12 сар 22, 2024

Нэхийгээс торгон дээл хүртэл

-Монгол дээл үүссэн түүх-

Монголчуудын түүх соёлын салшгүй хэсэгт үндэсний хувцас орно. Үндэсний хувцас дээл, бүс, малгай, гутал зэргээс бүрддэг. Эрт дээр үеэс жилийн дөрвөн улиралд дасан зохицож амьдарсаар ирсэн монголчууд өвлийн цагт нэхий, хурган дотортой, үстэй, хавар намрын цагт хөвөнтэй дээл, зун дан тэрлэг өмсдөг байжээ. Эдгээр нь өвдөгнөөс доогуур урттай, гарын шуу хүрсэн ханцуйтай, битүү зөрсөн энгэртэй. Энэ нь өврөөрөө салхи авахгүй, гар хөлөөрөө даарахгүй байхыг бодолцон хийсэн монголчуудын амьдралын гүн ухааны бүтээл гэж ойлгож болно. Археологийн судалгаагаар олдсон дээлийн хэв маяг орчин үеийн дээлийн хэв маягтай төстэй. Эсгүүр хийцийн хувьд ч төстэй байсныг түүх гэрчилдэг. Хүннү гүрнээс өмнө монголчууд элдсэн хонины арьсаар өмд, цамц хийж өмсдөг байсан гэж үздэг. Монгол үндэсний хувцас он удаан жилийн түүхтэй ч, олдворуудын хувьд нэлээд хомс байдаг. Харин Хүннү нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн судалгаагаар олдсон Хүннү нарын хувцас баруун, зүүн тийш зөрдөг дугуй энгэртэй дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гутал байжээ. Тиймээс монголчууд МЭӨ III зуунаас эхлэн дээл өмсөх болсон гэж судлаачид үздэг юм. Хүннүгийн дараа монголын нутаг дэвсгэр дээр МЭ 2-6 зуунд амьдарч байсан Сяньби, Жужан нар мөн ийм хийцийн дээл өмсч байжээ. Гэхдээ монгол дээлийн хийц загвар нэгэн хэвийн байгаагүй. Монголын газар нутагт амьдарч байсан Киданчууд Хүннү, Сяньби, Жужанаас ондоо зөв дарсан ташуу энгэртэй дээл өмсдөг байжээ. Дорнод аймгийн Шонх Толгойн Киданы үеийн гантиг баримлаас үүнийг харж болох юм. Ташуу энгэр бүхий хийцийн дээлийг 13-14 зууны үеийн Монголын их хаадууд мөн өмсдөг байжээ. Тиймээс Монголын их хаадууд эртний Киданчуудын хувцас өмсгөлийг уламжлан авч, хадгалан үлдсэн гэж судлаачид үздэг юм. Энэ үеэс монголчуудын хувцас, чимэглэл улам төгөлдөржиж Хубилай хааны үед тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ингэснээр ёслолын, албаны, цэргийн хувцас хэмээн ангилагдах болж тухайн хүний зэрэг дэв тодорхойлогддог болсон байна.

