12 сар 22, 2024

Монголын эртний төрт улсууд

-Хүннү гүрэн /НТӨ209-НТ93 он/-

Монголын анхны төрт улс бол Хүннү гүрэн юм. Хүннү гүрэн хаанаа шанью хэмээн нэрийдэж ирсэн тухай түүхийн бүхий л эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Эцэг Түмэн шаньюг хүү Модун шанью буулгаж, Хүннү гүрний хаан ширээнд суусан нь дэлхийн нийтийн анхаарлыг татдаг түүхийн нэг хэсэг юм. Модун хаан хэдэн онд Хүннүгийн шаньюгийн суудалд суусан талаар янз бүрийн таамаг байдаг ч, монголын эрдэмтэд НТӨ209 он гэж үздэг. Модун шанью Хүннү гүрэнд түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлсэн түүхэн хүн юм. Чингис хаан түмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалтыг нэвтрүүлэхээс өмнө Модун шанью уг зохион байгуулалтыг төр, цэрэг, засаг захиргаандаа нэвтрүүлж, шинэтгэл хийж байсан гэсэн үг юм. Хүннү гүрний удирдагч миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн зарлигдсан талаар ном, сурах бичгээс олонтаа уншиж болно. Модун шанью улсын үндэс бол газар гэж сургасантай үүнийг холбон тайлбарлаж болох юм. Хүннү гүрний газар нутаг Байгаль нуураас Цагаан хэрэм, Солонгосын хойгоос Баруун хязгаар хүрч байсан гэдэг. Хэдийгээр ази, европын цээжинд өргөн уудам газар нутгийг эзлэн суусан ч, Модун Шаньюгийн байлдан дагуулж чадаагүй улсад Эртний Солонгос ордог нь нэн сонирхолтой. Хүннү гүрний нийслэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон Луут хот гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг болоод удаагүй байна. Уг туурь өнөөдөр түүхийг сэргээж, танин мэдэхэд чухал сурвалж болж байгаагаараа онцлог. Хүннү гүрний хөрш зэргэлдээ эртний Хан улс оршин тогтнож байв. Тиймээс ч НТӨ198 онд Хүннү гүрэн Хан улстай гэрээ байгуулсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Хоёр улсын харилцан тогтоосон гэрээний дагуу Хан улс Хүннү гүрэнд алба барьж байсан байх юм. Мөн Хүннү гүрэн, Хан улсын хооронд байгуулсан анхны гэрээний гол агуулга нь хоёр улс харилцан бие биеэ зөвшөөрч, хилийг цагаан хэрэмээр тогтоосон явдал байжээ. Эртний Хань улс нь Хожуу Хан, Тан улс гэдгийг тайлбарлах нь илүүц биз. Хүннү гүрэн буурч доройтоход тус гүрний язгууртнуудын шаньюн төлөөх тэмцэл, Хан улстай хийсэн олон удаагийн дайн, Хүннү гүрний бүрэлдэхүүн дэх нүүдэлч аймгуудын тэмцэл нөлөөлсөн гэж үздэг байна. НТӨ I зууны дундуур Хүннү гүрнийг Чжичжи болон Хуханье нар хуваан захирсан байна. Тодруулбал, НТ53 онд Хүннү гүрэн Өмнөд болон Умард хэсэгт хуваагдсан гэж хэлж болох юм. НТ215 онд Өмнөд Хүннү улс тусгаар байдлаа алдсан бол, НТ93 онд умард Хүннү улс мөхсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Хүннү гүрний захиргаанд байсан Сяньби нар Хан улстай хамтарч Монголын анхны төрт улс болох Хүннү гүрнийг мөхөөсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Хүннү улсын хүн амын зонхилох хэсгийг монгол угсаатан бүрдүүлж байсан ч, хожим Умард Хүннү улс эзлэгдсэнээр 500.000 орчим хүн ард нь Сяньби улсын бүрэлдэхүүнд оржээ. Энд дурдагдсан НТӨ-ийг Нийтийн тооллын өмнөх, НТ-ыг Нийтийн тоолол гэж ойлгоно.

Хүннү гүрний газрын зураг…

-Сяньби улс /156-235 он/-

Хүннү гүрний дараа монгол нутагт Сяньби улс оршин тогтнов. Сүннү, Сүмбэ, Дунху хэмээн янз бүрээр нэрлэгддэг ч албан ёсны нэр нь Сяньби юм. 156-235 онд монгол нутагт оршин тогтносон Сяньби улсыг Таншихуай үүсгэн байгуулсан гэдэг. Түүнийг Толихуй ноёны хүү гэдгээр нь түүхчид андахгүй. Түүхэнд Таншихуайг 141-181 оны хооронд амьдарсан гэж тэмдэглэн үлдээжээ. Сяньби улсын иргэд генийн хувьд Хүн гүрний хүмүүстэй цусан төрлийн холбоотой байсан аж. Өөрөөр хэлбэл, Сяньби нь Хүннүчүүдтэй цусан төрлийн холбоотой, монгол угсааны улс байсан гэж ойлгож болно. Сяньбичууд Эрчис мөрнөөс Хянганы нуруу хүртэл, одоогийн Монгол, Казакстан, Орос, Умард Солонгос, Хятадын нутагт оршин суудаг байсан бөгөөд манж, тунгус үндэстнийг захирч байсан гэх нь бий. Сяньбичууд бичиг үсгийн соёлтой байсан бөгөөд нанхиад хэлнээс Күнзийн суртлыг Сяньби хэлээр орчуулан улсынхаа иргэдэд заадаг байсан тухай баримт бий гэж зарим эх сурвалжид дурджээ. Өөрөөр хэлбэл, Сяньби улсын үед бичиг үсэг үүссэн гэж зарим ном зохиолд гардаг ч, чухам ямар бичиг үсэг хэрэглэж байсан талаар огт дурдаагүй байгаа юм. Сяньбичуудын бичиг үсгийн дурсгал өнөөг хүртэл олдоогүй байгаа нь үүний гол зангилаа байж болох юм. Одоогоор монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон бичиг үсгийн дурсгалийн хамгийн эртнийх нь Брахми бичиг бүхий гэрэлт хөшөө. Уг гэрэлт хөшөө нь ОХУ-ын Эрмитаж дахь Чингисийн чулууны бичгээс 600 орчим жилийн өмнө буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоогоод байгаа билээ. Гэхдээ брахми бичиг бүхий гэрэлт хөшөө нь Сяньби улсын дараа монголын нутагт төрт улсаа байгуулсан Жужаны үетэй ойролцоо гэж эрдэмтэд тооцоолдог. Тэр ч утгаараа Сяньби улсын үед ямар бичиг үсэг хэрэглэж байсан нь оньсого шиг асуултын нэг байсаар байна. Сяньби улсын гол өрсөлдөгч нь хожуу Хан улс байсан ч, тус улсын задралын гол шалтгаан нь хаан ширээний төлөөх дотоод тэмцэл байсан гэж үздэг. Сяньбийн аймгууд хожим төр улсаа Умард Хятадад байгуулж байжээ.

Сяньби улсын газрын зураг…

-Жужан улс /333-555 он/-

Монголын нутаг дэвсгэрт 333-555 онд оршин тогтнож байсан Нирун улсыг Жужан гэж нэрлэдэг. Жужан нь Жоу Жан гэх үгнээс гаралтай гэдэг. Тэгвэл Нирун гэх үг нь Нуруу гэх үгнээс гаралтай аж. Жужан улсын хүн амын үндсэн хэсэг монгол угсаатан байсан бөгөөд Хүннү, Сяньби нарын шууд залгамж байсан гэж үздэг юм. Сяньби улсын өмнөд хөрш нь тухайн үед Тоба Вей улс байжээ. Сяньби угсааны Тоба буюу Табгач аймгийн хаан 220-277 оны сүүлээр хилийнхээ харуулын цэгээс нэгэн хүү олзолсон нь Мугулюй байжээ. Мугулюй /Монгол гэж тайлбарлах нь бий/ нь хожим тэндээс зугатаж өөрийн харъяаны хүмүүстэй болов. Мугулюйн хүү Челухуй /зарим тохиолдолд Чаргуй гэх нь бий/ өөрийн харъяаны хүмүүсээ болон улсаа нийтээр нь Нирун хэмээн нэрийдсэн байна. Түүний 6-р үеийн ач Жарун 402 онд хаан ширээнд сууж, Нирун улс хүчирхэгжсэн гэдэг. Түүний үеэс Чен-Ю цолыг хаган /хаан/ цолоор сольсон байна. Өөрөөр хэлбэл, Жаруны үеэс хаан цол хэрэглэх болжээ. Ер нь Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд Мугулюйн удмын нийт 23 хаан 330-555 оны хооронд хаан ширээнд суусан тухай түүхэнд өгүүлжээ. Жужанчууд 460 онд Турфаныг эзэлж Алтай орчимд суулгах болсон нь хожмын уналтынх гол үндэс болсон байдаг. Турфанаас авч ирсэн олзны хүмүүс 552 оноос бослого, тэмцэл гаргах болсон бөгөөд улмаар 555 онд Нирун улсыг унагаж, Түрэгийн хаант улс байгуулсан байна. Түрэгийн довтолгоонд цохигдсон монголчууд нутгаа орхин нүүсэн гэдэг. Унгараас Нирунчуудын бүсний арал олдсон нь үүнтэй холбоотой аж. Зарим нь баруун зүг нүүж, 570-аад онд Крымийн хойг болон Умард Кавказад суурьшсан гэдэг. Нирун улс унаснаар монголчуудын өмнө нь олж авсан соёл Кидан хүртэл сульджээ. 

