12 сар 6, 2024

Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох стандарт

2024.09.11.Монгол Улс. Улаанбаатар хот. Татварын зорилгоор ил тод байх, харилцан мэдээлэл солилцох олон улсын форумтай хамтран Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон улсын стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтыг зохион байгууллаа. Монгол Улс 2026 оны 09 дүгээр сараас эхлэн Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох стандартыг хэрэгжүүлэн бусад улс орнуудтай холбогдох мэдээллийг харилцан солилцож эхлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус стандартыг хэрэгжүүлж эхлэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Татварын зорилгоор ил тод байх, харилцан мэдээлэл солилцох олон улсын форум (Глобал форум) болон Монгол Улсын Сангийн яам, Татварын ерөнхий газар хамтран гол оролцогч талуудад хоёр өдрийн цахим сургалтыг 2024 оны 9 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд амжилттайгаар зохион байгууллаа. Сургалтад банк, санхүүгийн байгууллага, даатгалын компани болон холбогдох төрийн байгууллагын нийт 400 гаруй төлөөлөл оролцлоо. Тус сургалтаар мэдээлэл харилцан солилцох стандартын агуулга, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулахтай холбоотой үндсэн ойлголтыг өгч, стандартыг хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааг хангах чухал алхам болсон юм. Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох стандартыг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын татварын зорилгоор ил тод байх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон санхүүгийн хууль бус гүйлгээтэй тэмцэх зорилтод томоохон алхам болох юм гэжээ.

Translate