12 сар 19, 2024

Дэлхийн хэвлэлүүд сонгууль сурвалжилна

Дэлхийн 12 хэвлэл мэдээллийн байгууллагын 27 сэтгүүлч сонгууль сурвалжлахаар бүртгүүлжээ

2024.06.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ. Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим,  үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө. Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас гадна, санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана. Улмаар санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж. Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт дотоодод төдийгүй гадаад улсуудад бүрэн нээлттэй. Энэ удаагийн сонгуулийн гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 (Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse) байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж, олон улсад мэдээлэхээр Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авчээ гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ. 

Дэлхийн мэдээллийн агентлагууд

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг дэлхийн хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлахаар бүртгүүлсэн байна. Хятадын CCTV, Xinhua News Agency нь тус улсын төв хэвлэлд ордог. Үүнээс гадна Японы Kyodo News, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Nikkei зэрэг 4 хэвлэл мэдээллийн байгууллага сонгууль сурвалжлахаар бүртгүүлжээ. Үүнээс гадна, the Guardian, Agence-France-Presse, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen зэрэг европын хэвлэлүүд багтжээ. Английн Reuters, Францын AFP нь дэлхийн шилдэг 5 хэвлэл мэдээллийн тоонд багтдаг гэх судалгаа байдаг. Reuters агентлагийг 1851 оны аравдугаар сард сэтгүүлч Paul Reuter үүсгэн байгуулсан гэдэг. 2000 оны эхээр тус агентлаг дэлхийн шилдэг таван мэдээллийн агентлагийн тоонд багтаж байлаа. Тус мэдээллийн агентлаг нь хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч нь Press association болон Ройтерс агентлагийн ажилчид эзэмшдэг гэх 2000-аад оны мэдээлэл бий. Reuters агентлаг олон улсын мэдээ бэлтгэн дамжуулдаг бол, 1868 онд байгуулагдсан Press association нь 120 гаруй орон нутгийн сониноос бүрдэж, дотоодод мэдээлэл түгээдгээрээ онцлогтой байжээ. Үүгээрээ Reuters болон Press association ялгардаг аж. Харин Францын хэвлэлийн агентлаг 1835 онд байгуулагдсан ч, 1944 оны есдүгээр сараас Францын хэвлэлийн агентлаг болох Agence France Press /AFP/ нэрээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Тус агентлагийн төв байр Парис хотноо байрладаг бөгөөд дэлхийн 151 гаруй оронд салбартай. Олон улсын мэдээллээ Франц, Англи, Испани, Португали, Герман, Араб зэрэг улс үндэстнүүдийн түгээмэл хэрэглэдэг зургаан хэлээр гаргадаг байна. Тиймээс AFP өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагийн тоонд зүй ёсоор ордог юм. Бүр 1935 оноос Эйфлийн цамхагт дамжуулах антенн байрлуулж телевизийн хөтөлбөр байнгын дамжуулж эхэлсэн бол, 1964 оноос хоёрдугаар хэсэг нь ашиглалтад орж, 1972 оноос телевизийн хөтөлбөрөө өнгөтөөр дамжуулж эхэлсэн гэдэг. 1984 оноос тус мэдээллийн агентлагийн хөгжлийн 4-р шат эхэлсэн гэж үздэг. Тус мэдээллийн агентлаг 2018 онд 2400 гаруй ажилтантай гэх судалгаа гарч байжээ. 

Translate