Жужан улсын газрын зураг…

-Түрэгийн хаант улс /552-750 он/-

Буман Нирун улсад дайснаа дарахад нь тусалсан гэдэг. Үүний хариуд Нируны хааны охинтой сууна гэж бодсон нь талаар болжээ. Тиймээс Нируны дайсан Тоба Вей улсын Вэнди хааны Чан-Лэ гүнжтэй суусан аж. Ингээд Тоба Вей улстай нийлж, Нирун улсыг дарсан байна. Ингэж л 552 онд Түрэг аймгууд Нирун улсыг эзэлж, Алтайн Түрэгийн удирдсан Буманы тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан түүхтэй. Буманыг Ил хаанаар өргөмжилснөөр Түрэгүүд хаан цол хэрэглэх эхлэл тавигдсан байна. Түрэгийн хаант улсын эзэмшил газар нутаг Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүрч байжээ. Харин хожим баруун түрэгийн хаант улс, зүүн түрэгийн хаант улс гэж хоёр хуваагдсан байна. Баруун Түрэгийг Буман хааны дүү Истеги захирч байсан бол, Зүүн Түрэг 745 онд Уйгурт цохигдох хүртэл Монголд оршин тогтнож байжээ. Түрэгийн захиргаан дахь нүүдэлчдийн өдөөн хатгаж, дэмжиж байсан улсад Тан улс багтаж байсан аж. Монголын түүхийг уншиж судлах явцад түүхэн он цаг зөрөх явдал мэр сэр гардаг. Тиймээс монгол эрдэмтдийн олон жилийн судалгаагаар бүтсэн, он цагийн хувьд илүү ойролцоо, яг таг таардаг гэх Сорилын номоос зарим тоо баримтыг түүвэрлэж ашигласнаа нуух юун. Түрэгийн хаант улсын залгамжлагчид болох Могилян буюу Билгэ хаан, түүний дүү цэргийн жанжин Культегин нарын гэрэлт хөшөө Монгол улсын нутаг дэвсгэрээс хожим олдсон байдаг. Энэ нь Түрэгийн хаант улс Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байсныг бататгадаг билээ. Уг гэрэлт хөшөөний бичээсийг Руни хэмээн тайлсан байдаг. Зарим тохиолдол Орхоны хөндийн бичиг хэмээн нэрийдэх нь ч бий. Уг руни бичиг бүхий гэрэлт хөшөө Орхоны Хөндийгөөс олдсон учир ийн нэрийддэг юм. Харин гадаад улсаас гэвэл Енисэйн мөрний хөндийгөөс, цаашлаад Швед, Норвеги, Финлянд, Дани зэрэг скандинавын орнуудаас руни бичиг бүхий хөшөө дурсгал олдож байжээ. Өөрөөр хэлбэл, руни бичиг бүхий хөшөө дурсгал Орхоны хөндийгөөс цааш Енисей мөрөн, цааш явсаар Швед, Финлянд, Норвеги, Дани зэрэг скандинавын орнуудаас олддог байгаа юм. Уг руни бичиг бүхий хөшөө дурсгалаас Түрэгийн хаант улс хаа хүртэл оршин тогтнож байсныг харж болохоор. Эртний түрэгийн руни бичиг бүхий хөшөө дурсгалыг судлах ажлыг анх 1889 онд эхлүүлсэн байдаг. Улмаар 1890 онд Николай Михайлович Ядренцев ахлагчтай шинжилгээний анги Орхоны хөндийгөөс эртний бичиг бүхий дурсгал олсноо Москвад болсон олон улсын хурлын үеэр мэдэгдсэн байна. Харин 1891 онд В.В.Радловын удирдсан шинжилгээний анги Орхон голын хөндий дэх Түрэгийн дурсгал дээрх руни бичээсийг судалсан төдийгүй, хад чулуун дээрх зарим бичгийн дурсгалыг шинээр илрүүлэн бүртгэсэн байна. Георт Фон Габельнец Куль-Тегины гэрэлт хөшөөний бичээсийг, Габриел Деверна Билгэ хааны болон Хар балгасыг гэрэлт хөшөөний бичээсийг, Отто Даннер Енисей хийгээд, Орхон бичгийн үсгийг харьцуулан судалжээ. Ингээд Куль-Тегин, Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээсийн үсгийн цэс хийсэн бөгөөд Енисейн бичээсийн 34 үсгийн толь зохион хэвлүүлжээ. 1893-11-25нд Копингагений их сургуулийн профессор, хэл шинжээч Томсен Вильгельм Людвиг Орхон ба Енисейн хөндийгөөс олдсон руни бичгийг тайлж уншин, цагаан толгой боловсруулсан гэдэг. Харин Дани улсын эзэн хааны эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүс Орхон ба Енисейн руни бичиг 38 үсэгтэй авианы бичиг болохыг тогтоосон байна. Дашрамд дурдахад, Енисей мөрөн нь ОХУ-ын нутгаар урсан Умард мөсөн далайд цутгадаг, дэлхийд уртаараа 5-д ордог. Зарим сурвалжид Енисей мөрөн Монгол улсын Хөвсгөл аймгийн нутгаас эх авч, умард зүгийг чиглэн Сибирийн төв хэсгийг нэвтлэн урсч, Енисейн булангаар дамжин Хойд мөсөн далайн Карын тэнгист цутгадаг болохыг дурдсан байдаг. Енисей нь эвенк хэлний Иоанесси хэмээн үгнээс гаралтай ажээ. 

Түрэгийн хаант улс

-Уйгурын хаант улс /744-840 он/-

Түрэгийн хаант улсыг Уйгурууд мөхөөж дэлхийн түүхийн тавцанд тодрон гарч ирэв. Ингэхдээ уйгурууд хоёр ч удаа улсаа байгуулсан байгаа юм. Мэдээж тэдний өмнө оршин тогтнож байсан Түрэгүүдтэй удаан хугацааны туршид тэмцэлдсэний эцэст Уйгурууд улсаа байгуулсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Уйгуруудыг өндөр тэрэгтнүүд гэж түүхэнд тэмдэглэх нь их аж. 625-628 онд өндөр тэрэгтнүүд Зүүн Түрэгтэй байлдаж, Түрэгийн төлөөний түшмэдийг Монголоос явуулж улсаа анх байгуулж байжээ. Ингэхдээ, 647 онд Түрэгийн төрийг мөхөөж Уйгурууд түүхэндээ анх удаа улс байгуулсан тухай зарим сурвалжид тодотгосон байна. Гэвч Уйгуруудын байгуулсан улсыг 690 онд Түрэгүүд мөхөөсөн аж. Үүнээс хойш 50 жилийн дараа Уйгарууд Түрэгийн эсрэг дахин боссон байна. Үүгээр Уйгурууд хоёр дахь удаагаа улсаа байгуулж чаджээ. Уйгурын түрүү хаант улс 647-693 онд оршин тогтносон бөгөөд уйгурууд анх улсаа байгуулсан үеийн хэлдэг байна. Харин Уйгурын хожуу хаант улс 744-840 онд оршин тогтносон бөгөөд уйгурууд хоёр дахь удаагаа улс байгуулсан үеийн хэлдэг байгаа юм. Уйгурууд Түрэгүүдтэй тэмцэж, хоёр ч удаа хаант улсаа байгуулсан тухай дээр дурдсан. Гэхдээ түүхчид Уйгурын хожуу хаант улсыг тус гүрэн байгуулагдсан он цаг гэж үзэх нь их. Энэ үед буюу 744 онд Куллиг Бойла хаанд өргөмжлөгдөж Уйгур улс дахин түүхийн хуудаснаа хүчирхэгжин мандсан ч, сүүлчийн хааныг нь 839 онд Киргизүүд довтолж хороосноор мөхсөн гэх нь бий. Ер нь 820 оноос эхэлсэн Киргизүүдийн тэмцэл Уйгур улс мөхөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл гэж түүхчид үздэг. Үлдсэн уйгурууд нь нутгаа орхин Тан улс, Ганьчжоу, Куча-Карашарын зүг гурав хуваагдан нүүсэн гэх нь бий. Үүнээс өмнө, Хүннү, Жужан, Түрэгт эзлэгдэж байх үед Уйгурууд Унгар хүртэл нүүж байсан тухай баримт байдаг аж. Ингэхдээ, ойролцоогоор 2 түм нь зугатаж Унгарт суурьшсан гэх тоо баримт байдаг байна. Эндээс эртний Уйгар, одооны Унгар гэх нэр ойролцоо бичигдэж байгааг анзаарч болно. Эртний Уйгаруудын ул мөрийг өнөөгийн Украйнаас олж болох зарим нэг түүхийн мэр, сэр баримтыг түүхчид твөггүйхэн тоочоод өгөх биз. Өөрөөр хэлбэл, эртний уйгарууд бол, одоогийн украйнууд юм