13-14 зууны монгол язгууртнууд ташуу буюу мөөрөлжин энгэртэй дээл өмсч байсныг нотлох зарим нэг баримт бий аж. Үндэсний хувцас судлалын академийн загвар зохион бүтээгч н.Баярзул: Сүхбаатар аймгийн Онгон сумаас мөөрөлжин энгэртэй гүнжийн хувцас олдсон. Манай улс энэ дээр нэлээд баримт судалгаатай байдаг болохыг онцолж байлаа. Мөн Чимбай хатан ташуу энгэртэй, нударгагүй, цөөхөн товчтой тайлга ёслолын хувцас урлаж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ. Хубилай хаан тайлга ёслолын хувцас урлах зарлиг буулгаснаар Чимбай хатан ийн ёслолын дээл урлаж байсан гэлцдэг. Чимбай хатны өөрийнх нь зохиосон, урласан хувцаснууд тухайн үедээ их түгээмэл хэрэглэгдэж ирсэн ч, яваандаа хөгжлийн зүй тогтлоороо хувьсан өөрчлөгдсөн тухай судлаачид өгүүлдэг юм. Монгол дээлийг нэхий зэрэг малын гаралтай түүхий эдээр эхэндээ хийдэг байсан ч, худалдаа арилжаа хөгжиж торгоны зам үүссэний дараагаар тив улс дамнан торго арилжаалах худалдаачид цөөнгүй болжээ. Үүнийгээ дагаад 13 зуунаас эхлэн дээл хувцасны гол түүхий эд нь торго болж өөрчлөгдсөн байна. Монголын их хаадад зориулсан ганцхан хувь торго үйлдвэрлэж түүгээрээ бэлэг барьж ирсэн соёл уламжлал ч бас бий. Монгол хаадын дээлийг эрдэнийн чулуугаар шигтгэж, алтан утсаар эмждэг байсан нь археологийн судалгаагаар мөн нотлогддог байна. Мөөрөлжин энгэртэй дээлийг 13-14 зуунд язгууртнууд өмсч байсан бол, ийм хийцийн дээлийг 15-17 зуунд энгийн иргэд болон лам хуврагууд өмсөх болжээ. Шарын шашны гол өмсгөл нь ташуу энгэртэй худам монгол дээл юм. 15-р зуунд монголд шарын шашин хүчтэй дэлгэрснээр ташуу энгэртэй дээл өмсөх болжээ. Энэ үед лам хуваргууд шар, улбар шар, улаан, улаан хүрэн, хүрэн өнгийн бөсөөр дээл хийж дээр нь орхимж ороодог байсан байна. Эртний Грекийн нөмрөг Энэтхэг, Төвдөөр дамжин орхимж нэртэйгээр ийнхүү Монголд заларч, лам нарын хувцасны салшгүй хэсэг болсон нь энэ юм. 16-р зууны эцэс хүртэл монголчууд гол төлөв ногоон, цэнхэр өнгийн торгоор хийсэн ташуу энгэртэй дээл ихэвчлэн өмсдөг байсан бол, 17 зууны эхэн үеэс дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болжээ. Монголчууд манжийн дарлалд орсонтой үүнийг холбон тайлбарладаг.

