11 сар 17, 2024

Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр болж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 67.69 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол Төрийн ордны Их Монгол танхимд 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр 11:40 цагт эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг дээдлэн дуудав. Үүний дараа шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангаргийн бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад гардууллаа. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адис аваад ширээндээ залав. Үүний дараа иргэд, сонгогчдыг төлөөлж, БНМАУ, ЗХУ-ын баатар, Чингис хаан одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэн үг хэлж, хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барилаа. Ийнхүү бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Тангараг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн Ёслол, Хүндэтгэлийн Их танхимд хүрэлцэн ирж, Төрийн их цагаан туганд хүндэтгэн ёслов гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.