Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 74 хувьтай байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж байгаа нутагт малын хулгайн гэмт хэрэг гарах, нийгмийн хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагын болон аймгуудын дарга нарт даалгалаа. Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Отроор очсон малчдыг нутаг орноосоо буцаахгүй, татвар, хураамж авахгүй байх, бэлчээрээ ашиглуулах, тухайн бэлчээрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор чөлөөлөхөөр зохицуулах юм. Аймаг, нийслэл, сум, дүүргүүд аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тухайлбал Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймаг, нийслэл хот 50-иас дээш хувьтай. Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сүхбаатар аймаг нөөцөө бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн малчид өөрсдөө хэрэгцээт өвс, тэжээлээ 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд аймгийн малчдынх 50 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь дээрх аймагт зуншлага тааруу байсантай холбоотой юм. Говь-Алтай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 15, Өвөрхангай аймгийн тав, Дундговь аймгийн хоёр, Өмнөговь аймгийн тав, нийт 31 сум зуншлага муу байлаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай аймгийн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутагт эрсдэл их гэж гарчээ.
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана
Төрийн зарим байгууллагын судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. Японы эрдэмтэд болон нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдэд хэлж байсан юм. Иймээс үүнд биечлэн хяналт тавьж байхаар болжээ. Суурь судалгаа хийх, татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Товч мэдээ
– Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлав. Эрсдэлийн үнэлгээний ангилал, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх зорилго, үнэлгээ хийлгэх, хийх талын бүрэн эрх, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үнэлгээ хийх гамшгийн төрлийн тоо зэргийг нэмсэн байна.
– 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан цахим хэлбэрээр болно. Хурлаар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөгжлийн албан ёсны тусламжид үргэлжлүүлэн хамрагдах, боловсрол, соёл, шинжлэх ухааны тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан, судлаач, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэх, Европын Холбоонд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах зэрэг чиглэлээр санал солилцоно.
– 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр болох Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагааны хамтарсан хорооны долоодугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хурлаар улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх талаар хэлэлцэнэ.
– 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хурал болно. Хурлаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал 2021 оныг “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгох, “Монгол, Оросын санаачилга-2021” цуврал арга хэмжээ зохиох, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ярилцана.
– “Баргилтех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагнал олгохоор болов.