12 сар 21, 2024

Барилгын салбар хүндэрч эхлэв…

2009.07.28. Монгол Улс. Улаанбаатар хот. 2000 оны сүүлээр манай улсад 3000 гаруй барилгын компани үйл ажиллагаа явуулж байснаас дийлэнх нь өөрийн хөрөнгөөр бус, урьдчилгаа авч бусдын хөрөнгөөр барилга барьж, үүнийгээ худалдах замаар дундаас нь ашиг олж ирсэн билээ. Гэвч 2008-2009 оны санхүү, эдийн засгийн хямралын үед энэ нь барилгын компаниудад хүнд цохилт болсон юм. Арилжааны банкууд 2003 онд ипотекийн зах зээлд хөл тавьж, орон сууцны зээл олгож эхэлсэн ч, хямралтай холбоотойгоор 2008 оны есдүгээр сараас дийлэнх арилжааны банк орон сууцны зээлээ хязгаарласан юм. Хаан, Хас, Худалдаа хөгжил, Монгол шуудан, Голомт, Капитрон зэрэг банк зөвхөн орон сууцны зээл олгож байлаа. Гэхдээ гэрээ байгуулсан барилгын компаниудын орон сууцнаас 30-50 хувийн урьдчилгаа төлж, үлдэх 40-120 сая хүртэлх төгрөгийг, 8-10 жилийн хугацаатай, 1,8-1,9 хувийн хүүтэй зээлж өмнөхөөсөө өндөр шалгуур тавьж байлаа. Үүнтэй холбоотойгоор иргэд орон сууц худалдаж авах нь багасч, барилгын компаниуд эргэлтийн хөрөнгөгүй болж, барилгын ажил нь зогсч байсан юм. Барилгын салбарынхан дутуу барисан барилгаа гүйцэхийн тулд банкнаас зээл хөөцөлдөв ч олдоц хомс байв. Хямралын үед банкууд өөрсдөө хүнд байсан тул барилгын компаниудад зээл олгох нь тэр бүр ховор байлаа. Үүнээс болж тэр үед хаа саагүй дутуу баригдсан барилга сүндэрлэж байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Тэр үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамныхан улсын хэмжээнд 420 гаруй барилгын ажил зогссон. Үүний 80 нь орон нутагт, 340 гаруй нь нийслэлд байгаа гэж мэдэглэж байлаа. Эдгээр барилгуудад 960 гаруй тэрбум төгрөг түгжигдсэнээс 193 тэрбум нь иргэдийн мөнгө болохыг хэлж байсан юм. Иргэд байртай болох зорилгоор барилгын компаниудад мөнгөө оруулчихаад байдаг. Харин барилгууд нь дуусдаггүй зогсчихоод байдаг. Тэр ч утгаараа, баригдаж дуусаагүй барилгуудад санаа зовохоос илүүтэй. Иргэдээ хэрхэн хохиролгүй болгох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Баригдаж дуусаагүй орон сууцанд түгжигдээд байгаа иргэдийн мөнгийг барилгын компаниуд эздэд нь эргүүлэн олгох бололцоогүй гэсэн. Барилгын компаниудад иргэдэд өгөх их хэмжээний мөнгө байхгүй. Бүх мөнгөө барьж байгаа барилгадаа оруулсан учраас тэр. Иргэдийг хохиролгүй болгохын тулд барьж буй барилгаа дуусгах шаардлага тулгарч байсан нь мэдээж. Тухайн үед үүнд 530 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдаж байсан юм. Энэ хөрөнгө оруулалтыг барилгын компаниудад оруулвал, дутуу баригдсан барилгаа барьж дуусгана. Тэр үед иргэд орон сууцандаа орж, барилгын компаниуд хүндрэлээс гарна. Ингэхийн тулд банкууд бага хүүтэй зээл барилгын компаниудад олгох хэрэгтэй гэж үзэх хүн цөөнгүй байлаа. Харин Монголбанкны