12 сар 22, 2024

Цахилгаан, дулааны үнэ нэмэгдлээ

Эрчим хүчний зохицуулах газар сүүлийн гурван жил тогтвортой байсан цахилгаан, дулааны үнийг өнгөрсөн долоодугаар сард нэмэгдүүллээ. Тоног төхөөрөмж, материалын үнэ өссөнөөр эрчим хүчний салбарынхан мөнгө санхүүгийн дутагдалд орж, хөрөнгө оруулалтаар хийх ажил нь зогссон тул үнэ тарифаа өсгөжээ. Ингэхдээ 100 киловатт цахилгаан сардаа хэрэглэдэг бол 63 төгрөг, 100-250 киловатт цахилгаан хэрэглэвэл 65 төгрөг, 250 киловаттаас дээш цахилгаан хэрэглэвэл 68 төгрөг төлөх шаталсан үнэ тарифыг шинээр мөрдөгдөж эхлээд байна. Цахилгаан, дулааны үнийг хэрэглээний түвшинтэй нь уялдуулан нэмснээр 20 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болох юм. Цаашид эрчим хүчний үнэ тарифыг зохистой хэмжээнд нэмэгдүүлэх шаардлага байгааг энэ салбарынхан хэлж байна. Ингэхдээ техникийн засвар үйлчилгээ хийх, хөрөнгө санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох байдлаар үнэ тарифыг нэмэх бодлого баримталж байна. Гэхдээ эрчим хүчний зохицуулах газар компаниудын санал, өртөг, зардал, бусад бүх тооцоог хянаж үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна.