7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 11, 2026

Мэдээ: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ. Манай улсын  60 мянга гаруй иргэн БНСУ-д, солонгосын 1,600 орчим иргэн манай улсад оршин суудаг. БНСУ 52 орчим сая хүн амтай. 6 хот, 1 бие даасан хот, 6 мужтай.

Ерөнхийлөгч И Жэ Мёны намтар

  • 1990-1994 онд Кёнги аймгийн Ичон хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төв, Гванжү хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төвийн захирал,
  • 1994-2005 онд Кёнги аймгийн Соннам хотын “Ард иргэдийн эв нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, Соннам хотын Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагын захирал,
  • 2010-2018 онд Соннам хотын дарга,
  • 2018-2021 онд Кёнги аймгийн Засаг дарга,
  • 2022-2024 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2022-2025 онд Ардчилсан намын дарга,
  • 2024-2025 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2025 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

 “Үйлдвэрийн хүүгийн өдрийн тэмдэглэл”, “Бид хамтдаа алхаж буй учраас ганцаардахгүй байна”, “Намайг энд хүргэсэн мөрөөдөл”, “Эцэст нь үүнийг ард иргэд л хийж чадна” ном бичжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч И Жэ Мён Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж,  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцоно. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлохоор төлөвлөж байна.

Монгол, Солонгосын худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрчээ

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.88 их наяд ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 он гэхэд 40 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 11 дүгээрт ордог. 2025 онд 709 тэрбум ам.долларын экспорт, 631 тэрбум ам.долларын импорт хийжээ. Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авч байна. Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт ордог. Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд  “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг 2019 онд ашиглалтад оруулсан. Одоо:

  • Солонго 1, 2 орон сууцны хороолол барих,
  • Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих,
  • 10 аймгийн төвд дулааны станц барих,
  • Байгаль орчны төв лабораторийн чадавхыг сайжруулах,
  • Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах гэсэн таван төсөл хэрэгжиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ийн Ерөнхийлөгчийн түвшинд 15 жилийн дараа болж байгаа энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгахын зэрэгцээ  харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн  хөгжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Мөн Ерөнхийлөгч гэргийн хамт хүн төрөлхтний соёлын өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад Монголын ард түмэн талархаж байгааг хэллээ. Ерөнхийлөгч И Жэ Мён стратегийн түнш Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн гэргий Ким Хе Гён-ы хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож, монголчуудын түүх, соёл, зан заншилтай танилцах болсондоо баяртай байгаагаа хэллээ. Төрийн айлчлал хоёр орны улс төрийн итгэлцлийг улам бататгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэл төгс байгаагаа илэрхийллээ гэжээ.

Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.

1. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт”-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Сайнбуянгийн Амарсайхан, Гадаад хэргийн сайд Жу Хён,

Нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно. Нэгээс дээш жил оршин сууж буй иргэд өөрийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ оршин суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломж бүрдэнэ. Иргэд жолоодох чадвартай холбоотой ямар нэг шалгалт өгөх шаардлагагүй.

2. “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүү, эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сангийн сайд Загджавын Мэндсайхан, Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль,

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” ашиглалтад орсноор хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх, нас баралт буурахад чухал хувь нэмэр оруулна.

3. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний дипломатын академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Жу Хён,

Сургалт, семинар, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээлэл солилцож, хамтарсан сургалт, лекц, бага хурал зэргийг зохион байгуулна. Дипломат ажилтан, мэргэжилтэн, оюутан солилцоог дэмжиж, олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагаа, дэлхийн засаглал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, хамтран ажиллана.

4. “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр, Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн,

Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, биотехнологи, чухал ашигт малтмал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн, судлаач солилцох, мэдээлэл хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо.

5. “Цахим хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Чинбатын Номин, Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн,

Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, 5G/6G сүлжээ, цахим дэд бүтэц зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр манай улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

6. “Боловсролын салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Боловсролын сайд Чой Гюу Жин,

Сурагч, сургагч багш, судлаач, боловсролын захиргааны албан хаагчдын солилцоог дэмжих, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэл, боловсролын чанарын чиглэлээр хамтран ажиллана. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн эрэлттэй уялдуулан шинэчлэх чиглэлээр хамтарна.  

7. “И Тэ Жүний дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах, үйл ажиллагааг эрхлэх болон сурталчлах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эх орончид болон ахмад дайчдын хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Эх орончид болон ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Квон У Ыл,

Солонгосын төр, нийгмийн зүтгэлтэн И Тэ Жун эмчийн гавьяаг хүндэтгэж, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг цогц байдлаар хадгалж, тохижуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

8. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн сайд Сун Ми Рё,

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл солилцох, техникийн хамтын ажиллагаа болон мэргэжилтнүүдийн солилцоог өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаад худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ. Хөдөө аж ахуйн механикжуулалт, усалгаатай тариалан, ухаалаг фермер, орчин үеийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр туршлага, мэдлэг солилцох, мал эмнэлгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, малын бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтарна.  

9. “Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жон Гван,

Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөжүүлэх, нийлүүлэлт, түгээлтийн тогтолцоог боловсронгуй болгох, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдал, чанар, аюулгүй байдлыг бэхжүүлнэ.

10. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Жон Ын Гён,

Хүний нөөцийг чадавхжуулах, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн харилцан солилцох, туршлага, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

11. “Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа, Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сунван,

Сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан дамжуулалтын дэд бүтцийг өргөжүүлэх, байгаль орчинд хоргүй дулааны шийдлийг дэмжих, мэдээлэл, технологи солилцох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

12. “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2026-2030 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Чэ Хи Ен,

Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, соёл, урлагийн уран бүтээлчдийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжинэ. Кино үйлдвэрлэлийн менежментийн туршлага судлах, хөгжмийн салбарын байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх болон соёлын бүтээлч салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.  

13. “Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилчдыг илгээх, хүлээн авах тухай Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Тилеуханы Аубакир, Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн,

БНСУ-д хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэдэд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийг таниулах, чанд сахиулах чиглэлээр хамтран, иргэдэд эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

14. “Мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Орон нутгийн хөгжлийн захиргаа хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Орон нутгийн хөгжлийн газрын дарга И Сын Дун нар гарын үсэг зурав.

Гаар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи, инновац, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүртгэл, зохицуулалт, менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны үндсэн зарчим, чиглэл, хамрах хүрээг тодорхойлж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

15. “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ авах, цөлжилт болон элсэн шороон шуургатай тэмцэх, ойн доройтлыг зохицуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Сангийн сайд Загджавын Мэндсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Ойн албаны сайд Пак Ын Шиг,

“Ногоон хэрэм” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаагаар дэмжих зорилготой. Эмзэг бүс нутгийг ойжуулах, ой болон доройтсон газрыг нөхөн сэргээх, ойн түймэр, хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг цогц ажил хийнэ.

16. “Монгол Улсад ойд ээлтэй уур амьсгалын эерэг арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн газар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир, Ойн албаны сайд Пак Ын Шиг,

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, ой болон ландшафтыг нөхөн сэргээх, үрийн менежментийн тогтолцоо хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлнэ. БНСУ-ын Ойн ерөнхий газар нь ойжуулалтын амжилттай туршлага, дэвшилтэт технологоо хуваалцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь олон улсын хамтын ажиллагааны платформ, техникийн туслалцаа, сургалт, судалгаа болон олон улсын уур амьсгалын санхүүжилт татахад дэмжлэг үзүүлнэ.

17. “Төв банкны үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаа, техникийн туслалцааны тухай Монгол Улсын Төв банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголбанкны Ерөнхийлөгч Санжаагийн Наранцогт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банкны Ерөнхийлөгч Шин Хён Сун,

Төв банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, туршлагаа солилцох  бөгөөд мөнгөний бодлого, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, гадаад валютын гүйлгээ, санхүүгийн зах зээл, төлбөр тооцооны тогтолцоо, макро эдийн засгийн засаг, урьдчилан тооцоолол, дүн шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, дижитал болон хиймэл оюуны ашиглалтын чиглэлээр хамтран ажиллана.

18. “Монголын байгалийн өвийг хамгаалах хамтарсан судалгааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”-т Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Солонгосын өвийн албаны дарга Хо Мин,

Говийн бүсийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хадгалан хамгаалах, сэргээх чиглэлээр хамтран ажиллана.  

19. “Усан доорх соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай “Чингис хаан” үндэсний музей болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”-т “Чингис хаан” үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Солонгосын өвийн албаны дарга Хо Мин,

Усан доорх соёлын өвийн үнэ цэнийг судлах, хамгаалах, ашиглахтай холбоотой хамтарсан судалгаа, хайгуул хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх,  үзэсгэлэн гаргах, мэдээлэх, сурталчлах болон бусад чиглэлээр хамтарна.

