12 сар 26, 2024

Ногоон хэрэм ба тэрбум мод…

-Ойн нөөц багатай улсын тоонд багтаж байна-

Дэлхийн жишгээр нийт газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой эзэлж байвал модны нөөц багатай улсын тоонд ордог. Манай улс 1 сая 500 мянган квадрат метр бүхий газар нутагтай. 1990 оны эхээр манай улсын нийт газар нутгийн 15 хувийг ойн мод эзэлж, 1,8 тэрбум шоо метр модны нөөцтэй гэгдэж байлаа. Гэтэл 20 хүрэхгүй жилийн хугацаанд нийт газар нутгийн 8.1 хувийг ойн мод эзэлж, 2007 онд хийсэн судалгаагаар манай улс 1,3 тэрбум шоо метр модны нөөцтэй гэсэн судалгаа гарчээ. Энэ цагаас хойш манай улс ойн нөөц багатай орны тоонд багтах болсон юм. Нийт ойн нөөцийн дийлэнхийг буюу 72 хувийг шинэсэн ой эзэлдэг. Харин 11 хувийг хуш, 6 хувийг нарсан ой, үлдсэн хувийг хус, улиас, улиангар зэрэг 30 гаруй төрлийн мод, сөөг, бут эзэлдэг юм. Эдгээр нь Хэнтий, Хангай, Хөвсгөл, Алтай, Хан хөхийн нуруугаар тархаж ургасан байдаг онцлогтой. Эдгээр бүс нутагт ойн нөөц багасч байгааг холбогдох мэргэжилтнүүд хортон шавьж ихэсч, мод огтлолт нэмэгдэж, ой хээрийн түймэр гарах болсонтой холбон тайлбарладаг. Судалгаанаас харахад, иргэд жилд 700 мянган шоо метр мод хууль бусаар огтолдог бол, түлшний хэрэгцээнд зориулж 600 мянган шоо метр мод албан ёсоор бэлтгэдэг байна. Модны нөөц багасч байгаагийн нэг шалтгаан бол ой хээрийн түймэр юм.  Ой хээрийн түймрийн улмаас жилд 1 сая орчим га талбай бүхий мод устаж үгүй болдог байх юм. Энд нэг жишээ дурдахад, 2007 онд манай улсад нийт 298 орчим ой хээрийн түймэр гарсан бол, 2008 онд 170 гаруй түймэр гарсан байгаа юм. Хур тунадас бага орж, хөрс ихээхэн хуурайшсанаас болж хаврын улиралд ой хээрийн түймэр ийнхүү гарах нь элбэг. Модны нөөц багасч байгаагийн бас нэг шалтгаан нь манай улсад цөлжилт эрчимтэй явагдаж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаатай холбоотой. Энэ мэт байгалийн давагдашгүй хүчин зүйл болон хүний буруутай үйлдлээс болж ойн модны нөөц багасч байгаатай хэн хүнгүй санал нэгдэх нь ойлгомжтой.

-Цөлжилтийн эсрэг ногоон хэрэм төсөл хэрэгжүүлэв-

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, ойн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд нөхөн сэргээлт хийх нь хамгийн чухал. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа ирснийг тэр үеийн Байгаль орчны яамны Ойн хэрэг эрхлэх газрын дарга Ыханбай: Сүүлийн үед модны нөөц багасч байгаа тул ойг хамгалаах ажлыг чанарын шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна. Тухайлбал, ойн нөхөн сэргээх ажлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ойролцоогоор 2008 онд 10 мянган га газрыг нөхөн сэргээх юм. Мөн Ногоон хэрэм хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 300-500 га газарт мод тарьж, ногоон хэрэмний зурвас байгуулахаар ажиллаж байна. Эдгээр ажлыг хэрэгжүүлсний дараа ойжуулалт болон ногоон хэрэмний хэмжээг одоогийнхоос зохих хэмжээгээр нэмэгдүүлж, хөрөнгө санхүүг нь хүртэл нэмэгдүүлэх юм. Үүний хажуугаар ойг эзэнтэй болгох асуудал яригдаж байна. Ойн тухай хууль 2007 онд батлагдан гарсан. Хуульд ойг нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшүүлэх талаар нарийн тодорхой тусгаж өгсөн байгаа. Одоогоор улсын хэмжээнд 400 гаруй нөхөрлөл албан ёсоор байгуулагдаад, ой эзэмших ажлын эхлэл тавигдаад байна. Цаашид энэ ажлуудыг нэмэгдүүлж, 2015 он гэхэд нийт газар нутгйн 30 хувь, 2020 онд 50 орчим хувийг нөхөрлөлд эзэмшүүлэх ийм зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр ой тодорхой хэмжээгээр эзэнтэй болж, хараа хяналт нэмэгдэх юм. Нөгөө талаар ойн мэргэжлийн байгууллагуудын бүтцийг бий болгож байгаа. Тухайлбал, УИХ-ын шийдвэрээр, Засгийн газрын тогтоолоор саяхан Ойн агентлаг байгуулаад байна. Удахгүй аймаг, орон нутгуудад ойн аж ахуй, бүх сумуудад ойн анги байгуулна. Тэдгээр нь нөхөрлөлүүдтэй хамтарч ойг мэргэжлийн зүгээс хамгаалах ажлыг зохион байгуулах юм хэмээн 2008 онд хуучилж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ.

-Ногоон хэрэм төслийг гуравдугаар шатыг хэрэгжүүлнэ-

2021-09-10. Төрийн ордон.Ногоон хэрэм хөтөлбөр 2005 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөр 30 жилийн хугацаатайгаар арав арван жилээр үе шаттайгаар хэрэгжиж буй юм. Цөлжилтийг зогсоож ойн нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 30 жилийн хугацаанд 200 мянган га газарт 400-600 метр өргөнтэй зурвас байгуулахаар төлөвлөсөн байдаг. Төлөвлөгөө ёсоор үүний 20 хувь нь 2005-2015 оны хооронд хийгдсэн байгаа юм. Манай улс жилд 700 мянган шоо метр мод хууль бусаар ойгоос огтолдог бол, албан ёсоор түлшний хэрэгцээнд зориулж 600 мянган шоо метр мод бэлтгэдэг байна. Тиймээс ойн модны нөөцийг нэмэгдүүлэх үүднээс Ногоон хэрэм хөтөлбөр хэрэгжүүлж, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй мод бэлтгэхийг зогсоож, гаднын улсуудаас мод импортлон авч, дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьж ажиллаж ирсэн билээ. Тэгвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй 2021.09.10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийх үеэр энэ асуудал яригдав. Тодруулбал, дээд түвшний уулзалтаар талууд шар шороон шуурганы хохирлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ойн нөхөн сэргээлт, Зүүн хойд азийн улс орнууд хооронд олон улсын ойн хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдэв. Үүнтэй холбогдуулан Монгол, Солонгосын ногоон хэрэм төслийн 2 дугаар шатны ажил амжилттай хэрэгжсэнийг дүгнэж, 3 дугаар шатны төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаар тогтсон байна. 

У.Хүрэлсүх: Цөлжилтийг сааруулж мод тарина…

2021.09.22. Нэгдсэн Үндэстний Байгууллага.Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ 1 тэрбум мод тарих тухай мэдэгдсэн юм. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна. Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм. Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв. Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Монголчуудын бүтээсэн Нүүдлийн соёл иргэншлийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн юм. 

-2030 он хүртэл 1 тэрбум мод тарина-

2021-09-30. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ийн индэр дээр хэлсэн үг түүнийг эх орондоо ирсэн даруй ажил хэрэг болов. Тухайлбал, тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй энэ өдөр төрийн ордонд уулзалт хийсэн юм. Тэрбээр мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж үздэгээ хэллээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, Эрдэнэс Тавантолгой хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна. Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзлалтад оролцогсод хэллээ. Тэд юуны өмнө мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөсөн юм.

-1 тэрбум мод тарих талаар судлаачид юу зөвлөв-

Ой судлалын ухааны доктор Н.Батхүү: Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай.

Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал: Ойн зурвас, төглийг түшиглэн төрөл бүрийн жимс, жимсгэнэ тариалах хэрэгтэй. Товчхондоо нэг тэрбум модны 10 хувь нь жимс, жимсгэний мод, бут байгаасай гэж хүсэж байна. Хөрсөө сайжруулах бордоо үйлдвэрлэх, суулгацаа дотооддоо бэлтгэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих хэрэгтэй.

ШУТИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, My club-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарам: Санаачилгыг дэмжиж байна. УИХ тогтоол гаргаж хуульчлах хэрэгтэй. Мэргэжлийн сайн дурын ажилтан бэлтгэж, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх нь үр дүнтэй.

Соёолж компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн: Ойн тухай хуулийг шинэчилж, Хот суурин газрын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна. Энэ хуулийн төсөлд дүүрэг бүр 5 га-гаас доошгүй талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй байх, усалгаа үнэ төлбөргүй зэрэг олон чухал заалт байгаа. Мод үржүүлгийн газруудыг сайн дэмжих хэрэгтэй.

Цэцэрлэгжилт компанийн захирал Ө.Магсаржав: Татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт анхаарах нь зүйтэй. Цэргийн алба хаагчдыг дайчлах нь зөв гэж бодож байна. Мод тарьж ургуулахтай холбоотой сургалтыг маш сайн хийх ёстой.

МУИС-ийн багш Б.Оюунсанаа: Амаргүй зорилт. Гэхдээ үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүн, тоног төхөөрөмж бүхий бүсчилсэн ойн анги байгуулж, түүнийг түшиглэн жижиг аж ахуйн нэгжүүд ажилладаг байвал зүгээр. Удирдлага, зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэй.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг: Энэ хөдөлгөөнд 170 гаруй мянган малчин өрх идэвхтэй оролцох ёстой гэж бодож байна. Цөлжилт, бэлчээрийн доройтлоос болж нэг өрх гэхэд л жилд хоёр сая төгрөгийн орлогоо алддаг тооцоо бий.

Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга: Манай их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид хамтраад хоёр дэд хөтөлбөр боловсруулж өгье. Ойн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа тэтгэлгээ түлхүү олгоё. 100 мянган ширхэг үрслэгээ бэлэн байна гэжээ.

-Хуучнаа бүү давтаасай-

Хуучин нийгмийн үед хотын нэг хүнд 8,8 ам.метр цэцэрлэгжүүлсэн талбай ногдож байсан гэх судалгаа бий. Тэгвэл 2009.05.26-ны өдөр Захирагчийн ажлын албаны Хот тохижуулалтын хэлтсийн дарга Чимид: Нийслэлийн нэг хүнд 6.3 ам.метр ногоон байгууламж ногдож байгаа. Хотын хүн ам 1 сая даваад байна. Энэ үед нэг хүнд 6.3 ам. метр ногоон байгууламж ногдож байгаа нь чамлахаар тоо биш гэж хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хотын ногоон байгууламж хуучин нийгмийн үетэй харьцуулахад нэг их дордоогүй гэж хэлж байсан удаатай6 Өөрөөр хэлбэл, хотын ногоон байгууламж хуучин нийгмийн үед байснаасаа нэг их дордоогүй гэж хэдэн жилий өмнө хэлж байсан юм. Гэвч үүнтэй санал нийлэх хүн цөөн байв. Хотын иргэн Энхзаяа: Биднийг бага байхад байсан ногоон байгууламж өнөөдөр байхгүй болсон тухай хэлж байв. Энэ мэтчилэн хотын ногоон байгууламж иргэдийн сэтгэлд хүрэхгүй байгаа тухай хүн бүр хэлж, ярьж байна. Иргэдийн шүүмжлэл үүгээр зогссонгүй. Жил бүр тарьдаг ч ургадаггүй мод, бут, сөөгний тухай тэд сэтгэл дундуур явдагаа хэлж байсан юм. Тиймээс нэг тэрбум мод тарих санаачилгыг хүн хүнгүй дэмжиж хүлээн авч байна. Гэхдээ өмнөхөө давтахгүй байх нь чухал. Нэг хэсэг иргэд ойгоос мод огтолж түлдэг байсан. Сүүлийн жилүүдэд ойгоос мод тайрч түлэх нь энүүхэнд болж, бүр хотын өнгө үзэмжийг чимдэг ногоон байгууламжаа огтолж түлэх дээрээ тулж байв. Үүнээс үүдээд хотын хаа сайгүй модны нүх үлдэх нь холгүй юм болж байсан нь нууц биш. Энэ нүхийг таглах гэсэндээ юу, эсвэл хотоо сайхан болгох гэсэндээ юу, холбогдох албаны хүмүүс жил жилийн хавар мод тарьдаг уламжлал тогтсон нь сайн хэрэг. Тухайлбал, Захирагчийн ажлын албаныхан 2009 онд тэрбум төгрөгөөр мод тарих ажлыг эхлүүлж байсан юм. Үүнийг хийхээр хэд хэдэн компани гэрээ байгуулсан ч, тэд үрсэлгээ хийж мод тарихгүй. Ойгоос мод оруулж тарих хүсэлтээ тухайн үед Ойн газарт ирүүлсэн нь албаныханы эгдүүцлийг төрүүлээд амжсан юм. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум төгрөг зарлагдаж байж ойгоос мод оруулж тарих дээрээ тулсан юм. Харин ургах эсэх нь эргэлзээтэй байлаа. Тухайлбал, тэр үеийн Ойн газрын Ойжуулалтын бодлогын хэлтсийн дарга Дашдаваа: Ойгоос оруулж тарьсан мод ургадаггүй болохыг хэлж байсан юм. Харин тэр үеийн Ойн газрын дарга Тунгалаг: Ойгоос мод оруулж тарьдаг. Түүгээрээ хотоо гоёдог нь зохисгүй үйлдэл болохыг хэлж байлаа. Харин тэр үеийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи уул, уурхайн хяналтын хэлтсийн дарга Нямдаваа: Мод тарьж болно. Мод тарих нь иргэн бүрийн үүрэг. Гагцхүү мэргэжлийн байгууллагуудаар мод тариулах хэрэгтэй. Ингэхдээ, уулнаас оруулж ирсэн зулзган мод тарих бус. Хүлэмжинд, эсвэл тусгай байгууллагуудын үрслүүлсэн модыг авч тарих хэрэгтэйг зөвлөж байсан юм. Харин иргэд, аж ахуйн нэгжүүд үүнийг үл оошоон, уулнаас оруулж ирсэн мод тарьсаар ирсэн. Тодруулбал, хэдэн жилийн өмнө энэ тэндгүй мод, бут, сөөгний үзэсгэлэн худалдаа зохиогдож, тэнд уулнаас оруулж ирсэн мод, бут, сөөг худалдаалж байсантай таарч явлаа. Тухайлбал, Соёолж компанийн худалдагч тусгай зөвшөөрөлтэйгээр мод уулнаас оруулж ирж зарж буйгаа тухайн үед учирлаж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Харин тэр үеийн Ойн хэрэг эрхлэх газрын дарга Тунгалаг: Соёолж компани зөвшөөрөлгүйгээр ойгоос мод оруулж худалдаалж байсан тухай хуучилж байсан юм. Тухайн үед мод, бут, сөөг ойгоос оруулж худалдаалах зөвшөөрлийг Ойн газар олгодог байсан тул тус байгууллага ийм тайлбар хийсэн хэрэг. Иргэд ч ойгоос мод оруулж тарихыг буруушааж байв. Тиймээс хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн тулд өөр гарц хайх шаардлага хэдэн жилийн өмнөөс тавигдаж эхэлсэн. Хамгийн оновчтой алхам нь үрслүүлсэн мод тарих явдал байлаа. Үүнээс өөр гарц гэж үгүй. Учир нь өнгөрсөн хугацаанд өчнөөн тэрбум төгрөг зарлагдаж, ойгоос мод оруулж тарьсан ч, ургасан цөөн гэдэг. Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнө болсон жишээ юм. Монгол Улсын төрийн тэргүүн 1 тэрбум мод тарих санаачилга гаргаад байна. Ямар ч байсан эцсийн шийдэр гарахаар энэ ажил хэзээ мөдгүй хэрэгжээд явах нь гарцаагүй. Гагцхүү аж ахуйн нэгжүүд өмнөх шигээ үйлдэл бүү гаргаасай билээ.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар цөлжилт, экосистемийн доройтлыг хэлэлцэв-

2021-09-30. Төрийн ордон. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзсаны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав. Хуралдаанаар хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тодруулбал, экосистемийн доройтол, цөлжилт, түүнийг сааруулах арга зам, шийдлийн талаар хэлэлцлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж заасан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол орны хэмжээнд экосистемийн доройтол, цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх цаг ирсэн гэдгийг хэлж, энэ чиглэлээр гаргасан тодорхой санаачилга буюу тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгсөн байна. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгчийн зарлиг гарах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгджээ.

