7 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
7 сар 10, 2026

Мэдээ: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ

  • 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
  • 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
  • 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ. Манай улсын  60 мянга гаруй иргэн БНСУ-д, солонгосын 1,600 орчим иргэн манай улсад оршин суудаг. БНСУ 52 орчим сая хүн амтай. 6 хот, 1 бие даасан хот, 6 мужтай.

Ерөнхийлөгч И Жэ Мёны намтар

  • 1990-1994 онд Кёнги аймгийн Ичон хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төв, Гванжү хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төвийн захирал,
  • 1994-2005 онд Кёнги аймгийн Соннам хотын “Ард иргэдийн эв нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, Соннам хотын Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагын захирал,
  • 2010-2018 онд Соннам хотын дарга,
  • 2018-2021 онд Кёнги аймгийн Засаг дарга,
  • 2022-2024 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2022-2025 онд Ардчилсан намын дарга,
  • 2024-2025 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
  • 2025 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

 “Үйлдвэрийн хүүгийн өдрийн тэмдэглэл”, “Бид хамтдаа алхаж буй учраас ганцаардахгүй байна”, “Намайг энд хүргэсэн мөрөөдөл”, “Эцэст нь үүнийг ард иргэд л хийж чадна” ном бичжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч И Жэ Мён Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж,  “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, “Монгол–Солонгосын бизнес форум”-ын нээлтэд оролцоно. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцож, сурын талбай, шагайн харвааны асраар зочлохоор төлөвлөж байна.

Монгол, Солонгосын худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрчээ

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.88 их наяд ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 он гэхэд 40 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 11 дүгээрт ордог. 2025 онд 709 тэрбум ам.долларын экспорт, 631 тэрбум ам.долларын импорт хийжээ. Манай улс молибдены хүдэр, баяжмал, нэхмэл, сүлжмэл, оёмол хувцас, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн эд анги, малын өөх, тос, мал, амьтны самнасан үс, хялгас нийлүүлж, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, эм, хүнсний болон гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авч байна. Солонгосын шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт ордог. Тус улсын хөрөнгө оруулалттай 1,300 орчим аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн дийлэнх нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг байна. Манай улс БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд  “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг 2019 онд ашиглалтад оруулсан. Одоо:

  • Солонго 1, 2 орон сууцны хороолол барих,
  • Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих,
  • 10 аймгийн төвд дулааны станц барих,
  • Байгаль орчны төв лабораторийн чадавхыг сайжруулах,
  • Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах гэсэн таван төсөл хэрэгжиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

2026.07.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ийн Ерөнхийлөгчийн түвшинд 15 жилийн дараа болж байгаа энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгахын зэрэгцээ  харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн  хөгжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Мөн Ерөнхийлөгч гэргийн хамт хүн төрөлхтний соёлын өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад Монголын ард түмэн талархаж байгааг хэллээ. Ерөнхийлөгч И Жэ Мён стратегийн түнш Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн гэргий Ким Хе Гён-ы хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож, монголчуудын түүх, соёл, зан заншилтай танилцах болсондоо баяртай байгаагаа хэллээ. Төрийн айлчлал хоёр орны улс төрийн итгэлцлийг улам бататгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэл төгс байгаагаа илэрхийллээ гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Элсэн дугуй ХХК, dailypost.mn | Newsphere by AF themes.
Translate