12 сар 22, 2024

Банк-100 үзэсгэлэн нээлтээ хийлээ

2024.06.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Чингисийн музей. Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тиймээс 2024.06.02-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд Банк-100 гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, арилжааны банкнуудын захирлууд, Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Монголын Зоос Судлалын Холбоо, Монголын филателийн холбооны удирдлага болон бусад зочид төлөөлөгчид оролцов. Эдүгээгээс 100 жилийн өмнө буюу 1924.06.02-ны өдөр Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк анхлан байгуулагдсан нь Монгол Улсад орчин цагийн буюу өнөөгийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болсон билээ. Банк-100 үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун жилийн түүхэн фото зургууд болон Монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан Монголбанк-100 жил, Хубилай хааны зарлиг, Хос луу сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд мөн танилцуулав. Түүнчлэн Монгол шуудан ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулан гаргасан Анхны өдөр маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурах зэрэг ёслолууд болов гэж төвбанкнаас мэдээлэв.