-Засгийн газарт чиглэл өгөв- 

2021-10-04. Төрийн ордон. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж Засгийн газарт хүргүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг гаргажээ.

Нэг. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгосугай:

1.1. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэх, Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх;

1.2. Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах;

1.3. Ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлаг болон төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан засаглал, үр нөлөөтэй удирдлагын тогтолцоо бүхий ойн аж ахуйн нэгжийг байгуулж, санхүүгийн зохистой механизмыг бүрдүүлэх;

1.4. Цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах зорилгоор агро-ойг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэн, аж ахуйн нэгжид татварын болон татварын бус бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, халамжаас-хөдөлмөрт шилжих цогц бодлоготой мод тарьж ургуулах бүх нийтийн үйлсийг уялдуулах;

1.5. Иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх болон гадаад улсаас Монгол Улсад ирж буй хүн бүр монгол оронд мод тарих санаачилгыг өрнүүлэх;

1.6. Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох;

1.7. Мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, ялангуяа гадаргын усыг говийн бүс нутаг руу шилжүүлэх, хөв цөөрөм байгуулах, усалгааны хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээний төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлж, зохион байгуулах арга хэмжээ авах;

1.8. Байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан бие даасан салбар болгон хөгжүүлэх;

1.9. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах монгол зан заншлыг дээдлэх, экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр сургалт, соён гэгээрүүлэх хөтөлбөрөөр хэрэгжүүлэх.

Хоёр. Энэ зарлигийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсугай.

Гурав. Энэ зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон Засгийн газраас гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-д үүрэг болгосугай гэжээ.

У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсэж байна

2021-10-04. Улаанаатар. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ногоон хэрэм төслийн талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байна. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хүн бүр, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарьж ургуулдаг, байгаль хамгаалагч байх ёстойг тэмдэглэв. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөв бодлого, төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчээ бэлтгэх, үрслэгээ, бордоо, хүлэмжийн болон ойн аж ахуй байгуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, усан хангамж зэргийг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлэв. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломжтой. Үүнийг даган олон ажлын байр бий болж, энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна, халамжийн бодлогыг мод тарьж ургуулахтай холбоно гэлээ. Мөн байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд сэтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа иргэдэд төрийн дээд одон, медаль, шагналыг түлхүү олгож байхаар төлөвлөснөө хэлэв. Тэрбээр Тэрбум мод санаачилгыг талархан хүлээн авч, хамтран ажиллаж эхэлсэн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Дүүрэг бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулахын зэрэгцээ нэг хүнд ногдох 5.6 м2 ногоон байгууламжийн хэмжээг ойрын жилүүдэд 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьснаа хэлэв. Ойчдын төлөөлөл эхний ээлжинд 200 мянган модны тарьц, суулгац хандивлаж байгааг академич, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ч.Дугаржав хэллээ. Тэрбээр ирэх 10 жилд гэр бүлийнхээ хамт Шилийн богд ууланд 50 мянган шилмүүст мод тарьж ургуулахаа амлаж, үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн гэр бүлээрээ мод тарьдаг өдөртэй байх санаачилга гаргав.

-Сангийн яам тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ-

2021-10-04. Улаанбаатар. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн билээ. Мөн ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулж, ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулан, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Нээлтийн эхний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг 30 орчим байгууллагын ажилтан, албан хаагчид нийслэлийн дөрвөн дүүргийн сонгосон байршилд мод тарьжээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Сангийн яам, салбарын байгууллагууд дэмжиж Сонгино-хайрхан дүүргийн 24-р хороо Бумбатын булаг орчимд мод тарьжээ. Энэ жил Сангийн яам үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан сангийн яамны хамт олон 110 мод суулгалаа. Зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа арчилгааг тогтмол хийж ургуулах юм байна. Мөн Дархан-Уул аймаг 11 жилийн хугацаанд 20 сая, Баянхонгор аймаг 10 жилд 10 сая, Говь-Алтай аймаг 10 жилд 108 сая мод тарьж, ургуулах аянаа албан ёсоор эхэлжээ.

-Монголбанк тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ-

2021-10-06. Улаанбаатар хот. Монголбанк Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж, энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанд байрлах Бумбатын булагийн орчимд 100 гаруй мод суулгалаа. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Дэлхийд учирч буй том эрсдэл, сорилт бол уур амьсгалын өөрчлөлт. Үүний эсрэг улс орон бүрд олон санал, санаачилга гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах үндэсний хөдөлгөөн санаачилсныг иргэн бүр талархан хүлээн авч байна. Бид санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч Монгол Улсаа ногоон болгохын төлөө өөрсдийн хувь нэмэр, хүч, сэтгэлээ зориулахад бэлэн байна. Ирэх оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд ногоон эдийн засгийн чиглэлээр зорилт орсон бөгөөд Монголын банкны холбоон дээр тогтвортой, ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг эхлүүлээд явж байгаа нь үүнтэй уялдаж байгаа юм гэдгийг тодотгожээ. Сүүлийн жилүүдэд давтамж нь тогтмол нэмэгдэж буй байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж буй хүчин зүйл юм. Манай орны хувьд жилийн дундаж агаарын хэм сүүлийн 80 жилд 2.25°С-ээр дулаарсан нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт болж байна. Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бол, нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд ороод байгаа учраас Монголбанк ийнхүү тэрбум мод санаачилгад дэмжиж, мод тарьж буй нь энэ юм. Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд анхаарлаа хандуулж, УИХ-д өргөн бариад буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг судалж, бүсийн болон олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, санаачилгатай уялдсан тогтвортой санхүүжилтийн бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхээр тусгаад байна.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа-

2021-10-06. Улаанбаатар. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа. Эхлээд Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд байгаль орчныг хамгаалах холбооны ойжуулалтын туршилтын талбайд очсон юм. Баянзүрх уул 1989 он хүртэл шинэс мод бүхий ойтой байсан ч хууль бус мод бэлтгэл, Сибирийн хүр хорхойн нүүдэл зэргээс болж 420 га газрын ой бүрмөсөн үгүй болсон байна. Иймээс энд 5.32 га талбайд 1080 шинэс, 8440 хайлаас тарих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Нарны эрчим хүч ашиглан модоо дуслын системээр, гар утаснаасаа удирдан усалж байгаа туршлагыг бусад аймаг, дүүрэг, суманд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм байна. Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд төрийн бус байгууллагын тэргүүн Д.Эрдэнэчулуун: Цаашид  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран нэг сая мод тарьж, амралт, зугаалгын бүс болгохоор төлөвлөснөө танилцууллаа. Ерөнхийлөгч мөн Туул голын дагуу нэг га талбайд төрөл бүрийн мод, дөрвөн га-д эмийн ургамал тарьж байгаа Буянт үйлстэн төрийн бус байгууллагын тэргүүн Г.Наранчимэгтэй уулзлаа. Тэрбээр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хүн бүх хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэгээ хэллээ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг талбайдаа ирж мод тарьж байхыг урьлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах Төгөл компанийн мод үржүүлгийн газарт очлоо. Энэ компани 50 га талбайд 20 гаруй төрлийн жимсний, гоёлын болон анхилам үнэртэй бут, сөөг, зүлэгний үр зэргийг тарьж, худалдахаас гадна бортгонд өсгөсөн том модыг суулгах үйлчилгээ үзүүлдэг байна. Жилд шинэсний 300-340 мянга, навчит модны 120-140 мянган тарьц үржүүлдэг. Жимсний модыг гэхэд ногоон мөчрөөр үржүүлж, 2-3 настай болгосны дараа шилжүүлэн суулгахад амьдрах чадвар дээд зэрэг байдгийг компанийн ойн инженер С.Дашдаваа хэллээ. Мөн бортгонд суулгаж хоёр метр гаруй болтол нь өсгөсөн модыг бортогтой нь шууд шилжүүлэн суулгадаг байна. Цаашид үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шугамаар зээлд хамруулах, техник, тоног төхөөрөмж, бусад шаардлагатай бодисоор хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн хүрээнд байгуулж байгаа Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 40 га талбай дахь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Энд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим автомашины зогсоол байгуулж, 80 гаруй нэр төрлийн мод, ургамал тарьж ургуулжээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр дор бүрнээ идэвх, санаачилга гаргаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Тэрбээр Уулнаас мод авчирч суулгах биш, харин үрслүүлж, арчилж тордож, ургуулах ёстой. Уул уурхайн томоохон аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, аймгууд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн. 900 мянга гаруй өрх боломжийнхоо хэрээр үрслэгээ хийж хавар, намартаа мод тарьж, ургуулдаг байхын төлөө хичээх цаг ирлээ. Төр, хувийн хэвшил, иргэд хамтдаа зүтгэж байж өмнөө тавьсан зорилтынхоо ард гарна. Ирэх сард ойчдын Их хурал хийнэ. Ирэх өвөл бэлтгэлээ сайтар хангана гэж хэллээ.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе,
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Дашрамд дурдахад, нэг тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хотын гоёл чимэглэлд нийслэлийн өнгө төрхийг чимэх анхилам үнэртэй, өнгө алаглсан сакура мэтийн мод, бут, сөөг тарьвал зохимжтой. Харин байрны хороолол дунд хүний эрүүл мэндэд ашиг тустай эмийн ургамалын төрлийн бут, сөөг, мод зохимжтой. Нийслэлийн гадна болон аймаг орон нутагт жимсний мод тарьж, түүнийгээ эргээд ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь оновчтой гэж үзэх хүмүүс байгаа юм.