гэж үзэх түүхчид байдаг. Магадгүй Хүннү, Жужан, Түрэгийн үед нутгаа орхин нүүсэн Уйгарууд наанадаж Украйнд, цаанадаж Унгарт суурьшсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс Уйгарын түүхийг судлахын тулд наанадаж Укрйн, цаашлад Унгар улсыг судлах шаардлага зүй ёсоор тавигддаг. Уйгур нь шашин соёлын талаар аль улстай өргөн харилцаатай байсан бэ гэх асуулт гардаг. Үүнд дийлэнх нь Энэтхэг гэж хариулдаг. Харин эрдэмтийн үзсэнээр зөв хариулт нь Согд улс юм. Согд нь улс гэхээсээ илүүтэй, жижиг аймаг байсан бөгөөд өнөөгийн Ираны газар нутагт суурьшиж байсан байгаа юм. Энэ талаар тодорхой тоо баримт цөөн бөгөөд интернетээс хайхад Согд гэдэг нь Төв Азийн нэгэн улсын нэр байжээ. Согдчууд нь үндсэндээ ираны түүхэн үндэстэн юм гэхээс өөр үг, өгүүлбэр олдохгүй байгаа юм. Эндээс түүхийн бүдгэрсэн, судлагдаагүй орхигдсон энэ мэт зүйлийг цааш нь судлах зайлшгүй шаардлагатай байгаа нь илт. Уйгарууд Согдтой холбоотой бас нэг баримт бол Уйгуржин монгол бичиг Согд бичгээс гаралтай байгаад оршиж буй юм. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга Арамей хэлнээс гаралтай Согд бичиг, үсгээс Уйгаржин монгол бичгийг зохиосон тухай түүхэнд бишгүйдээ нэг гардаг нь нэгийг бодогдуулах биз ээ. Тиймээс Согд хэл, бичиг, үсгийн тухай тоо баримт эрж хайв. Тийм ч их биш юм. Согд хэл нь гурван төрлийн бичиг үсэгтэй байжээ. Тодруулбал, Согд бичиг, Маничаен, Сириак гэх гурван хэсгээс бүрддэг бөгөөд Арамей хэлний бүлэгт багтдаг байх юм. Уг бичиг, үсэг ойролцоогоор 100-1200 оны үед баруун зүгт Иран улсаас зүүн хязгаарт Хятад орныг хамарч байжээ. Согд бичиг нь 17 гийгүүлэгчтэй болон үүний ихэнх нь эхлэл, дунд, төгсгөл зэргээр олон төрөл байдаг аж. Уг хэл, бичиг, үсэг нь өнөөдөр мөхсөн хэлний төрөлд багтаж байна. Харин мөхөхөөс нь өмнө Тата Тунга Уйгаржин монгол бичиг зохиож амжсан байж таарлаа. Эндээс монголчуудын хамгийн эртний бичиг үсэгт Жужаны үеийн Брахми, Түрэгийн үеийн Руни, Уйгурын үеийн Согд зэрэг эртний бичиг үсэг багтаж буй нь харагдаж байна. Дашрамд дурдахад, Уйгурын нийслэлийг Монголын нутгаас олдсон Хар-Балгасын туурь гэлцдэг. Магадгүй энд малтлаг хийх явцад эртний Согд хэл, бичиг, үсэг бүхий дурсгал олдохыг үгүйсгэх аргагүй юм.