Тус үндэстний дээлийн хэв загвар монгол үндэсний хувцаст нөлөөлсөн гэж судлаачид үздэг юм. Энэ үед Монголын ноёд, тайж, ван, гүн, бэйл, бэйс гэсэн шинэ цол хэргэмтэй болж, манж ямбаны дээл өмсөх болсон гэнэ. Дээлийн хэв маягийн хувьд энгэр нь дөрвөлжин бөгөөд дан эмжээртэй, ханцуй нь өргөн, ар хормой нь урд хормойноосоо тавиу байжээ. Монгол эрчүүдийн өмсгөл ийн өөрчлөгдсөн бол, 17 зууны эцэс гэхэд халх эмэгтэйчүүдийн өмсгөлд өөрчлөлт орж дөрвөлжин энгэртэй, түнтгэр мөртэй, нударгатай дээлээр гоёх болжээ. Халх эмэгтэйчүүд дээлээ тод өнгийн торгоор, ханцуйг нь тод өнгийн хоргойгоор хийдэг байж. Харин дээлийн нударга гол төлөв хөх өнгөтэй байсан байна. Үүний сацуу дээлийн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр хормойг тойруулан хэдэн үе олон өнгийн хоргойгоор эмждэг байжээ.1911 онд монголчууд манжийн дарлалаас гарахад Богд хаан Ёслолын цаазын бичиг гаргаж, төрийн ёслолын үед хэрэглэх хувцасны дэг жаягийг нарийвчлан зааж, эртний Энэтхэг хаадын болон Төвд лам нарын хувцаснаас санаа авч, монгол хувцасны ерөнхий загварт оруулж Монгол улсын хаад ноёдын хувцасыг шинээр зохиож байжээ. Гэвч ноёд, түшмэдийн өмсгөлийг монгол хэв загварт оруулж зохиосон энэ хувцас өмсгөл удаан хэрэглэгдсэнгүй. Манай улсад 1921 онд ардын хувьсгал ялснаар тайж, ноёд хэмээх хэргэм цол үгүй болж, үүнийгээ дагаад хувцас, өмсгөл нь мөн өөрчлөгдсөн байна. 1924 оноос эхлэн монголчууд эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн, уламжлал ёс заншлаа сэргээж, баруун зүүн битүү зөрдөг дугуй энгэртэй, нударгагүй, өвдөгнөөс доогуур урттай дээл өмсөх болжээ. 1930-аад он гэхэд монголчууд нийтээрээ энгийн хийцтэй дээл өмсөх болсон ч, 1940-өөд оноос оросын соёлын нөлөөгөөр европ хувцас манай улсад дэлгэрч, монголчууд барууны хэв шинжийн хувцас өмсөх болсон түүхтэй. Хэдийгээр тийм ч, эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн, уламжлал ёс заншлаа хадгалан үлдэж чадсан юм. Халуунд халахгүй, хүйтэнд дааруулахгүй цаг агаар, мал аж ахуйтайгаа дасан зохицсон нүүдэлчдийн сэтгэлгээгээр бүтсэн монгол үндэсний хувцас биед эвтэй тул олон зууны туршид орхигдсонгүй, хэв шинж нь цаг үетэйгээ зохицон хувьсан өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй. Монголчууд эрт дээр үед ойролцоогоор 400 гаруй төрлийн уран нарийн хийцтэй дээл, үндэсний хувцас өмсдөг байсан нь судалгаагаар тогтоогдсон. Түүнийг баяжуулж, урлагийн давтагдашгүй бүтээл болгож, хойч үедээ үлдээх үүднээс манай улсын загвар зохион бүтээгчид уран нарийн хийцтэй үндэсний хувцас урладаг билээ.

