12 сар 22, 2024

Б.Эрхэмбаяр: Банк намайг хүмүүжүүлсэн

Банкны-100 жилийн ойн мэндийг банкир найз нөхөд хамт олондоо хүргэе. Доорх дурсамж минь 100 жилийн дурсамжийн номд багтах юм. Банкныхаа системд 30 дахь жилдээ ажиллаж явна. Миний өдий зэрэгтэй яваа, энэ их айл руу хөтөлсөн нагац ах Монголбанкны анхны Дэд Ерөнхийлөгч асан Б.Аюуш ахын минь буян, банкны хамт олны минь буян билээ.

2024.06.02. Монгол Улс. Дурсамж бичсэн Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрхэмбаяр. Б.Эрхэмбаяр миний бие Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр 1994 онд төгссөн. Тэр үеийн шилжилтийн нийгэмд зах зээлийн эдийн засгийн онол заалгаснаараа бид, манай төгсөлтийнхөн анхдагчид болж байлаа. 1994 оны 7-р сарын эхээр сургуулиа төгсөнгүүтээ л бид Монголбанк, Сангийн Яам, түүнчлэн арилжааны банкуудад хуваарилагдан ажиллаж эхэллээ. Би өөрөө бол Монголбанкинд ажиллах сонирхолтой байсан ч тэр үеийн хүмүүс их ёс зүйтэй байж дээ. Миний нагац ах буюу ээжийн минь хамгийн бага дүү Б.Аюуш ах маань Монголбанкны анхны Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг байсан тул дүүгээ ажилд авбал хэл ам гарахаас эмээсэн байх. Тиймээс би тухайн үедээ хамгийн том арилжааны банк болох Ардын банкны төвд Санхүү бүртгэлийн газарт хадгаламж хариуцсан эдийн засагчаар ажиллаж эхэлснээр банк гэх энэ их айлын хаалгыг татжээ. Тухайн үед Ардын банкинд Монгол улсын нийт хадгаламжийн 60 гаруй хувь төвлөрдөг Улаанбаатар хотын бүх хадгаламжийн кассуудыг нэгтгэсэн арилжааны анхны банкууд дундаа хамгийн том нь байлаа. Тэр үе бол гипр инфляцийн нөхцөл байдалд банкууд үйл ажиллагаагаа явуулж байсан хүндхэн цаг үе юм. Хадгаламжийн сарын хүүгийн доод хэмжээг Монголбанкнаас сар бүр зарладаг, арилжааны банкууд түүн дээр суурилж хадгаламжийн хүүгээ тогтоодог байлаа. Миний санаж буйгаар хамгийн өндөр хүү сарын 7, жилийн 125 хувь байсан санагдана. Хариуцаж авсан ажил маань хадгаламжийн тайлан нэгтгэх, хадгаламжийн кассуудаас хүүний тооцоолол дээр харилцагчаас маргаан гарсан үед тооцооллыг шалган баталгаажуулж, харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэж өгөх ажил байлаа. Тухайн үед ямар ч тодорхой гэрээгүй хадгаламжийн дэвтрийн хавтсан дээр л хүүний хувийг бичээд орхидог байсан тул маргаан ч тасралтгүй гарна. Хадгаламжийн заавар нь нэг шатлалт Улсын банкны хуучин заавар тул гарсан маргааныг яагаад ч шийдэх аргагүй хуучирсан байсанд ажлаа тус зааврыг шинэчлэх, тухайн үед дөнгөж гарсан Мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцооны тухай хуульд нийцүүлэн хадгаламжийн шинэ журам гаргах, хадгаламжийг гэрээжүүлэх ажлыг санаачлан эхлүүлж байсан маань 30 жилийн өмнө хэдий ч өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Тэрхүү зааврыг гаргахад надад харилцагчийн санал хүсэлтэд дарагдаж нэлээн дадлагажаад байсан практик мэдлэг хэрэг болсон уу нэлээн чамбай заавар болж хожмоо олон арилжааны банкуудын үйл ажиллагаанд нэвтэрсэн байсан. Би ингэж л банкныхны хэллэгээр балансын пассив талд буюу эх үүсвэр талд ажлын гараагаа эхэлж одоо ч банкиндаа актив тал зээл гэхээсээ илүүтэйгээр гадаад дотоодоос зээлийн эх үүсвэр татах тэр л ажлаа хийж явна.Төвбанкинд тухайн үед Хяналт шалгалтын газрын захирлаар Д.Энхжаргал  /Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан/, хадгаламж хариуцсан эдийн засагчаар ажиллаж байсан Б.Лхагвасүрэн /одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч/ нартай ажил хэргийн холбоотой ажилладаг хадгаламжийн хүү тогтоосон Ерөнхийлөгчийн тушаал гарахаар очиж авдаг байлаа. Тэр үед Монголбанкинд манай ангийнхан болох Б.Оюунцацрал /Монголбанкны Хяналт шалгалтын газар Ахлах хянан шалгагч, Хэлтсийн захирлаар олон жил ажилласан/, Х.Дэлгэр /Монголбанкинд олон жил түүний дотор Монголбанкны Дотоод аудитийн газрын захирлаар ажиллаж байсан/ нартай бидний ажлын газар нэг байшинд байх тул байнга орж гарч ойр дотно нөхөрлөдөг байлаа. Тэр үед одоогийн Монголбанкны хуучин төв байрны нөгөө талын хаалгаар ордог байшинд Ардын банкны төв (сүүлд Голомт банкны 1-р тооцооны төв болсон), Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлийн банкны (ХОТШ банк), гадаад төлбөр тооцооны төв тус тус байрладаг байлаа. Бидний үеийнхэн, ангийнхан нэг төгсөлтөөс олон хүн уг байшингийн яг залгаа Сангийн Яаманд бас ажиллана. Тэр үед нийгэм бас шударга байж дээ. Манай төгсөлтөөс банк санхүүгийн анги төгссөн 30 гаруй хүүхдийн нэг нь ч улс төрчид томчуудын хүүхэд байгаагүй ч аль сайн сурлагатай нь шилэгдээд Монголбанк, Сангийн Яам, тэр үеийн томоохон арилжааны банкууд болох Ардын банк, Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлийн банк (ХОТШ банк), Худалдаа хөгжлийн банкинд тус тус ажилд орсон нь тэр. Ангийнхнаас маань одоо ч салбартаа үнэнчээр ажиллаж сүүлийн 30 жилийн түүхийг бичилцэж яваа нь Д.Ганболд, Я.Гармаа, Б.Буян-Өлзий, Б.Нэргүй нар маань Төрийн банкны орон нутаг дахь салбарт захирал, ахлах ажилтнаар, Сангийн Яаманд олон жил ажилласан Энхбат маань Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна. Тэр үед манай Ардын банкны Орлогч захирлаар Д.Сүхээ, Б.Шанив, Санхүү бүртгэлийн газрын захирлаар Л.Даваажав, Зээлийн газрын ахлах ажилтнаар Д.Дагиймаа, Ж.Тогтоххорлоо, Хадгаламжийн 1-р тооцооны кассын захирал Ира, Ерөнхий нягтлан бодогч Амарцэцэг, Сүхбаатар Ардын банкны тооцооны нягтлан миний дадлагын удирдагч н.Амаржаргал, П.Эрдэнэболд, Зээлийн газрын захирал П.Мөнх-Эрдэнэ, Гадаад төлбөр тооцооны газрын захирлаар Г.Хүдэрчулуун гуай (өмнө нь Улсын банкны Ерөнхий хорооны дарга байсан) ажилладаг байсан бөгөөд эдгээр ахмад үеийнхнээсээ их зүйлийг сурч, ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхэд минь гол түшиг тулгуур болсныг дурсаж үргэлж талархаж явдаг. Ялангуяа Хүдэрээ захирал маань их гоё цэмцгэр хувцасладаг, англиар чөлөөтэй ярьдаг жинхэнэ жентельмен хүн байсан даа. Ардын банкинд нэг жил ажиллаад оны ажил дүгнэх хурал дээр үеийнхэн маань дандаа л зээлийн ажилтнаар ажиллаж байхад би л ганцаараа шахам хадгаламжийн эдийн засагч гэж тухайн үедээ их хэл амтай төвөгтэй ажил хийх тул урам хугарах дээрээ тулаад байсан үед Хүдэрээ захирал маань манай Эрхэмээ их хичээнгүй, эелдэг зөөлөн зантай, ямар ч уурлаж бухимдсан харилцагч ороод ирсэн асуудлыг зохицуулаад гаргаж байгаа нь анзаарагддаг. Яг энэ хадгаламжийн эдийн засагчийн ажилд бид нүдээ олсон хүнээ тавьжээ гэж бодож байна. Чиний англи хэл хэр билээ, үүнийг заавал уншаарай гээд надад Britania гэсэн сэтгүүлийн дугаар дээр Ардын банкны гадаад харилцааны тухай хэвлэгдсэн байсныг өгсөн нь цэл залуухан банкны ажилтан надад их урам зориг өгч цаашид банкиндаа шантрахгүй ажиллах, англи хэлээ сайжруулаад гадаадад явж суралцах ёстойг сэрхийтэл хэлээд өгсөн шиг санагддаг. Удалгүй Ардын банк маань 1996 онд Засгийн газраас банкны системд хэрэгжсэн бүтцийн өөрчлөлтөөр Хадгаламжийн банк, Сэргээн босголтын банк болон өөрчлөгдөж би Хадгаламжийн банкинд ажиллаж байгаад Швед улсын Стокгольмийн Их сургуульд суралцахаар хэсэг зуур банкнаасаа холдсон ч 2005 онд Худалдаа хөгжлийн банкинд гадаадын банк санхүүгийн байгууллагын харилцааны ажилд ажиллаж эхэлснээр банкиндаа эргэн ирсэн билээ. Худалдаа хөгжлийн банкинд ажилласан он жилүүд надад жинхэнэ орчин цагийн банкир болон төлөвшихэд минь тусалсан ажил үйлс, дурсамжаар дүүрэн он жилүүд байлаа. Энэ хамт олонтойгоо буюу Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Р.Коппа, Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар, С.Оргодол, О.Хүрэлбаатар, Б.Жавхлан /одоогийн Сангийн Сайд/, Аж ахуйн газрын захирал Т.Баттөмөр, өөрийн үеийн банкирууд болох ГЗО Д.Отгонбилэг, Л.Соронзонболд, Б.Баярмаа, С.Оргодол, П.Гантуул, Мэдээлэл технологийн газрын захирал О.Орхонхүү, Байгууллагын банкны газрын захирал С.Сайнбилэг, Н.Нямсүрэн, Д.Нямрэнцэн, Олон улсын банкны газрын захирал Б.Үлэмж, Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Л.Гантөмөр, Т.Даваажав, Зээлийн хэрэг бүртгэлийн захирал Д.Нандин-Эрдэнэ, Тусгай активийн удирдлагын хэлтсийн захирал П.Моломжамц, Салбарын удирдлагын газрын захирал Ц.Улам-Энхтуяа, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Дэлгэрмаа, Г.Тунгалаг, Санхүү бүртгэлийн газрын захирал Д.Янжмаа, Э.Баасанбат, Д.Баясгалан, Д.Энхтуяа, Картын удирдлагын газрын захирал Х.Ганцэцэцэг, Касс үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяр, Төлбөр тооцооны хэлтсийн захирал П.Мөнхтуяа, Худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тоооцооны хэлтсийн захирлууд Л.Мөнхсайхан, Т.Наранцэцэг, Ж.Эрдэнэчимэг зэрэг хамтран ажиллагсадынхаа хамтаар Монголын банкны систем цаашлаад Монгол улсын Эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулсан олон ажлуудыг хийж бүтээсэндээ баяртай байдаг. Эдгээрээс томоохоныг нь дурьдвал:

  • Гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр олон улсын 20 гаруй банкуудаас Монгол улсын гадаад худалдаа эрхлэгч байгууллагуудын аккредитив баталгаа гаргах, гадаад худалдааны санхүүжилтийн 2.5 орчим тэрбум ам.долларын зээл санхүүжилтийн гэрээ байгуулсан.
  • Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы JICA, Нидерландын хөгжлийн банк (FMO) зэрэг хөгжийн банкуудаас хувийн секторт бага хүүтэй урт хугацаат зээл олгох, төслийн зээлийн гэрээг эдгээр банкуудтай байгуулж, банкны харилцагчдын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллав.
  • Монгол улсаас анх удаа 2007 оноос эхлэн Худалдаа хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах ажлыг удирдан зохион байгуулахад оролцон нийт 6 удаагийн 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө олон улсын хөрөнгийн захаас босгож улмаар энэхүү зээлийн эх үүсвэрийг эдийн засгийн тэргүүлэх салбарын бизнес эрхлэгчдийг зээл санхүүжилтээр хангахад томоохон хувь нэмрээ оруулав.
  • Нидерландийн хөгжлийн банк (FMO), Олон улсын санхүүгийн корпораци (IFC) зэрэг байгууллагуудтай хамтран тогтвортой санхүүжилтийн анхны форумыг 2013 онд зохион байгуулж Монголын арилжааны банкуудыг ногоон тогтвортой санхүүжилтийн бодлогод нэгдэх санаачилгийг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулав.
  • Монгол улс Олон улсын мөнгө угаалтын саарал жагсаалтад багтаж арилжааны банкуудын гадаад төлбөр тооцоо саатах эрсдэлтэй тулгараад байсан 2018-2019 оны үед Сингапурын банктай гадаад төлбөрийг дамжуулах ажлыг санаачлан гэрээ хэлэлцээрийг амжилттай хийв.

Одоогоор миний бие Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Худалдаа хөгжлийн банкинд хамт ажиллаж байсан, системдээ олон жил ажиллаж байгаа үеийн найзууд болох банкны маань Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б. Базармаа, Комплайнсын хэлтсийн захирал А.Дэлгэрсайхан, Картын газрын захирал Х.Ганцэцэг нартайгаа болон банкны салбартаа мэргэшин яваа шилдэг залуу удирдагчид болох Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэбаяр, Гүйцэтгэх захирал А.Сандагсүрэн, Гүйцэтгэх захирлын орлогч Э.Мөнхжаргал нартайгаа нэг баг болон харилцагчиддаа олон улсын банк, хувийн банкны шилдэг үйлчилгээг хүргэхээр зорьж, олон сайхан ажлуудыг хамтарч хийж яваадаа талархаж байна. Мөн миний бие дээр дурьдагсан ахмад үеийн эрхэм банкирууд, захирлууд шигээ бидний залгамж халаа болсон залуу банкны ажилтнуудаа сургаж мэргэшүүлэн, шинэ залуу үеийнхээ дурсамжийг хамтдаа бүтээлцэн, намайг хүмүүжүүлсэн банкны салбартаа ийнхүү 30 дахь жилдээ ажиллаж, Монгол улсад орчин цагийн банк байгуулагдсаны 100 дахь түүхэн ойн жилтэй золгоод байгаадаа туйлын их баяртай байна. Монголын үе үеийн банкирууддаа түүхэн 100 жилийн ойн халуун мэндийг хүргэж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.