Уйгурын хаант улс…

-Кидан гүрэн /907-1125/-

Одоогоос хэдэн жилийн өмнө Кидан гүрэн гэж түүхийн хичээлд үздэг байсан бол, өнөө цагт уг нэршил Хятан болж өөрчлөгджээ. Харахад Хятан нь Хятад гэх үгтэй ойролцоо харагдах. Гэвч угсаа гарал, үүх түүхээрээ Хятадтай огт хамааралгүй юм. Кидан нар гарал үүслээрээ Дунху нартай нягт холбогддог. Өөрөөр хэлбэл, Дунху буюу Сяньби улсын сүүлийн хаан Кебигенийг Киданчуудын дээд өвгөө гэж үзэж иржээ. Гэсэн ч Кидан гүрний хүн амын зонхилох хэсэг нь монгол угсаатан байсан байна. Тиймээс тус гүрний иргэд монгол хэлээр ярьдаг байсан нь мэдээж. Харин бичиг үсгийн тухайд өмнөх гүрнүүдээс ялгарах онцлог бий. Киданчууд их, бага гэсэн хоёр төрлийн бичиг үсэгтэй байжээ. Тус гүрний анхны хаан Амбагян 920 онд их бичиг үндэслэсэн бол, түүний дүү 925 онд бага бичиг үндэслэжээ. Их бичиг 1000 тэмдэгтэй бол, бага бичиг 378 үсэгтэй байсан аж. Эдгээр нь одоо ч тайлагдаагүй гэлцдэг. Тус гүрэн эхний жилүүдэд хаанаа гурван жилээр сонгодог байсан ч, 917 оноос үе залгамжилдаг болсон. 907-1125 онд өнөөгийн Монголын газар нутагт оршин тогтносон Кидан гүрнийг Зүрчидийн Алтан улс, Хятадын Сүн улс мөхөөсөн гэж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Энэ мэт монголын газар нутагт оршин тогтнож байсан эртний улсуудад дээрх зургаан улсыг нэрлэж болно. Эдгээр эртний улсуудад газар нутаг, бэлчээр улсын мэдэлд байсан бол, мал хувийн өмчид байжээ. Монголын эртний улсуудын эдийн засгийн үндэс суурь нь мал аж ахуй байсан гэдэгтэй бүхий л эрдэмтэд санал нэгддэг юм. 