-Бөө мөргөлийн хувцас, өмсгөл-

Бөө мөргөл нь монголчуудын хамгийн эртний шашин гэж үздэг. Хүннүгийн үед бөөгийн шашин дэлгэрч байжээ. Хүннү улсын бөөгийн мөргөл нь монголын бөөгийн мөргөлтэй нягт холбоотой. Учир нь Хүннүгийн ихэнх нь монгол угсаатан байсан юм. Хүннү их улсын дараагаар монголын эх газраар нутаглаж байсан Сяньби, Жужан, Кидан, Уйгарууд мөн бөөгийн шашин шүтдэг байсныг түүх судруудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Зүгээр нэг хүссэн хүн бөө удган болчихдог зүйл биш аж. Өвөг дээдсийнхээ сүнстэй харьцаж чаддаг хүнийг бөө удган гэж нэрлэдэг байна. Бөө удганы онгод орсон үед өвөг дээдсийнх нь сүнс биед нь орж үр удам, хойч үеийнхэнтэйгээ харьцахыг хэлдэг байна. Бөө, удган бөөлөхдөө тусгай өмсгөлтэй байдаг. Бөөгийн хувцасыг эрхэмлэн хүндэтгэдэг амьтны, шувуудын арьсаар хийж янз бүрийн зүйлээр чимэглэдэг байжээ. Бүх чимэглэлүүд нь бөөгийн аугаа хүчтэйг, түүний орчлон ертөнц удмыг нь эрхэмлэн билэгддэгийн гэрч болдог. Чимэглэлүүдэд нь сүнс туслагчийн дүр төрх, жижигхэн загвартай буу зэвсэг, хүн амьтны дүрсүүд, хангирагдаг сэлэм шиг бөөрөнхий зүүлтүүд, хонх булга хэрэмний арьс, мөн бусад амьтны арьсууд орно. Хувцас нь нар, сар, од, модны дүрсээр чимэглэгддэг байжээ. Хэрэв хувцас нь шувууны дүрстэй байвал нуруунд нь далавч болгон шувууны өд бэхэлдэг байна. Энэ өмсгөл нь өнөөдөр дэлхийн эрдэмтэн, судлаачид, загвар зохион бүтээгч, театрын зураачдын сонирхлын ихэд татаж байгаа юм. Учир нь энэ өмсгөл загвар зохион бүтээгч, оёдолчин, хэн дуртай нь урлачихдаг зүйл биш аж. Нарийн хийцтэй байдаг учраас тэр юм. Зарим хүмүүс энэ хувцас, өмсгөл бөөгийн хүслээр биш, бурханы хүслээр хийгддэг гэж ярих нь бий. Үндэстний хувцас судлалын академийн загвар зохион бүтээгч Баярзул: Бөө мөргөл нь манай эзэнт гүрний үеэс уламжлагдаж ирсэн бүр эртний шашин юм. Бөөгийн хувцас, өмсгөл нь өөрийн гэсэн түүхтэй, нууцтай, өвөрмөц ёс жаягтай, өөрийн гэсэн бэлгэдэлтэй байдаг. Бөөгийн хувцас нь эзэндээ хүч чадал өгдөгөөрөө монгол үндэсний хувцаснаас ялгардаг. Бөөгийн өмсгөл нь шашны хувцас учраас маш хүндэтгэлтэй хандах ёстой. Бөөгийн хувцасыг өмсдөг дэг жаяг ондоо, зөвхөн бөө удганууд өмсдөг онцлогтой. Бөөгийн хувцасны тухайд гэвэл Монгол бөөгийн хувцасны хэлбэр ерөнхийдөө адил боловч, өөр өөрийн онцлогтой байдаг. Цаатан, Дархад, Буриад, Халх гэдгээр ялгардаг юм. Тухайлбал, баруун монголын бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсдөг. Дээл нь захаасаа аваад хормой хүртлээ урт эрээн даавуунууд унжуулан зүүсэн байдаг. Харин халх бөө нарын малгай нь нилээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой байдаг. Дархад бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай. Онцлог шинжүүд энэ боловч бөөгийн өмсгөл нь дээл буюу тэрлэг. Тэдгээр нь нэг хэв шинжтэй байдаг юм. Бөө удганууд дээлээ бүсэлдэггүй. Бөө удган нар бөөлөхдөө янз бүрийн бүс даавуугаар эрээлж оёсон урт дээл өмсдөг. Дээлийн захаар бүс даавуугаар хайчлан хийсэн могой зэрэг элдэв амьтны дүрсийг хадна. Үүнийг далавч гэж нэрлэдэг юм. Бүргэдийн савар буюу бугын эврийн дүрсийг цутган отго болгон суулгасан төмөр буюу оргой гэдэг малгай өмсөнө. Малгайн ар талд 6 буюу 9 салаа өнгийн даавуу унжсан байх бөгөөд үүнийгээ майхууч буюу майхавч гэдэг. Зарим нь 9 үетэй төмөр гинж малгайныхаа араас зүүсэн байдаг. Урд талдаа, дээр нь 3-3-аар зэрэгцүүлсэн төмөр цагираг хадсан арьсан буюу даавуун хаалт зүүх ба үүнийгээ элгэвч гэнэ. Үүнээс гадна бөөгийн хувцас, өмсгөлд хэнгэрэг, цохиур, тогшуур таяг, толь, онгод зэрэг багтдаг юм хэмээн хэдэн жилийн өмнө хуучилж байсан билээ.
Бөө мөргөлийн хувцас өмсгөл нь монгол дээлийн нэг төрөлд багтдаг. Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн шашны хувцас өмсгөлийн урлахдаа загвар зохион бүтээгчид юуг анзаарч ирснийг үүгээр харуулахыг зорьсон юм.