20. “Шинэ хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн ажлын алба, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлагийн дарга Кан Жү Ёб,

Захиргааны тогтолцоо, хот төлөвлөлт, байгаль орчинд ээлтэй эрчим хүч, усны менежмент, хотын хөдөлгөөн, тээвэр, ухаалаг хот зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

21. “Худалдаа хөгжлийн банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын банк хоорондын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг”-т – Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Экспорт-Импорт банкны ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Хван Ги Ён нар гарын үсэг зурлаа.

Банк хоорондын зээлийн шугам батлах, хоол хүнс, гоо сайхан, автомашины сэлбэг, механик, тоног төхөөрөмж, ашигт малтмал, мэдээлэл, харилцаа холбоо, эмчилгээний төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн салбарт дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай “гуравдагч хөрш”, стратегийн чухал түнш- БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт хүрэлцэн ирж, төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Монголын төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийлллээ. БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хийж байгаа энэ айлчлал хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийн эхлэл болно гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотлов. Төрийн тэргүүн нар өнгөрсөн 36 жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүх салбарт өргөжин тэлж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэлээ. Харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг талууд сайшааж, цар тахлын үед төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож байсныг онцоллоо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдэв. Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 21 баримт бичигт гарын үсэг зрж, Хамтарсан тунхаглал гаргаж байгааг сайшаалаа. Айлчлалын үр дүн, хэлэлцэж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход  Засгийн газар хоорондын Хамтарсан хороо болон салбаруудын зөвлөлдөх механизмууд идэвхтэй ажиллахын чухлыг тэмдэглэв гэжээ.

Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.  Улаанбаатар зочид буудалд болсон Монгол-Солонгосын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.  Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо тасралтгүй сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлогоо тууштай үргэлжлүүлэх бөгөөд БНСУ-ын талтай урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ. Монгол Улс “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг хэллээ. Ерөнхийлөгч И Жэ Мён, хоёр орны ард түмний дунд шингэсэн гүнзгий нөхөрлөл, итгэлцэл нь эдийн засаг, аж үйлдвэрлэл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарт үр дүнтэй, чухал ололт, амжилт авчирч байгааг тэмдэглэлээ.   Цаашид хамтдаа хөгжих харилцан ашигтай загварыг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг уриаллаа. Хамтарсан логистик төв болон хүйтэн гинжин хэлхээний дэд бүтцийг өргөжүүлэхийн зэрэгцээ, хүний нөөцийг бэлтгэх, технологийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг онцоллоо. Хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг K-хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна санхүү, эрүүл мэнд, боловсрол, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаа улам тэлнэ гэдгийг хэллээ. Мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний салбарт найдвартай түншлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчны салбарт хамтрахыг уриаллаа. Бизнес форум нь “Стратегийн түншлэл”-ийг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, ирээдүйн хамтын өсөлтийн шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэж  хоёр улсын аж ахуйн нэгжүүд үзэж байна.  Бизнес форумд хоёр улсын төр, засгийн байгууллага, бизнесийн холбоод болон чухал ашигт малтмал, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, жижиглэн худалдаа, дижитал технологи, банк, санхүү, логистик зэрэг салбарын 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Харилцан ойлголцлын хоёр Санамж бичиг байгууллаа. Мөн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал ашигт малтмал, эрчим хүч, геологи, худалдаа, хүнс, дижитал технологи, боловсрол зэрэг салбарт хамтрахаар 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.  Форумыг Гадаад харилцааны яам, МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг хамтран зохион байгууллаа. Хоёр орны  худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрсэн байна.  Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг голлон авдаг.   Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт орж байна.  Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг юм гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гэргий Ким Хе Гён нар “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо. Зочид музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүлж, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөнд зочлон, Монголын түүх, соёлын өвтэй танилцлаа. Мөн “Мөнгөн мод” танхимд зочлон, “Торго” салоны үйлдвэрлэсэн монгол үндэсний хувцас хэрэглэгдэхүүн, үзүүлбэр, “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

2026.07.10. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

БНСУ-ын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт И Жэ Мён Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ айлчлал нь БНСУ-ын төрийн тэргүүний 15 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч И Жэ Мён Та гэргийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочны хувиар оролцож, манай улсын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн мөнхийн бэлгэдэл, хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон Монгол наадмыг манай ард түмэнтэй хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйд гүнээ талархаж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн өнөөдрийн албан ёсны хэлэлцээ амжилттай болсонд сэтгэл хангалуун байна.

Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 36 жил болж буй хэдий ч хоёр орны ард түмэн өнө эртний түүхэн харилцаатай, ахан дүүсийн барилдлагатай, түүх, соёл, гарал үүслээрээ гүн гүнзгий холбоотой билээ.

Орчин цагийн дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд батжин бэхжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Өнөөдөр Та бид манай хоёр улсын өнгөрсөн 36 жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх “Хамтарсан тунхаглал” гаргалаа.

Айлчлалын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл, спорт, аялал жуулчлал, тээвэр, логистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн Засгийн газар болон байгууллага хоорондын 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Эдийн засгийн түншлэлийн харилцан ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө талууд нягт хамтран ажиллахаар тогтлоо.

Төрийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо болох “Монгол-Солонгосын бизнес форум”-д 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.

Энэ бизнес форум нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэ төсөл нь хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны чухал эхлэл болж байгаа бөгөөд энэ чиглэлээр байгууллага хоорондын 3 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эдүгээ БНСУ-д амьдарч, сурч, ажиллаж буй 60 мянган монгол иргэн хоёр орны найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааны гүүр болж байгааг онцлон тэмдэглэе.

Айлчлалын хүрээнд жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцээр, Консулын хэлэлцээр зэргийг байгуулсан нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих чиглэлд гарч буй том дэвшил болж байна.

И Жэ Мён Ерөнхийлөгч Та болон танай засаг захиргааны зүгээс өөрийн улсдаа хөдөлмөр эрхлэн аж төрж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр онцгой анхааран ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, Танд талархал илэрхийлж байна.

Эрхэм Ерөнхийлөгч Таны энэхүү бодлого, үйл ажиллагаа Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй манай улсын иргэдэд эерэг сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Ард иргэдийн харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бататган бэхжүүлж, сэтгэл зүрхээрээ холбогдох бас нэгэн чухал гүүр бол соёл, урлаг, спортын хамтын ажиллагаа билээ.

Тиймээс хоёр орны ард түмний зан заншил, соёл, өв уламжлалыг харилцан сурталчлах зорилгоор соёл, спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөрийг холбогдох яамд хэрэгжүүлнэ.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар олон чухал төсөл, хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж манай ард түмэнд ач тусаа өгч байгаад Солонгосын төр, засаг, ард түмэнд гүн талархал илэрхийлье.

Тухайлбал, “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт суурилуулсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний төв” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Тэртээ 100 гаруй жилийн өмнө солонгос эмч И Тэ Жүн Нийслэл хүрээнд амьдарч байхдаа эмнэлэг нээж, монгол хүмүүсийг анагаан эмчилж байсныг Богд хаан үнэлэн, Тэргүүн зэргийн Эрдэнийн очир одон хүртээж байсан сайхан түүхийг өнөөдөр дурсахад таатай байна.

Өнөөдөр эрхэм Ерөнхийлөгч Таны айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, манай улсад нэн шаардлагатай “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд БНСУ-ын Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж олноор нэгдэж, бодит хувь нэмэр оруулж ирсэнд гүнээ талархаж байна.

Хоёр улсын Засгийн газар 2006 оноос “Ногоон хэрэм” төслийг өдгөө 3 дахь шатандаа амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн дараагийн шатыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлье.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо үзэл баримтлалын хүрээнд олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар 2014 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Солонгосын тал тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлье.

Энэ айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Солонгосын хөгжил цэцэглэлт, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм Ерөнхийлөгч Тантай харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан, “Стратегийн түншлэл”-ийн харилцааны алтан үеийг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна.

Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.

Манай хоёр ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таныг гэргийн хамт өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх,

Эрхэм хүндэт зочид оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар миний бие төрийн тэргүүний хувиар 15 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улс бол манай улсын үндэсний эрх ашигт суурилсан прагматик гадаад бодлогын чухал түнш орон бөгөөд БНСУ нь Монгол Улсын хамгийн итгэлтэй стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Энэ мессеж хоёр улсын ард иргэдэд сайн хүрээсэй гэж хүсэж байна.

Энэ удаагийн албан ёсны хэлэлцээний хамгийн том үр дүн бол хоёр улсын төрийн тэргүүн “Солонгос, Монголын харилцааны Алтан үе”-ийг хамтдаа нээх алсын хараагаа тодорхойлж, харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тусгасан Хамтарсан тунхаглал гаргасан явдал юм.

Энэ тунхаглал нь хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн хугацааны нөхөрлөл, итгэлцэлд тулгуурлан ирээдүй цаг үеийг “Солонгос, Монголын харилцааны Алтан үе” болгон хөгжүүлэх чухал ач холбогдолтой болж байна.

 Солонгос, Монгол хоёр улс нь энэ хамтарсан тунхаглалд суурилан хоёр орны ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн хэлэлцээний гол үр дүнг танилцуулъя.

Нэгдүгээрт, хоёр тал улс төрийн болон дипломат итгэлцлээ улам бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирлоо. Дээд, өндөр түвшний харилцаа, стратегийн яриа хэлэлцээг өргөжүүлж, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар зөвлөлдөж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болов.

Хоёрдугаарт, хоёр улсын иргэдэд үр ашиг нь мэдэгдэхүйц, ирээдүйд чиглэсэн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхээр тохиролоо. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ, “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг зарчмын хувьд тохиролцлоо.

2030 он гэхэд худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө хамтран ажиллана.

Хиймэл оюун, цахим шилжилт, шинжлэх ухааны дэвшилтэт технологи, логистик, дэд бүтэц, газар тариалан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг салбарт харилцан ашигтай, тогтвортой хөгжих хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхээр боллоо.

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын иргэд шууд үр өгөөжийг нь мэдрэх боломжтой салбар. Иймээс “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төсөл зэргээр дамжуулан Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах болно.

Гуравдугаарт, хоёр улсын найрсаг харилцааны үндэс болсон соёл, иргэдийн солилцоог улам өргөжүүлэхээр тохирлоо.

Аялах, сурах, хөдөлмөр эрхлэх, соёлын солилцоо зэрэг чиглэлээр иргэдийн солилцоог эрчимжүүлж, “Иргэдийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны замын зураглал”-д тулгуурлан хоёр улсын иргэдийн эрх ашиг, харилцан ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно.

Хоёр улсын харилцааны чухал тулгуур болсон консулын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, иргэдийн солилцоог илүү чөлөөтэй, идэвхтэй болгох орчин бүрдүүлнэ.

Дөрөвдүгээрт, хоёр улсын түүхэн холбоо, харилцааны туршлагыг ирээдүй хойч үед өвлүүлэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Монголын орчин үеийн анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан И Тэ Жүн зэрэг хоёр орны найрамдлын түүхэн өвийг хамтдаа дурсаж, өвлүүлэн үлдээх замаар ард түмний нөхөрлөл, итгэлцлийг улам бэхжүүлэх болно.

Өнгөрсөн үеийн энэ эрхэм нандин холбоог ирээдүй хойч үед өвлүүлэн хөгжүүлэх нь Солонгос, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх чухал үндэс суурь болно гэдэгт итгэж байна.

Тавдугаарт, хоёр улс олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр тохирлоо.

Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжлийн төлөөх хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд хуримтлуулсан хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн уламжлалыг хадгалж, бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжил зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар нягт хамтран ажиллана.

Олон улсын байгууллага, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын шүүх зэрэг олон улсын байгууллагын сонгуулийн үйл явцад ч хамтран ажиллах болно.

Миний бие Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай Засгийн газраас дэвшүүлсэн Солонгосын хойгийн энх тайван, хамтын ажиллагааны талаарх санаачилгыг танилцууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын ач холбогдлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоохын төлөөх манай Засгийн газрын хүч чармайлтыг ямагт дэмжихээ илэрхийлсэн Ерөнхийлөгч Танд дахин талархал илэрхийлье.

Хоёр өдрийн дараа болох Монгол Улсын Үндэсний их баяр наадамд би гэргийн хамт хүндэт зочноор оролцоно. Энэ нь Солонгос, Монголын харилцааны алтан үеийг угтан хоёр орны ард түмэн улам ойртон нэгдэх сайхан боломж болно гэж итгэж байна.

Баярлалаа.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate