбанк цуглуулж байгаад гадагш экспортолж байна гэх хариулт өглөө. Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанкинд тушаахгүй байгаатай холбоотойгоор манай улсын алтны экспорт саарч байгааг албаныхан ийнхүү учирлаж байна. Эндээс аж ахуйн нэгжүүд яагаад төвбанкинд алт тушаахгүй байна вэ гэсэн асуулт гарч байна. Үндэсний статистикийн хорооныхон үүнд хувилбар дэвшүүлж таамаглаж сууна.

  • Аж ахуйн нэгжүүдийн алтны үйлдвэрлэл багассан
  • Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа хадгалах болсон
  • Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа төвбанкинд тушаах бус, арилжааны банкуудад барьцаалж зээл авч байж магадгүй
  • Аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа хууль бусаар хил давуулж байж магадгүй гэсэн хэд хэдэн хувилбарыг дэвшүүлж байгаа юм.