Бөөгийн малгай нь бугын эврийн дүрстэй төмөрлөг титэм, эсвэл шувууны өдтэй байдаг аж. Эдгээр нь даавуун, эсвэл савхин боолтоор бүрэгддэг бөгөөд янз бүрийн өнгөтэй даавуугаар чимэглэсэн байдаг гэнэ. Эдгээрээс гадна энгэртээ толь зүүдэг байна. Бөөгийн толь нь муу муухай энергийг биеэсээ зайлуулахад тусладаг хэрэгсэл гэж үздэгтэй нь холбоотой. Оюун ухааны энергийг дотроо үлдээж, сүнс шилжүүлж чаддаг гэж үзэн хэнгэрэг хэрэглэдэг байна. Хэнгэрэг янз бүрийн хэлбэртэй. Тухайлбал, бөөрөнхий, зуйван хэнгэрэг бий. Тэдгээрийг шинэс, хус, хуш, зэрэг модоор хийдэг байна. Хэнгэрэг хийх модыг сонгохдоо гэмтэж бэртээгүй модноос тахил өргөж, онцгой ёс үйлдэж авдаг байна. Хэнгэргийг унага болон бугын арьсаар гадарладаг. Тогшуур нь бөөгийн чухал хэрэгслийн нэг. Цохих гадаргуу нь арьсаар эсвэл савхиар бүрэгдэж, ар талд нь бөгж тууз уягддаг. Бөөгийн таягийг ихэнхдээ модоор хийдэг. Зарим нэг тохиолдолд төмрөөр хийдэг байна. Дээд зах нь морины юм уу, өөр амьтны толгойн дүрстэй байдаг. Заавал сэлмэн хэлбэртэй зүүлт, хонх, туузаар чимэглэдэг байна. Таяг нь нөгөө ертөнцийн сүнсүүдтэй харьцдаг хэрэгсэл бөгөөд, бөөгийн эрх мэдэл сүр хүчийг илэрхийлдэг. Гартаа сорви хэмээх нарийн мод барьсан байхаас гадна, даавууны нарийн өөдөс зүүсэн, төмөр цагирагтай мод барьсан байх бөгөөд үүнийгээ ташуур гэж нэрлэдэг аж. Ташуур нь бөөг чөтгөрүүдээс хамгаалдаг гэж үздэг юм байна. Ташуурыг морины сүүлээр хийж модон бариулд бэхэлдэг гэнэ. Бөө нар гартаа тал  хэнгэрэг барьдаг. Үүний гэц гэж нэрлэдэг байна. Багш, бөө, удганы гэц цагаан өнгөтэй байдаг бол, шавийнх улаан өнгөтэй байдаг аж. Бөөгийн ёсонд цагаан өнгө хамгийн эрхэм өнгөнд тооцогддог учраас тэр юм байна. Бөө, удган бүр нэг онгоны дүрс хийж тавиад тахиж байдгаас гадна, бөөлөхийн өмнө заавал онгоны дүрс хийж тавьдаг байна. Эдгээр нь бөөгийн онгодыг илтгэж байдаг. Онгод нь өвөг дээдсийнх сүнсүүдийг илтгэдэг байна. Бөөгийн сургаальд онгодыг ямар нэг аюулаас авран хамгаалж чадах сахиус гэж үздэг байна. Сонин, содон дарханы хэрэглэл болох хүн дүрстэй хүүхэлдэйнүүд байна. Тэдгээрийг мод, чулуу, төмөр, даавуу, мөн амьтны арьсаар эрт дээр үед хийдэг байжээ. Харин орчин үед төмөр буюу даавуугаар хийх нь элбэг аж. Үүнээс гадна, бөөгийн дээлийн ханцуйнаас урт оосор унжиж байдаг. Үүнийг мажиг гэж нэрлэдэг юм байна. Эдгээр урт урт мажиг нь могойг дүрсэлж буй хэрэг аж. Могой нь бөөгийн хүч чадлыг илтгэдэг байна. Түүхийн явцад бөөгийн хэрэгсэл өөрчлөгдөж, хувцасны тоо нэмэгдсээр ирсэн гэж түүх судлаачид үздэг. Бөөгийн хувцасанд гурван гол зүйл байдаг. Хувцасны гол утга учир нь араатан болон шувуудын бэлэг тэмдгийг илэрхийлсэн байдгаараа онцлог аж.

