Говь-Алтай Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдлоо
Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 километр хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээж, ашиглалтад хүлээж авлаа. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрбээр: 2016-2020 онд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн 95 сум, 5 хилийн боомтыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбожээ. Өнөөдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг хүлээж авснаар 21 аймгаа нийслэлтэйгээ хатуу хучилттай авто замаар холбож чадлаа. 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн Мянганы замын төслийн хэвтээ тэнхлэгийн авто зам гүйцлээ. Энэ зам ашиглалтад орсноор нийгэм, эдийн засгийн олон сайн үзүүлэлт, үр өгөөжийг дагуулах юм. Иргэд, зорчигдын аюулгүй байдал, ая тухтай байдлыг хангаж, техник, эдийн засгийн хувьд хэмнэлт авч ирэх нь гарцаагүй. Үндэсний компани түүний инженер, техникийн ажилчид өөрийн хүчээр бие даан жил хүрэхгүй хугацаанд чанар стандартад нийцсэн хатуу хучилттай авто замыг концессын гэрээгээр хийлээ. Үндэсний бүтээн байгуулагч Макс рөүд ХХК, хяналт тавьж, зөвлөн тусалж ажилласан Аварга зам ХХК-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэсэн юм.
Тус А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд концессын Барих-Шилжүүлэх гэрээний дагуу барьж ашиглалтад оруулж байна. Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Засгийн газрын 2015 оны 87-р тогтоолын дагуу Эрчим хүчний барилга угсралтын тресст ХХК барилгын ажлыг эхлүүлжээ. Зарим шалтгааны улмаас барилга угсралтын ажил түр зогсож 2018 оны хавраас үргэлжлэн тус онд 6,9 хувийн гүйцэтгэл хийсэн бол, 2019 онд холбогдох этгээдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцож, концесс эзэмшигчийн эрх, үүргийг Макс рөүд ХХК-д шилжүүлжээ. Ингэснээр барилга угсралтын гүйцэтгэлийг эрчимжүүлж, Аварга зам ХХК зөвлөхөөр ажиллаж, нийт ажлын 45 хувь буюу эхний 30 километр авто замыг мөн ондоо ашиглалтад оруулсан бол үлдсэн хэсгийг ийнхүү энэ онд багтаан барьж дуусгалаа. Зам барилгын ажилд 800 гаруй хүн хүч, 400 гаруй машин механизм, чулуу бутлуур, холигч, асфальт бетон завод зэрэг 10 үйлдвэр 11 сарын хугацаанд ажилласан байна.
Баянхонгор-Алтай чиглэлийн энэхүү хатуу хучилттай авто зам баригдсанаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагч, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Тодруулбал баруун чиглэлд зорчиж буй иргэдийн техникийн шатахуун зарцуулалтыг 30-40 хувь, цаг хугацааг хоёр дахин хэмнэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.