-Дипломатууд мод тарив-

2010-10-10. Улаанбаатар. Энэ өдөр Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон тамирчид Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.

2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, Нийслэлийн Түргэн тусламжийн газар, Токио-2020 олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.

Мөн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв. Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов: Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. Энэ талаар дараа нь нарийвчлан ярилцах байх гэж бодож байна. 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй: Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс тэрбум мод тарьж ургуулах тухай зарласныг бид өндөр үнэлж байна. Эх дэлхий, Монгол Улсын ирээдүй, хойч үеийн төлөө ийм санаачилга гаргасан гэж ойлгосон. Хоёр улсын төрийн тэргүүн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар  тохиролцсон байгаа.

ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон: Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар олон хүндрэл учирч байна. Ирэх сард Глазгоу хотод болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдвийн нэг нь ойн салбар юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тэрбум мод тарих санаачилга цагаа олсон гэж үзэж байна.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский: Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ямар ч санаачилгыг Бүгд Найрамдах Чех Улс дэмжинэ. Би хувьдаа энэ санаачилгыг талархан хүлээж авлаа. Манай хоёр улс байгаль орчин, ялангуяа ойн салбарын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ санаачилга зөвхөн мод тарих биш, байгаль орчныг хамгаалах тухай юм. Өнөөдөр бусад улсын Элчин сайдтай хамт мод тарьсандаа баяртай байна.

БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жулиен Пауперт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга бол маш сайхан санаа. Би Монголд ирээд тавхан долоо хонож байна. Монгол Улс маш үзэсгэлэнтэй, гэхдээ ой мод багатай юм байна. Мод таривал улам үзэсгэлэнтэй болно. Би анх удаа мод тарилаа. Тарьсан модоо эргэж тойрч байх болно оо.

Дэлхийн банк групп /ДБГ/-ын Суурин төлөөлөгч Андрей Михнев: Мод тарих санаачилгад хүн бүр оролцож байна. Өргөн хүрээгээр нь авч үзвэл дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд оруулж буй хувь нэмэр. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад маш олон сорилт тулгарч байгаа учир илүү их чармайх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж байгаад баяртай байна гэсэн юм.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд 300 гаруй байгууллага, аж ахуйн нэгж мод тариад байна.