-Монголчууд жилд импортын хувцасанд хэдэн төгрөг зарцуулдаг вэ-

Манай улсад хувцас загварын цөөнгүй их дээд сургууль бий. Эдгээрээс жилд хичнээн тооны боловсон хүчин бэлтгэгдэж гардаг юм бүү мэд. Ямар ч байсан жил бүрийн гоёл наадмаас хараад байх нь манай улс загвар зохион бүтээгчээр дутахгүй нь илт. Гоёл наадмаар манай улсын загвар зохион бүтээгчдийн бүтээл тайзнаа харагддаг ч, дэлгүүрийн лангуун дээр тэдний урласан хувцас огт харагддаггүй. Яагаад гэдэг нь тун сонин сонирхолтой учраас энэ талаар загвар зохион бүтээгч Соёлмаатай ярилцаж явснаа цаасан дээр тэмдэглээд үлдээж. 2006 оноос хойшхи ярилцлагуудаа хувийн архиваасаа хайвал сонирхолтой яриа гарч ирж мэдэх юм гэсэн бодол төрөв. Ер нь ажиглаад байхад манай улсад цөөхөн хэдэн ноос, ноолуур, арьс шир, нэхий үйлдвэр, үндэсний дээл хувцасаа урладаг хүмүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх юм. Үүнээс өөр хувцас үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж бараг алга. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам өсдөг хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр бараг байхгүй гэж ойлгож болох юм. Эндээс манай улсын загвар зохион бүтээгчид жилд нэг удаа зохиогддог Гоёл наадамд ороцох гэж энэ мэргэжлийг эзэмшдэг юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Манай улсын загвар зохион бүтээгчдын урласан ноос ноолуур, арьс шир, нэхийгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг голдуу хавар, намар, өвлийн улиралд тохиромжтой. Бусад үед монголчууд гол төлөв импортын хувцас өмсөх нь элбэг. Нэгэн үе наймаачид урд хөршийн импортын хувцас вагон вагоноор нь зөөвөрлөдөг байлаа. Эхэндээ хятад хувцас хямд байлаа. Харин одоо хятадын дотоодын худалдан авах чадвар сайжирсан, юанийн ханш өссөн зэргээс шалтгаалж чанаргүй, загвар муутай байсан ч үнэ нь дийлдэхээ байсан. Ер нь хятадын худалдааны төвөөр явж байхад бөөнөөр авбал юу юм гэхээс биш, жижиглэнгийн үнэ нь монголоос авсантай яг л ижил юм билээ. Мэдээж одоо тэр үеэ бодвол харьцангуй өөр болсон. Орчин үеийн залуус хятадын бус, солонгосын, цаашлаад брэндийн хувцасаар гангарах дуртай болжээ. Гэхдээ хятад байна уу, солонгос байна уу, брэндийн байна уу бүгд импортынх шүү дээ. Хүмүүс юугаа өмсөх нь тэдний хэрэг мэт боловч, энэ дээрээс л улсын бодлого байхгүй байгаа нь илт харагддаг гэх үү дээ. Ер нь манай улсын загвар зохион бүтээгчид намар, өвөл, хавар, зуны улиралд өмсдөг хувцасны загвар, дизайн, стиль, имижийг чанарын дээд түвшинд зохиож, тэр загвараар нь дотоодын аж ахуйн нэгжүүд чанартай бүтээгдэхүүн хямд өртөгөөр үйлдвэрлэдэг бол монголчууд импортын хувцасанд валют зараад баймааргүйсэн. Тэр хэрээр гадаадын хувцасны зах зээлийг тэтгэхгүй байх байсан биз. Ер нь монголчууд жилд хэдэн төгрөгийн хувцас гаднаас импортолдог юм бол гэж дотроо бодож бяцхан судалгаа гаргах гэж оролдов. 2010.02.06-ны өдрийн валютын ханшаар монгол хүн багаар бодоход жилд 500 мянган төгрөгийн импортын хувцас өмсдөг гэж цээжний тооцоо хийж байснаа нуух юун. Энэ бол хамгийн доод ханш билээ. Үүгээр тооцоход 2,5 гаруй сая иргэн, жилд 1 их наяд 250 тэрбум төгрөгийн үнэтэй импортын хувцас багаар бодоход худалдан авч хэрэглэдэг байгаа юм. Мэдээж тэр үеэс хойш одоо нөхцөл байдал өөр болсон. Адаглаад юмны үнэ хэд дахин нэмэгдсэн, хүн амын тоо ч 3 сая давчихсан яваа. Үүгээр тооцвол монголчууд одоо хэдэн төгрөгийн үнэтэй импортын хувцас өмсдөг вэ гэдгийг төвөггүйхэн мэдэх боломжтой. Яг үүгээр мэргэжлийн байгууллага нь нарийн тооцоо судалгаа гаргаагүй байдаг учраас албан тоо дурдах боломжгүй юм. Тиймээс цээжний тооцоо хийж, бяцхан судалгаа гаргаж үзсэн хэрэг. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцсэн хувцас дотооддоо үйлдвэрлэхгүй байгаагаас, монголчууд гадаад зах зээл рүү их хэмжээний валют урсгаж байдаг юм.

Фото: ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажын музейд хадгалагдаж буй 13-14 зууны үеийн Их монгол улсын хувцас өмсгөлийн зураг ашиглав.