12 сар 21, 2024

Инфляци 34 хувьд хүрч, иргэд хадгаламжаа татав…

Мөнгөний ханш жилийн 34 хувиар унасантай холбоотойгоор иргэд банкуудаас хадгаламжаа татах болсон. Тиймээс иргэдийн гар дээр эргэлдэх бэлэн мөнгө ихэсч, энэ нь үнийн хөөрөгдлийг дэвэргэж, инфляцид сөрөг нөлөө үзүүлж байна гэж Монголбанкныхан үзэж байгаа юм. Тиймээс иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг хумих, улмаар банкинд төвлөрүүлэх үүднээс Монголбанк үнэт цаасны бодлогын хүүгээ дэс дараатайгаар нэмэгдүүлээд байгаа юм. Энэ оны гуравдугаар сард үнэт цаасны хүүгээ 9.75 болгосон бол, өнгөрсөн сард 10.25 хувь болгож нэмэгдүүлсэн. Бага хүүтэй зээл олгосноос, өндөр хүүтэй Төв банкны үнэт цаас худалдан авах нь арилжааны банкуудын хувьд ашигтай хувилбар болж байна. Тэр ч утгаараа, арилжааны банкууд иргэдэд олгох зээлээ багасгах бодлого баримталж байна. Банкууд зээлээ багасгах болсон нь нөгөөтэйгүүр санхүүгийн хямралд орохоос болгоомжилсон нэг арга хэрэгсэл гэж хэлж болно. Дэлхийн эдийн засгийн хямрал эргэн төлөгдөх нөхцөлгүй орон сууцны зээлээс улбаатай гэдгийг дэлхий нийтээрээ ярьж байна. Тиймээс банкууд санхүүгийн хямралд орохоос сэрэмжилж, зээл олголтоо багасгасан гэж ойлгож болох талтай юм. Учир нь манай улсад ч гэсэн зээлийн эргэн төлөлт бага хувьтай байгаа юм. Энэ оны наймдугаар сард банкуудын иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 58 хувиар өсч, 26 тэрбум төгрөгт хүрээд байсан юм. Тэгвэл энэ есдүгээр сард нийт зээлийн өрийн үлдэгдэл 27 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банкууд санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт хадгаламжийнхаа 20 орчим хувийг зээлд эргүүлэн гаргаж байгаа гэж зарим эх сурвалжуд хэлж байна. Банкууд өмнө нь нийт хадгаламжийнхаа 50-60 орчим хувийг зээлд гаргадаг байсан аж. Зээл ховордож, орон сууцны зээлийн хүү өссөн зэргээс шалтгаалан байрны эрэлт багасч, нийлүүлэлт ихэсчээ. Тиймээс барилгын компаниуд байрны орон сууцны үнээ буулгаж эхэлсэн байна. Тухайлбал, энэ онд дунджаар 45 сая төгрөгт хүрээд байсан нэг өрөө байр 35 сая төгрөгийн ханштай болоод байна. Ихэнх арилжааны банкууд энэ сарын нэгнээс хугацаат хадгаламжийнхаа хүүг 1-2 хувиар өсгөжээ. Тиймээс сонсогчиддоо банкуудын хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүг сонирхуулахаар бэлтгэлээ.

Монгол шуудан банкны хугацаагүй төгрөгийн хадгаламж жилийн 8.4 хувь, хугацаат хадгаламж жилийн 18.6, сарын 1.55 хувь байна.

Хадгаламж банкны хугацаагүй төгрөгийн хадгаламж жилийн 6 хувь, хугацаат хадгаламж жилийн 13.2 хувь, сарын 1.1 хувь байна.

Худалдаа хөгжлийн банкны хугацаагүй төгрөгийн хадгаламж жилийн 6 хувь, хугацаат хадгаламж жилийн 16,8 хувь, сарын 1.4 хувь байна.

Зоос банкны хугацаагүй төгрөгийн хадгаламж жилийн 9,6 хувь, хугацаат хадгаламж жилийн 14.4 хувь, сарын 1.2 хувь байна.

Хас банкны хугацаагүй төгрөгийн хадгаламж жилийн 8.2 хувь, хугацаат хадгаламж жилийн 15.2 хувь, сарын 1.2 хувь байна. 

Капитал банкны хугацаагүй төгрөгийн хадгаламж жилийн 7.2 хувь, хугацаат хадгаламж жилийн 18.5 хувь, сарын 1.54 хувь байна.

Капитал банкны хугацаагүй төгрөгийн хадгаламж жилийн 7.2 хувь, хугацаат хадгаламж жилийн 18.5 хувь, сарын 1.54 хувь байна.

Хугацаагүй хадгалмжийн хамгийн өндөр хүүг Зоос банк амлажээ. Харин хугацаатай хадгаламжийн хамгийн өндөр хүүг Монгол шуудан банк зарласан байна. Энэ нь инфляцид сөрөг нөлөө үзүүлээд байгаа иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг банкинд төвлөрүүлэх нэг таатай боломж гэж Монголбанк үзэж байна.