мөнгөний бодлогын газрын дарга Болдбаатар: Дутуу баригдсан орон сууцыг ашиглалтад оруулахын тулд барилгын салбарт хөрөнгө оруулалт хийлээ ч, тэр мөнгөө хэзээ нэгэн цагт эргүүлэн төлж чадах уу гэдэг нь хамгийн эргэлзээтэй асуудлын нэг болоод байгааг хэлж байсан юм. Нэг ёсондоо, барилгын салбарынханд шаардлагатай хөрөнгө, мөнгийг өгч өнөөдөр сүндэрлэсэн дутуу барилгуудыг гүйцээсэн ч, цаана нь барисан барилгыг нь худалдан авах эзэнгүй бол, авсан дэмжлэгээ эргүүлэн төлж чадахгүй гэж эдийн засагчид үзэж байлаа. Тэгвэл Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга орон сууцны нийтийн аж, ахуйн газрын дарга Баасан: 2008 оны аравдугаар сараас хойш зээл олгох байдал зогссон. Тиймээс зээлийнхээ хугацааг хойшлуулж өгөөч ээ. Зээлийнхээ хүүг бууруулж өгөөч ээ гэх зүйлийг, ийм асуудлыг шийдэж өгөөч гэж банкны зүгээс тавьж байгаа. Үүний хажуугаар угсралтын компаниуд байрныхаа үнийг яг бодитой үнэд нь оруулж ирье. Бид нар бодитой үнийн судалгаа хийхэд, нэг метр квадрат нь 670 мянган төгрөг болж байна. Энэ бодит өртөгөөрөө орон сууцаа худалдах хэрэгтэй. Тэгвэл, иргэд хямд орон сууц худалдан авна. Тэр үед барилгын салбар сэргэнэ гэж хэлж байсан юм. Харин Тэх худалдааны төвийн гүйцэтгэх захирал Эрдэнэбат: Одоо ашиг харах бус, хүндрэлээс хэрхэн гарах вэ гэдгийг бодох цаг. Тиймээс орон сууцаа бодит өртөгөөр нь буюу нэг метр квадратыг нь 650 америк доллараар зарах хэрэгтэй гэж ярьж байлаа. Түүнтэй эдийн засагчид ч санал нэг байсан юм. Учир нь арилжааны банкууд ч тэр, улсын төсөв ч тэр аль аль нь хүнд байсан билээ. Энэ үед арилжааны банкууд барилгын салбарыг дэмжих үүднээс 530 тэрбум төгрөг гаргаж чадахгүй. Харин зээлийн хугацааг сунгаж магадгүй юм гэсэн тайлбар өгч байв. Банкууд бидэнд мөнгө зээлнэ. Түүгээр нь барилгаа барьж дуусгана. Харин иргэд орон сууцандаа орно гэсэн найдлага талаар болж байсан цаг үе юм. Түүний оронд барилгын салбарынхан их ашиг олох гэж орон сууцаа үнэд оруулахын оронд, бодит өртөгөөр нь худалдаж өөрсдийгөө, бас иргэдийг хохиролгүй болгох хэрэгтэй. Тэгэж чадвал барилгын салбар сэхнэ. Эс чадвал мөхнө гэж эдийн засагчид хэлж байсан удаатай. Ямартай ч, барилгын салбар сэхэх эсэх нь бүрхэг байна. Учир нь барилгын салбарыг дэмжье гээд гар сунгах хүн одоогоор алга. Тиймээс барилгын салбарынхан өөрсөддөө найдах үлдэж байна. Уг нь тэд орон сууцны үнийг хямдуурлчихвал,өөрөөр хэлбэл бодит зардалаар буюу нэг метр квадрат орон сууцаа 670 мянган төгрөгөөр худалддаг болчихвол, байр худалдан авагчид нэмэгдэнэ. Орон сууцны эрэлт нэмэгдвэл, төр засгаас дэмжлэг үзүүллээ гэхэд, түүнийг нь эргүүлэн төлөх чадалтай болно. Ингэж хямралаас гарах бололцоо барилгын салбарынханд байгаа. Өөрөөр хэлбэл, тэд үхэх, сэхэх нь өөрсдийнх нь гарт байгаа гэж эдийн засагчид хэлж байгаа юм.