Кидан улс…

-Хамаг монгол улс-

Кидан гүрнийг Зүрчидийн Алтан улс, Хятадын сүн улс мөхөөсөн цагаас хойш монголчууд тархай бутарай олон жижиг овог, аймаг хэлбэрээр аж төрж байв. Ойролцоогоор 100 гаруй жилийн турш ийнхүү тархай, бутарай аж төрсөн ч, язгуурын монгол аймгуудыг дахин нэгтгэж, төр улсаа байгуулсан түүхэн хүн бол Тэмүүжин буюу Чингис юм. Тэмүүжин эцэг, эхээс нь өгсөн нэр бол, Чингис монголчуудын түүнд хайрласан хаан цол гэж ойлгож болно. Түүний эцэг Есүхэй монгол аймгуудыг ахалж явахдаа, 1162 онд татаруудыг байлдаж ялалт байгуулжээ. Татарын тэргүүлэгчид дотор Тэмүүжин-Үгэ зэрэг дайсан нь байсан гэдэг. Тиймээс дайснаа дарсан ялалтаа дурсахын тулд хүүдээ Тэмүүжин хэмээн нэр өгсөн нь тун хачирхалтай түүхийн нэг хэсэг юм. Тэмүүжин 1162 онд Ононы Дэлүүн Болдогт төрсөн бөгөөд энэ нь одоогийн Хэнтий аймгийн Дадал сум ажээ. Түүнийг есөн нас хүрмэгц 1170 онд Есүхэй баатар Өүлэн эхийнх нь нутгаас эхнэр авч өгөхөөр Тэмүүжинг дагуулан замд гарчээ. Замдаа Хонгирад аймгийн ахлагч Дай сэцэнтэй уулзаж, охин Бөртэг нь Тэмүүжиний ирээдүйн эхнэр болгохоор бэр гуйсан байна. Тэмүүжинг тэнд нь  үлдээгээд буцах замдаа Есүхэй баатар найранд оролцож яваад татаруудад хорлогдсон тухай түүхэнд бишгүйдээ нэг гардаг. Энд нэг зүйл ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хамаг-Монголын Амбагай хаан Татартай ураг барилахаар охиноо хүргэж очоод хорлогдсон байдаг. Татарууд найрамдах санал тавьсан учраас ийн очжээ. Гэвч тэд амлалтаасаа ухар,  Амбагай хааныг барьж, улмаар Алтан улсад хүргүүлсэн байгаа юм. Алтан улс Амбагай хааныг модон илжигт хүлэн тарчлаан хороосон тухай түүхэнд гардаг. Энд дурдсан Хамаг-Монголын Амбагай хаан, Кидан гүрний Амбагян хаанаас тусдаа гэдгийг энд мөн тодотгох нь зүйн хэрэг. Амбагай хаан охиноо хадамд гаргахаар яваад, Есүхэй баатар хүүдээ бэр гуйхаар яваад замдаа татаруудад хорлогдож байсан байх нь. Эндээс татарууд тэдний өвөг дээдсийн мөнхийн дайсан байжээ гэдэг нь илт харагддаг. Тэмүүжиний дайсан татарууд байгаад зогссонгүй, мэргидүүд хүртэл дайсагнаж байлаа. Мэргэд нь мэргэн хүмүүс гэх утгатай үг ажээ. Гурван багавтар аймгийн холбоо байсан учраас гурван мэргэд гэж нэрлэдэг байжээ. Тэд Сэлэнгэ болон Орхон голын хөндийгөөр нутагладаг байсан гэж түүхчид үздэг. Нэгэн цагт Тэмүүжин мэргидийн довтолгооноос зугатан Бурхан-Халдун уулын шугуйд нуугдаж амь гарсан байна. Тэр цагаас хойш Тэмүүжин өөрийг нь өтгөн шугуйдаа аварсан Бурхан-Халдун уулыг тайж тахих болжээ. Бурхан-Халдун өнөөдөр ч төрийн тахилгатай уулсын тоонд багтаж, тайж тахидаг уламжлалыг нь хэвээр хадгалсаар байгаа юм. Үүний дараа ч мэргидүүдтэй хийх Тэмүүжиний тэмцэл тасарсангүй. Урт удаан хугацааны уг тэмцэл Есүхэй баатар, Өүлэн үжин нараас эхтэй байж болзошгүй юм. Тодруулбал, мэргэд аймгийн Их Чилэдү олхонууд овгийн Өүлэнг гэргийгээ болгохоор явж байхад нь Хамаг-Монголын Есүхэй баатар замаас нь булааж гэргийгээ болгожээ. Хариуд нь 1181 оны орчим мэргэдүүд Тэмүүжинг довтолж түүний гэргий Бөртэг олзлон авчээ. Өүлэн, Бөртэ хоёрын түүх ойролцоо учраас андуурах хүмүүс бий. Тиймээс үүнийг ялгаж салгах нь зүйтэй гэж хэлж буй юм. Тиймээс Тэмүүжин мэргэдийн эсрэг дайлаар мордож, өөрийн гэргий Бөртэг суллан авсан байдаг. Энэ дайралтаар мэргэдийн хүч суларсан гэдэг. Тэмжүүжин 1189 онд өөрийн андын барилдлагатай Жамух, аавынхаа найз Хэрэйдийн Ван хан Тоорилын хамтаар эцгийнхээ захирч байсан улсыг хураан авч, Хар зүрхний Хөх нуурт Хамаг-Монголын хаанаар өргөмжлөгджээ. Ингэснээр Тэмүүжин өөрийн өвөг болох Хабул, Амбагай, Хутулагийн дараа Хамаг-Монголын хаанд албан ёсоор өргөмжлөгдөв. Харин 1206 онд Онон мөрний эхэнд болсон Их хуралдайгаар Их-Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн юм. Өөрөөр хэлбэл, Тэмүүжин нь Хамаг-Монгол, Их-Монгол, Монголын эзэнт гүрнийг үндэслэсэн удирдагчдын нэг гэж түүхчид үздэг билээ. 

