12 сар 5, 2025

MICC: 7 хоногийн тойм

2025.07.20. Монгол Улс. Улаанбаатар хот. MICC компани харилцагчиддаа 7 хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ ирүүлдэг. 2025.07.14-ны өдрөөс 2025.07.20-ны өдрийн тойм:

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр 2025/07/07-ноос 2025/07/18-ний хугацаанд нийт 10.15 тэрбум төгрөгийн үнийн бүн бүхий 1.95 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Хаан Банк ХК, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн, Голомт Банк ХК, болон Голомт Банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 8.2%-ИАР ӨСЛӨӨ

2025 оны 6 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляцийн түвшин жилийн үндсэн дээр 8.2 хувьтай гарч, өмнөх сараас 0.6 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь иргэдийн амьжиргаанд хүчтэй дарамт үзүүлж буйг илтгэж байгаа бөгөөд инфляцийн өсөлтөд хүнсний бүтээгдэхүүний үнэ, шатахуун, орон сууцны зардал зэрэг гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр, инфляцийн 19.2%-ийг хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах бус ундаа; 24.1%-ийг орон сууц, ус, цахилгаан, түлшний зардлын үнэ бүрдүүлж байна. Энэ нь өрхийн зардлын томоохон хэсгийг бүрдүүлдэг бараа, үйлчилгээнүүд эрчимтэй өссөөр байгааг харуулж байна. Түүнчлэн инфляцийн энэ өсөлт нь Төв банкны зорилтот түвшинг давж байгаа тул ирэх саруудад мөнгөний хатуу бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх хүлээлт бий болгоод байна. Иргэдийн худалдан авах чадвар буурах хандлагатай байгаа тул инфляцийн дарамтыг бууруулахын тулд төр, хувийн хэвшил хамтран үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага нэмэгдсээр байна.

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ  ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ II УЛИРЛЫН ТАЙЛАН ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛЛОО

2025 оны 7-р сарын 22-ны байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны хоёрдугаар улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд ил болголоо. Тайлангууд нь зах зээлийн оролцогчдод тухайн компанийн санхүүгийн эрүүл мэнд, ашигт ажиллагаа, үйл ажиллагааны чиг хандлагыг илүү тодорхой харах боломжийг олгож байна. Энэ улиралд нийтэлсэн тайлангуудаас дараах гол чиглэлүүд анхаарал татаж байна:

  • Ашигт ажиллагаа: Өртөг зардлаа оновчтой удирдаж чадсан компаниуд цэвэр ашиг болон ашигт ажиллагааны үзүүлэлтээ сайжруулжээ.
  • Үйл ажиллагааны үзүүлэлтүүд: Салбар бүрд өөр өөр үзүүлэлттэй гарсан ба барилга, уул уурхай, санхүүгийн үйлчилгээний компаниудын хувьд эерэг өсөлт ажиглагдаж байна.

АНУ: ИНФЛЯЦ ЭРЧИМЖИЖ, ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛАХ ШИЙДВЭРЭЭ ХОЙШЛУУЛЖ МАГАДГҮЙ

2025 оны 7-р сарын 17-нд АНУ-ын 6-р сарын Хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн мэдээллийг нийтэлсэн бөгөөд жилийн инфляцын түвшин2.7%-д хүрсэн нь өмнөх сараас (2.4%) өссөн үзүүлэлт байв. Мөн үндсэн CPI (хүнс, эрчим хүчийг хассан дундаж индекс) 2.9% болж өссөн байна. Энэ нь сүүлийн 5 сарын хамгийн хурдтай өсөлт бөгөөд шинжээчид үүнийг ерөнхийлөгч Трампын тарифын бодлогын шууд нөлөө гэж дүгнэж байна. Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд бодлогын хүүгээ хэвээр хадгалах магадлалтай бөгөөд хүү бууруулах ямар нэг шийдвэрийг 9-р сар эсвэл түүнээс хойш хойшлуулах төлөвтэй байна. Инфляцын өсөлт нэмэгдэхийн хэрээр төв банк мөнгөний бодлогын хувьд илүү болгоомжтой хандах шаардлага нэмэгдэж, энэ нь худалдан авагчдын зарцуулалтыг сааруулж, эдийн засгийн өсөлтийн эрчийг сулруулах эрсдэлтэй. Монгол улсад үзүүлэх нөлөө ньАНУ-ын бодлогын хүү өндөр хэвээр байвал хөгжиж буй орнуудын зээлийн өртөг өсөж, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт татах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй.

БНХАУ-ЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРЧ, ХЭРЭГЛЭЭ СУЛ ХЭВЭЭР БАЙНА

2025 оны 7-р сарын 15-нд Хятадын Үндэсний Статистикийн Газраас мэдээлснээр, II улиралд эдийн засаг 5.2%-иар өссөн нь зах зээлийн хүлээлтээс (5.1%) ялимгүй өндөр ч, өмнөх улирлын (5.4%) үзүүлэлтээс доогуур байна. 6-р сард аж үйлдвэрийн өсөлт 6.8% байсан бол жижиглэн худалдаа 4.8%-иар өсөж, хэрэглээ сул хэвээр буйг харуулжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар дотоодын хэрэглээ сул, үл хөдлөх хөрөнгийн салбар хямралтай, гадаад худалдааны дэмжлэг суларч, АНУ-тай үүссэн тарифын эрсдэл нэмэгдэж байгаа нь 2025 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн өсөлтийг удаашруулах хүчин зүйлс болж байна. Үүний зэрэгцээ, Хятад улс 33 сарын турш дараал дараалан үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) буурснаар дефляцийн эрсдэл нэмэгдэж, үйлдвэрлэлийн зарим салбарт зохицуулалт хийх бодлого яригдаж байна. Гэсэн ч, шинжээчид энэ нь дефляцийг богино хугацаанд арилгахад хангалтгүй гэж үзэж байна.   Монгол улсад үзүүлэх нөлөө нь БНХАУ нь Монголын экспортын хамгийн том зах зээл учраас эрэлт буурах нь нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ, экспортын орлогыг бууруулах эрсдэлтэй. Энэ нь Монголын төсвийн орлого болон эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.

ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

2025 оны 7-р сарын 14-20-ны өдрүүдэд дэлхийн хөрөнгийн зах зээл газрын тосны үнийн хэлбэлзэл, төв банкны бодлогын таамаглалын нөлөөгөөр тогтворгүй байдалтай байсан ч, АНУ-ын технологийн салбарын хувьцаанууд болон Европын гол индексүүд өсөлт үзүүлжээ. Ирэх долоо хоногт инфляцын мэдээлэлтөв банкны шийдвэр, геополитикийн эрсдэлүүд зах зээлийн гол нөлөөлөгч байх төлөвтэй байна.

АНУ-ын хөрөнгийн  зах зээл

АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт тогтвортой хаагдлаа. S&P 500 долоо хоногийн дунд дээд түвшинд хүрсэн ч, 10 жилийн бондын өгөөж өссөнтэй холбоотойгоор сүүлчийн өдрүүдэд буурав. Гол анхаарал татсан үйл явдал нь хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангууд байсан бөгөөд Alphabet (Google), Tesla, Coca-Cola зэрэг томоохон компаниуд ашиг, орлогын өсөлт үзүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дэмжсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европ болон Мексикээс импортлох бараанд 30%-ийн тариф ногдуулах тухай мэдэгдсэн нь зах зээлийг хэсэг хугацаанд удаашруулсан ч, тарифуудын хэрэгжилт удаашрах эсвэл зөөлрөх магадлал өндөр байх хүлээлт хүчтэй хэвээр байна.

  • S&P 500: +0.66%
  • Dow Jones: +1.47%
  • Nasdaq: -0.01%

Хэрэглээний үнийн индекс (CPI) зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар өсөж, зах зээлийн хүлээлттэй нийцсэн ч тарифт өртсөн бараануудын үнэ илүү огцом нэмэгджээ. Үүний зэрэгцээ, бондын өгөөжийн өсөлтөөс шалтгаалан хөрөнгө оруулагчид хувьцаанаас бонд руу чиглэж, энэ нь технологийн салбарын хувьцаанд дарамт болсон байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд эерэг хэвээр байгаа тул хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногийн ашиг, орлогын тайлан болон Европын Төв Банкны бодлогод анхаарлаа хандуулж байна.

Европын хөрөнгийн зах зээл

Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй xаагдлаа. Европын бүс нутгийг хамарсан STOXX 600 индекс 0.7%-иар өссөн нь аж үйлдвэрийн салбар болон эрчим хүчний хувьцаануудын хүчтэй өсөлттэй холбоотой байв. Хувьцааны ханшийн өсөлтөд Европын холбооны Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ болон хоёрдугаар улирлын ашиг орлогын эерэг тайлангууд голлох нөлөө үзүүлжээ.

  • STOXX Europe 600: +0.7%
  • DAX 40 (Герман): +0.62%
  • CAC 40 (Франц): +1.03%

Герман, Францын том компаниудын ашгийн үзүүлэлтүүд хүлээлтээс давсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Европын орнуудад 30%-ийн тариф ногдуулах тухай мэдэгдэл тодорхойгүй байдал үүсгэв. Зах зээлүүд ирэх долоо хоногийн АНУ–ЕХ-ны худалдааны хэлэлцээрийн үр дүн, төв банкнуудын бодлогын мэдэгдлийг анхааралтай ажиглаж байна.

Ази – Япон ба Өмнөд Солонгос

Азийн хөрөнгийн зах зээлүүд худалдаа, геополитик, эдийн засгийн хүлээлтээс шалтгаалан өсөлттэй хаагдлаа. CSI 300 индекс 0.9%-иар нэмэгдсэн нь технологийн салбарын өсөлт болон Хятадын эдийн засгийг дэмжих Засгийн газрын арга хэмжээнүүдтэй холбоотой байв. Хэрэглээг нэмэгдүүлэх, бизнесийг санхүүгийн хувьд дэмжих алхмууд нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээжээ.

  • Nikkei 225: +1.06%
  • KOSPI: +0.09%
  • CSI 300: +0.9%

Японы Nikkei 225 индекс 1.06%-иар өссөн нь сонгуулийн өмнөх хөрөнгө оруулалт нэмэгдэж, мөнгөний бодлого тогтвортой байх хүлээлттэй холбоотой байв. Экспорт, технологийн хувьцаа өсөлтийг дэмжжээ. Харин Өмнөд Солонгосын KOSPI индекс 0.09%-иар өссөн ч, АНУ-ын тариф болон чипийн салбарын хүлээлт сул байсан нь өсөлтийг хязгаарлав. Бүс нутгийн зах зээлүүд худалдааны хэлэлцээр, санхүүгийн тайлан, төв банкны шийдвэрт мэдрэг хэвээр байна.

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate