10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
10 сар 25, 2026

Мэдээ: Монгол, Беларусийн харилцаа

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026.10.25. Беларусь. Минск. Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм. Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан. Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн. Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан. Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026.10.25. Беларусь. Минск. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиход тус улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийнэ. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Монгол, Беларусийн хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026.10.24. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана. Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна. Монгол Улс, Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Беларусийн ерөнхийлөгчийн мэндчилгээ

2026.07.14. Монгол улс. Улаанбаатар хот. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. “Танд Үндэсний баяр наадмын мэндчилгээг чин сэтгэлээсээ дэвшүүлж байна. Танай улсын түүхээс улбаатай энэ наадам нь Монгол орны давтагдашгүй байдал, соёлын өвөрмөц онцлог болон ард түмний шавхагдашгүй их эрч хүчийг тодоор харуулдаг. Наадмын бахархал нь түүхийн сурах бичгийн хуудсанд бус, харин монгол бөхийн сэтгэл зүрх, харваачдын нум сум, тал нутгаар давхих бяцхан хүлэгч бүрийн дотор оршдог. Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монголын мөнх хөх тэнгэр үргэлж цэлмэг байх болтугай” гэжээ.

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026.06.05. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орда Михаил Сергеевич Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд  хамтрах боломжийн талаар санал солилцлоо. Элчин сайд Орда Михаил Сергеевич харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд манай улсад төрийн айлчлал хийсэн. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” байгуулсан юм. Үүнээс гадна талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй юм гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026.01.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад анх удаа  төрийн айлчлал хийсэн нь онцгой үр дүнтэй болсныг Ерөнхийлөгч онцоллоо. Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэлээ. Ерөнхийлөгч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,  ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Элчин сайд Д.Н.Гореликийг “Найрамдал” медалиар шагналаа. Д.Н.Горелик 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.

Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ

2025.07.15. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэндчилгээ ирүүллээ.  МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү уламжлалт баяр нь Монголын соёлын мөн чанарыг илэрхийлж, түүхийн өв соёлоо дээдэлж буй үндэстний хүч чадал, тэсвэр хатуужлыг илтгэн харуулдаг билээ. Манай улс Монгол Улстай өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлж, ард түмэн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийг зорьж байгааг баталж байна. Мөнх хөх тэнгэрийн орон, танай үзэсгэлэнт улсад зочилсноо халуун дотноор эргэн санаж, Таныг тааламжтай цагтаа Беларусь Улсад айлчлах урилгаа дахин нотолж байна. Эрхэмсэг ноён Танд болон Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа

2024.06.04. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар мэдээлэл хийлээ

2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар  мэдээлэл өглөө. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш беларусийн талаас төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлалын үеэр уламжлалт, найрсаг харилцааг бататгаж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа Ерөнхийлөгч нар илэрхийлэв. Талууд эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо. Төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататган, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чиглэсэн, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны замын зураглал, хэлэлцээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, оюуны өмч зэрэг салбарт хамтрах тухай баримт бичгүүд, бизнес форум нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлын мөрөөр хоёр орны Засгийн газар, холбогдох байгууллагууд идэвх, санаачилгатай ажиллаж, бодит үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ. Монгол Улс нь Бүгд Найрамдах Беларусь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг 1991 онд хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг байсныг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов. Мөн Беларусийн мэргэжилтнүүд үйлдвэр, завод, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын барилга, байгууламж болон Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, суурин газрын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байсныг тэмдэглэв. Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсын хэрэгжүүлж буй гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг гээд, хоёр орны харилцаанд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг онцлов. Цаашид өргөн хүрээнд, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг БНБУ-д төрийн айлчлал хийхийг урилаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарна: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл, засвар, үйлчилгээний хамтарсан төв, үнээний хамтарсан ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шилмэл үүлдрийн үхрийн генийн нөөцийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Беларусийн эрдэмтэд археологи, малтлага, хээрийн судалгаанд оролцоно: Талууд боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг  эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын Шинжлэх ухааны академи хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд  беларусийн эрдэмтэд археологийн малтлага, хээрийн судалгааны ажилд оролцох боллоо. Олон монгол иргэн Беларусь Улсад суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн. Одоо тус улсын тэтгэлгээр манай 28 оюутан Беларусийн техник мэргэжлийн дунд сургууль, их дээд сургуульд суралцаж байна. Цаашид Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллана: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын нийгэмлэг, улс орон бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдэгтэй санал нэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Беларусь Улстай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол, Беларусийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурав. Тус гэрээ нь уламжлалт найрсаг харилцааны үндсийг тодорхойлох чухал баримт бичиг бөгөөд хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл болон бусад салбар дахь харилцаа өргөжин хөгжих юм. Талууд мөн доорх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНД 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Харилцаа, хамтын ажиллагааг тухайлбал, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга, уул уурхай, спорт, аялал жуулчлал, соёл, мэдээлэл зэрэг салбарт хөгжүүлнэ.

  • БОЛОВСРОЛЫН БАРИМТ БИЧИГ, ЭРДМИЙН ЗЭРГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, энэ салбар дахь харилцааг хөгжүүлэн, боловсролын чанарыг ахиулах талаар хамтран ажиллана.

  • ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, СОЛИЛЦОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ТЭЭВРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно. 

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, салбар хоорондын мэдээлэл, туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.   

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Мэдээлэл, туршлага солилцох, арга хэмжээ зохион байгуулах, мэргэжилтэн сургах, мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Оюуны өмч эзэмшигч, зохиогчид бүтээлээ гадаад зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулахад хоёр улсын мэргэжлийн байгууллага ажлаа уялдуулна.

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБА, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ,
  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ.  Эрчим хүч, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн технологи, анагаах ухаан, эм зүй, хими болон нано зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтран ажиллах боломж нээгдэж байна.

  • ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХООРОНДЫН ГЭРЭЭ

Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх  хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна. 

  • БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Замын зураглал нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэг, соёл, урлагийн харилцаа, залуу үе хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх ач холбогдолтой.

  • ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ЗАМЫН ЗУРАГЛАЛ

Хөдөө аж ахуйн салбарт өмнө байгуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангаж,  мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгажээ.

  • БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах чиглэлээр салбар хариуцсан яам хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны үндсийг тодорхойлох баримт бичиг юм. Түүнчлэн байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцох, харилцан төлөөлөгч илгээх, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Аялал жуулчлалын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маркетинг болон сурталчилгаа хийх,  хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Айлчлалын үеэр байгуулах “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа. Худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Талууд төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа

2024.06.03. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв. Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын  болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Хоёр улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ   

2024.06.01. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй энэ айлчлал Монгол Улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна. Мөн Монгол-Беларусийн бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024.05.30. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар ярилцана. Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate