Монгол, Германы харилцаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026.10.14. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана. Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно. Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно. ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм гэжээ.

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барив
2026.08.26. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Томас Графт баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглэлээ. Элчин сайд Томас Граф Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийллээ. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг шат ахиулан, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, Хамтарсан тунхаглал гаргасан. Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хууль, эрх зүй, шүүх, эрчим хүч, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, соёл, археологи зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Монгол Улс, ХБНГУ 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм гэжээ.

Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
2026.07.13. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайер Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол, Герман Улс олон жилийн туршид найрсаг, нягт ойр харилцаагаар холбогдож ирсэн билээ. Монголын их зохиолч Д.Нацагдорж болон бусад монгол оюутан Германд суралцахаар мордсон 100 жилийн ой мөн энэ онд тохиож байна. Хоёр улсын боловсролын салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан түүхэн үйл явдал нь өдгөө Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль зэрэг бодит жишээгээр үргэлжилж байна. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, аз жаргал, энх амгалан ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
2025.07.20. Монгол улс. Улаанбаатар хот. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД: Монгол Улсын Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд Германы ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол болон Герман Улсыг олон жилийн ойр дотно, итгэлцэл бүхий харилцаа холбож ирсэн билээ. Энэхүү харилцаа хэр их өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий болохыг би өнгөрсөн жил биечлэн мэдэрсэн. Манай хоёр орны соёл, боловсрол, хөгжил, мөн түүнчлэн батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Өнгөрсөн жил Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр улс стратегийн түншлэл байгуулснаар харилцаагаа шинэ шатанд гарган, ирээдүйд амжилттай хамтран ажиллах үндэс суурийг тавьсан. Манай хоёр улс өргөн хүрээ бүхий түншлэлээ цаашид улам их агуулгаар баяжуулж, шинэ сэдвүүдээр өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд сайн сайхан, аз жаргалтай, амар амгалан, ирээдүйг хүсэн ерөөе.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024.01.31. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан юм.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
2024.02.07. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
2024.02.07. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ
2024.02.07. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар оролцов.
- Монгол Улс, ХБНГУ хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал:
Хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. Гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан анхдагч улс боллоо. Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.
- Автозамаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр:
Хэлэлцээр байгуулснаар ХБНГУ төдийгүй Европын бусад улс оронтой эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа гүнзгийрэхэд чухал түлхэц болно. Монголын тээвэрчид Европын орнуудад тээвэр хийх боломж улам нэмэгдэнэ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд Ази-Европ хооронд дамжин өнгөрөх тээврийн хамгийн дөт зам учир эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна.
- “Монгол-Германы Хархорин экспедиц”, “Монгол-Германы Орхон экспедиц”-ийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх тухай Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хоорондын тохиролцоо:
Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгаа 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, Р.Херцог нарын ивээл дор эхэлсэн. 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй төслийн хүрээнд түүхэн дурсгалуудын байр зүйн зураг, малтлага хийх, олдворуудыг судлах, олон нийтэд хүргэх, үзэсгэлэн гаргах зэрэг цогц ажлыг гүйцэтгэдэг. Хамтын ажиллагааны гэрээг дахин таван жилээр сунгахаар тохиролцлоо.
- “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БШУ-ны яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь 2013 онд байгуулагдсан төрийн өмчийн их сургууль. Монгол Улсын уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбаруудын хөгжилд нэн шаардлагатай хүний нөөцийг дотоодод бэлтгэх, судалгаа, инновацыг хөгжүүлэх, нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
ХБНГУ-ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүгийн дэмжлэгтэйгээр их сургуулийн оюутны байр болон сургалт, судалгааны байр барих төсөл хэрэгжиж байгаа. Хэлэлцээрийн дагуу сургуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд зориулан ХБНГУ-аас нэмэлт дөрвөн сая еврогийн санхүүжилт олгохоор боллоо.
- “Шүүх, эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
ХБНГУ шилжилтийн эхний үеэс эхлэн эрх зүйн тогтолцоог төгөлдөршүүлэх, хууль, шүүхийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсөл хэрэгжүүлж ирсэн. Энэ дэмжлэгээ үргэлжлүүлж, шүүх байгууллагын шилжилтийн үйл явц, салбарын албан хаагчдын болон техникийн чадавхыг бэхжүүлэх талаар хууль зүйн зөвлөгөө өгөхөд зориулан санхүүгийн тусламж үзүүлнэ.
- “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БОАЖЯ, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Тусгай хамгаалалттай газар нутгуудад орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр тогтвортой менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Зөвлөх үйлчилгээ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сонгосон сэдвүүдээр сайжруулах, байгаль орчны боловсрол, харилцаа холбоог сайжруулахад чиглэнэ.
- “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих нь II төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Энэ төсөл нь аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой. Ингэснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх гол оролцогчдын чадавх, уялдаа холбоог бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэрэгслийг боловсронгуй болгоно.
- “Монгол Улсад тогтвортой эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, ХБНГУ-ын Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын хэлэлцээр:
Эрчим хүчний салбарыг шинэчлэхтэй холбогдуулан төр, хувийн хэвшлийн оролцогч талуудын чадавхыг нэмэгдүүлэх, харилцан уялдааг сайжруулах ХБНГУ-ын Засгийн газар хоёр сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо.
- “Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг илтгэн харуулсан биет үзэсгэлэнг ХБНГУ-д хамтран гаргах тухай” Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ХБНГУ-ын Пруссын Соёлын өвийн сангийн харьяа Берлин дэх үндэсний музейн нэгдлийн “Өвөг ба эртний түүхийн музей” хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг:
Төрийн тэргүүн нарын ивээл дор Монголын эртний нийслэл Хархорум, Орхоны хөндийн археологийн малтлага, судалгааны төслийн үр дүн болон бусад түүхэн сурвалжид тулгуурлан “Чингис хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхийг харуулсан биет үзэсгэлэн”-г 2026, 2027 онд Берлин, Бонн хотод хамтран гаргахаар тохиролцов. Энэ нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, түүх, соёл, уламжлалаа таниулах, европын аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно. Дээрх төслийн хүрээнд 2005 онд Бонн хотноо “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид” үзэсгэлэнг гаргаж байв.

Монгол Улс, ХБНГУ хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав
2024.02.07. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Cтратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурав. Хоёр улс 2008 оноос Иж бүрэн түншлэлийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлалын үеэр харилцааны түвшинг шат ахиулж, Стратегийн түншлэл байгууллаа.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглал
1. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийв. Төрийн айлчлалын үеэр Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол, Германы ард түмний 100 орчим жилийн нөхөрлөл, түүнчлэн 1995 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын харилцааны үндсийн тухай хамтарсан тунхаглал”, 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглал”-аар бэхэжсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ололт амжилтыг сайшаав. Талууд мөн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-той уялдсан хоёр улсын хоорондын улс төр, аюулгүй байдал, ардчилсан засаглал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, байгаль орчин, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн хамтын ажиллагаа, иргэний нийгэм, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны чухал үр дүнг мөн онцлон тэмдэглэв.
2. Талууд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үүрэг амлалт, тууштай хүчин чармайлт, бодлогыг уялдуулан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэв.
3. “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэв:
3.1 Улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлнэ; бүс нутаг болон олон улсын байгууллагын хүрээнд олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ, тухайлбал НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулах зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох эрмэлзлийг Монгол Улс тууштай дэмжинэ; үй олноор хөнөөх зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээрх хүчин чармайлтад талуудын оруулсан хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлнэ; НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хамтын хүч чармайлтаа үргэлжлүүлнэ, энэ хүрээнд батлан хамгаалах салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана,
3.2 Ардчилал, эрх зүйт ёс, ил тод байдал, сайн засаглал, ардчилсан парламентын тогтолцоо, иргэний нийгэм зэрэг үнэт зүйлийг бэхжүүлнэ; ялангуяа хоёр талын парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шүүх болон хууль эрх зүйн шинэчлэлийн төлөөх монголын талын хүчин чармайлтыг германы тал үргэлжлүүлэн дэмжинэ; иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлж, орон нутгийн түншлэл, улс төрийн сангуудын үйл ажиллагаа, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, хөгжлийн бодлогыг дэмжинэ,
3.3 “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ; тухайлбал, тогтвортой бизнес, жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлнэ,
3.4 Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ; энэ хүрээнд монгол оюутнуудыг Герман Улсад дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихийг дэмжсэн Монгол Улсын “Илгээлт 2100” санаачилга болон бусад тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр болов. Мөн Герман Улсын мэргэжлийн боловсролын сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Талууд шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг эрчимжүүлж, Герман дахь Монгол судлал, Монгол дахь Герман судлалыг үргэлжлүүлэн дэмжихээр мөн тохиролцов,
3.5 Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, энэ хүрээнд археологийн судалгаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулна, тухайлбал “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, уг хэлэлцээрээр байгуулсан “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийг тууштай дэмжинэ,
3.6 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний аюулгүй байдал, энх тайванд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тусгай хамгаалалттай газруудын тогтвортой менежментийг сайжруулахад хамтран ажиллана; эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ногоон эрчим хүчний шилжилтийн төлөөх нийтлэг зорилт болон Монгол Улсын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч болон эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нэвтрүүлнэ, чингэхдээ энэ нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн зөв шилжилт хийхэд чухал алхам болно гэдгийг харгалзаж, үүнд чиглэсэн бодлогоо сайжруулна, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээнүүд, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт байгуулсан гэрээг монголын тал бүрэн хэрэгжүүлнэ,
3.7 Усны нөөц, ойн санг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ.
4. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дээр дурдсан салбар, чиглэлүүдээр гүнзгийрүүлэхэд хоёр улсын харилцааны тогтсон механизмууд, хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоо, хувь нэмэр чухал ач холбогдолтойг талууд онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийв
2024.02.07. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийв. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төрийн айлчлалын ач холбогдлыг талууд онцолж, хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Стратегийн түншлэл”-ийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсныг зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг улам бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Талууд Засгийн газар хоорондын хэлэлцээр, эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг онцлон тэмдэглэв. Гарын үсэг зурсан баримт бичгүүдийг Энд дарж үзнэ үү. ХБНГУ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд 530 гаруй сая еврогийн дэмжлэг үзүүлсэн. 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон нь тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж ирсэн бөгөөд үүнд ХБНГУ-ын дэмжлэг, туслалцаа их байсныг тэмдэглэв. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, геополитикийн эгзэгтэй энэ үед Монгол Улс ухаалаг бодлого явуулж байгаа учир санал бодлоо солилцож байх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр онцлов. Ардчилсан, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйл нэгтэй хоёр улсын төр, засаг, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа тэмдэглэв. Мөн 3.5 сая хүн амтай улсад герман хэлээр ярьдаг 35 мянган хүн байдаг нь маш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэж, мянга мянган монгол оюутан ХБНГУ-д суралцаж байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Стратегийн түншлэлээ тууштай хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, түлш, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой бодлогыг харилцан уялдуулж, хамтран ажиллахаа зарлалаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааны дараагийн 50 жилийн хөгжлийг өөдрөгөөр харж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв
2024.02.07. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчмын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, зам тээвэр, археологи, хүмүүнлэг болон бусад салбарт өргөжиж байгааг сайшаав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг германы тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бэхжүүлэн, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Талууд олон улсын түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах талаар ярилцлаа.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө
2024.02.08. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон төрийн айлчлалын үеэр нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Германы харилцааг ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой боллоо. Төрийн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюнденбендэр нар Монгол- Германы хамтарсан 38 дугаар сургууль, 147 дугаар цэцэрлэг, “Чингис хаан” үндэсний музей, “Мөнх” ХХК болон малчин айлд зочиллоо.

Сангийн сайд Б.Жавхлан Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа
2024.01.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Сангийн сайд Б.Жавхлан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзан, хоёр улс хоорондын Техникийн хамтын ажиллагаанд хялбарчилсан журам хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс техник туслалцааны төсөл тус бүрд гааль, татварын хөнгөлөлт үзүүлэхэд заавал баримт бичиг солилцож, олон улсын гэрээ байгуулдаг байсан. Энэ нь төсөл эхлэх хугацаа болон төслийн хэрэгжилтийн явцыг удаашруулж, хугацаа их алддаг байсан. Тэгвэл өнөөдрийн уулзалтаар талууд төсөл эхлэх хугацаа болон хэрэгжилтийн явцыг түргэн шуурхай хангахын тулд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг баримталж, заавал баримт бичиг солилцохгүйгээр гааль, татварын хөнгөлөлтийг үзүүлэхээр тохиролцлоо. Мөн 2024 онд Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа
2023.10.24. Монгол улс. Улаанбаатар хот. ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа. Германы улс төрийн ууган сан болох Фрийдрих-Эберт сан Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Цаашид нийгмийн шударга ёс, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хэвлэл мэдээлэл, энх-тайван, аюулгүй байдал болон парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсад анх удаа ирсэн гэдгээ онцолж, Монгол Улс, монголчууд ирээдүйгээ гэгээлгээр харах олон шалтгаан бий гэж харж байгаагаа хэллээ. Ялангуяа, Монголын оюутан, залуустай уулзах үеэр өөдрөг, нээлттэй сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй байсныг анзаарснаа хэлж, цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэв. Фрийдрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фрийдрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг.

ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2023.08.28. Монгол улс. Улаанбаатар хот. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын чухал гуравдагч хөрш ХБНГУ-тай өрнүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэж, харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх, шат ахиулахад Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Х.Р.Кулитц 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллахаа онцлов. Элчин сайд Х.Р.Кулитц нь 1992 оноос хойш Холбооны Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаа бөгөөд Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад Улс дахь Дипломат төлөөлөгчийн газар, Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
2023.07.10. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэхийн төлөө байгааг Ерөнхийлөгч онцлов. Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Ялангуяа харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэх тохиролцоонд хүрсэн, тус улс Хөгжлийн хөтөлбөрөө сэргээсэн зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсныг онцлов. Ирэх онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Ф.В. Штайнмайер Монгол Улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Хэдийгээр цар тахлын хүнд үе байсан хэдий ч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарсныг Элчин сайд Ёорн Розенберг тэмдэглэв. Цаашид хоёр орон “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулж “Стратегийн түншлэл”-д хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, үүний төлөө хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг нь үнэлж Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа. Элчин сайд Ёорн Розенберг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын төр, засаг болон найрсаг, зочломтгой ард түмэнд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
2023.06.30. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок бараалхав. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус уулзалтад оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийг чухалчилж байгааг онцлов. Мөн Холбооны Ерөнхийлөгч Ф.В. Штайнмайерт мэндчилгээ уламжлахыг хүсэж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотлов. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд А.Бербок, Холбооны Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов. 2024 онд тохиох Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч, бүх талын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Бараалхалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав
2022.06.17. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлд, тэр дундаа батлан хамгаалах салбар, цэргийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов. Цаашид хамтын ажиллагаа өргөжиж, олон шинэ чиглэлд хамтарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Генерал Эбэрхард Цорн хоёр улсын цэргүүд олон жилийн турш Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад хамтран үүрэг гүйцэтгэсэн бөгөөд, үүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний тусламж дэмжлэг, үүрэг, хариуцлага өндөр байсныг онцлов. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Генерал Эбэрхард Цорн айлчлалынхаа үеэр хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн хээрийн сургуулийн үйл ажиллагаа, сургалт, бэлтгэлтэй танилцах юм.

Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
2021.10.21. Монгол улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн III шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус сургалтыг 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх зорилготой юм. Энэ жилийн сургалт 2021 оны 10 дугаар сарын 04-28-ны өдрүүдэд “Байлдааны буудлага”, “Уулын бэлтгэл сургалт”, “Уулын сургагч багш бэлтгэх” гэсэн гурван төрлөөр явагдаж, хоёр улсын 100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх сургалтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сургалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
“Эрхэм Элчин сайд ноён Розенберг, хүндэт зочид, хатагтай ноёд оо,
Хоёр улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар аа,
Монгол Улс ХБНГУ-тай 1974 оны 01 дугаар сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 шахам жил өнгөрч хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна.
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурийг эзэлдэг.
Одоогоос 28 жилийн өмнө Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжсөөр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, хамтарсан сургалт дадлагуудыг зохион байгуулах, Энхийг дэмжих болон Олон улсын цэргийн ажиллагаанд хамтран оролцох, зэвсэглэл техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг хэлбэрээр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяртай байна.
ХБНГУ-аас Монгол Улсын батлан хамгаалах салбарт 1995 оноос хойш нийтдээ 20 шахам тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нь хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж байгааг харуулсан бодит жишээ юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 265 цэргийн алба хаагч Герман Улсын буцалтгүй тусламжаар суралцан, төгссөн бөгөөд, тэд өнөөдөр томилогдсон анги, байгууллагууддаа албаа амжилттай хааж, Зэвсэгт хүчний шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний 1,500 гаруй цэргийн алба хаагч герман нөхөдтэйгөө мөр зэрэгцэн энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
2019 оноос эхлэн явагдаж байгаа Уулын явган цэргийн хамтарсан сургалт нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Жил ирэх тусам энэхүү сургалт илүү өргөн хүрээг хамарч, анхан шатнаас мэргэжлийн түвшин рүү шилжиж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын баяртай байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яам, энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Монгол, герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай” гэлээ.
Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааны хамгийн залуу төсөл болох Уулын явган цэргийн хамтарсан сургалттай өөрийн биеэр танилцахаар ирсэн нь хоёр орны тусгаар тогтнол, хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсний илэрхийлэл гэдгийг тодотгов гэжээ.