Хамаг монгол улс…

-Их монгол улс /1206-1260/-

Тэмүүжин 1206 онд Онон мөрний эхэнд болсон Их хуралдайгаар Их-Монгол улсын хаанд өргөмжлөгдөв. Онон мөрний эхэнд хуралдсан нь ихээхэн учиртай байжээ. Олон хүн цуглуулж, Их хуралдай хийхэд тохиромжтой хэмээн энэ газрыг сонгосон аж. Ийнхүү Их хуралдайгаар язгуурын монголчуудаа цуглуулж, тэднийг нэгтгэн Их-Монгол улс байгуулав. Их-Монгол улсын шийдвэр гаргах дээд байгууллага нь Их-Хуралдай байлаа. Нэр заасан хүнийг Их-Хуралдайгаар хэлэлцэж хаанд өргөмжилдөг байжээ. Мөн их хуралдайгаар харь оронтой найрамдах болон дайтах зэрэг төрийн гадаад болон дотоод асуудлыг хэлэлцэн шийддэг байсан байна. Их хуралдайд алтан ургийнхан, төрийн түшээд, бичгийн мэргэд, өрлөг жанжид оролцоно. Их-Монгол улсын хууль Их засаг байсан бол, засаг захиргааны нэгж нь аравт, зуут, мянгат, түмтэд хуваагдаж байлаа. Эргүнэ гүний монгол аймгууд нэгдэж, монголчуудын цөм болж, Их-Монгол улс байгуулсны дараа Чингис гадагш аян дайнд мордов. Тэрбээр аян дайныг эхлүүлдэг ч, хэзээ ч дуусгадаггүй байжээ. Аян дайныг эхлүүлээд ялах нь тодорхой болмцогц газар нутгийг нь хэнд захируулахаа шийдээд дараагийн аян дайнд морддог байсан байна. Ингэж явсаар түүний газар нутаг Цагаан хэрэмнээс Байгаль нуур, Хянганы нуруунаас Алтайн нуруу хүрчээ. Цаашлаад Алтан улс, Хорезмын хаант улс, Дундад ази, Умард Кавказ, Орос, Польш, Унгар зэрэг улсыг эзэлсэн байгаа юм. Монголын эзэнт гүрний түүхэнд Чингис хаан эзэлсэн газар нутгаа дөрвөн хүүдээ өвлүүлсэн тухай ихэвчлэн гардаг. Тэгвэл зохиолч Жак Вотерфордын Монгол хатдын нууц товчоонд Чингис тархай овог, аймгуудыг нэгтгэж газар нутгаа эхлээд өөрийн хатаддаа захируулаад гадагш аян дайнд мордсон. Гадагш аян дайн хийж эзэлсэн улсуудаа дараа нь өөрийн охидуудад захируулсан тухай өгүүлжээ. Хамгийн эцэст нь эзэлж авсан газар нутгуудаа өөрийн хөвгүүдэд захируулсан тухай санааг цухалзуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хатдын захирч үлдсэн газар нутаг охидын газар нутгаар хүрээлүүлж байжээ. Харин хатад болон гүнж нарын газар нутаг гадуураа хөвгүүдийн эзэмшил нутгаар хүрээлүүлэн, хамгаалуулах зохион байгуулалттай байсан санаа эндээс цухалздаг билээ. Чингис хаан Бөртэ, Хулан, Есүй, Есүгэн гэх хатадтай байсан бол, тэднээс Алалтун, Чэчэйхэн, Алага гэх 4 охин, Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуй гэх 4 хүү төрсөн байгаа юм. Чингис удирдаж, тэд эзэлсэн газар нутгийг нь захиран суудаг байлаа. Гэхдээ тэрбээр зүгээр нэг эзэлж авсан улсаа охидоороо захируулаад байсангүй. Торгоны зам дагуух, худалдаа арилжаа төвлөрсөн, хот суурингийн ханхүү нартай охидоо ураг барилдуулж байсан тухай түүхэнд гардан билээ. Тухайлбал, торгоны зам дагуух Уйгурыг Алалтун бэхи, Онгудыг Алага, Казакийг үлдсэн охин нь захирч суужээ. Чэчэйхэн Ойрадыг захирсан ч, бусдыгаа бодвол сул дорой, ололт амжилт муутай байсан байна. Алалтун болон Алага нар Чингисийн цааш хийх аян дайных нь бааз суурийг торгоны зам дагуух хот сууриндаа сайтар базааж өгсөн гэдэг. Ийм замаар газар нутгаа улам өргөжүүлж, Монголын эзэнт гүрнийг байгуулах үндэс суурийг тавьжээ. Чингис хаан 1227 онд аян дайнд явж байхдаа бэртлийн улмаас насан эцэслэсэн байдаг. Чингис хааныг оршоосон газрыг Их-Хориг гэж нэрлэх бөгөөд одоогийн Өвөр-Монголын нутаг хавьцаа гэх нь бий. Түүнийг нас барсны дараагаар хөвгүүд нь хатад болон гүнж нарын захиргааны газар нутаг руу түрэмгийлж, эцэстээ өөр хоорондоо байлдсан аж. Хэдийгээр тэд өөр хоорондоо байлдсан ч, Монголын эзэнт гүрнийг зарим талаар нь өргөжүүлж чадсан юм. 1262 онд Их-Монгол улс задарч, Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадайн улс, Юань гүрэн гэж дөрвөн том гүрэнд хуваагдан 16-р зууныг хүртэл өөр хоорондоо байлдах, зарим тохиолдолд нэгдсээр иржээ. Дээрх дөрвөн гүрнийг Чингисийн 4 хүү захирч байсан гэж ойлгож болно.  

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн 4 улс…

Үргэлжлэл бий…