11 сар 15, 2024

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдав…

2022.02.28. Монгол улс. Улаанбаатар хот. Сангийн яам. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн энэ оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал энэ өдөр зохион байгуулагдлаа. Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тус хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний саналыг Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар танилцуулав. Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэлтэй уялдуулан макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд холбогдох бодлого, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар тогтов.