12 сар 19, 2024

Үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзав…

2023.02.26. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан. Ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулахаар болсон юм. Энэ жилийн хувьд улсын төсөвт 236 тэрбум төгрөг баталсан бөгөөд 130 тэрбум төгрөгийг нь аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөхөөр төлөвлөжээ. Мөн Улсын Их Хурлын Түр хороо 2023.01.11-ний өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргаад байна. Тогтоолд …зээлдэгчийн төлөх хүүг 3.0-5.0 хувь байхаар тооцож, нийт зээлийн 30-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл шинээр эрхэлж байгаа болон жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөх, 10-аас доошгүй хувийг импортыг орлох, экспортод чиглэсэн төслүүдэд гүйцэтгэлтэй нь уялдуулан үе шаттай санхүүжилт олгох… зэргийг тусгажээ.

-Голден гоби шоколадны үйлдвэртэй танилцав-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Есөн од ХХК-д ажиллалаа. Есөн од ХХК 2004 онд дотоодын зах зээлд Голден Гоби шоколадыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ жил какаоны шошноос шоколад үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, жуулчдад зориулсан үндэсний онцлог бүхий үйлдвэр, шоколадан музей-дэлгүүрийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дотоодын зургаан үйлдвэр шоколад, шоколадан бүтээгдэхүүний зах зээлийн долоон хувийг хангадаг бөгөөд 93 хувийг экспортын бүтээгдэхүүн эзэлдэг. Есөн од ХХК ирэх таван жилд дотоодын хэрэгцээний 12 хувийг дангаараа хангах зорилт тавин ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, оюуны өмчтэй холбоотой шийдвэр болон НӨАТ үйл ажиллагаа хэвийн явуулахад багагүй хүндрэл учруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.

-Сүү хувьцаат компанид ажиллав- 

Тус үйлдвэрийг 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулсан түүхтэй. Одоогоор 4200 харилцагч, 511 ажилтан, 7,000 хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулан, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгийн 30 гаруй чиглэлийн 2,500 малчин, фермерээс жилийн турш сүүг нь авч байна. 2022 оны 12 дугаар сарын байдлаар гэхэд л 27.8 тэрбум төгрөгийн 21.2 сая литр сүү татан авчээ. Компани 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 12 хоршоо байгуулсан бөгөөд энэ жил 10-12 хоршоо нэмж байгуулахаар төлөвлөсөн. Цаашид Үдийн цай хөтөлбөрт төрөл бүрийн тараг, сүү, аарцан бүтээгдэхүүн, хорхой ааруул нийлүүлэх боломжтойгоо илэрхийлжээ. 

-Эйл Би Эйч Технологи копанид зочлов-

Тус компани 2019 оноос био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд мал, амьтанд зориулсан Мимо эрдсийн нэмэлт бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мимо брэнд нь бод, бог малын тэжээл, тахиа, гахайн шахмал эрдэс болон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, таримал мод ургамал, уул уурхайн хөрсний нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай байгаа органик эрдсийн бордоо аж. Тус бүтээгдэхүүн нь малын ерөнхий эрүүл мэнд, дархлаанаас гадна тэжээл шингэцийг 10-20 хувь сайжруулдаг. Мөн тэжээлийн зардлыг 10-20 хувь бууруулж, сүүн ашиг шимийг 10-15 хувь, махан ашиг шимийг 20-25 хувь нэмэгдүүлэн, малын биеийн хорыг саармагжуулж, хорт бодисыг гадагшлуулдаг байна.

-Өгөөмж архад компанид ажиллав-

2023.02.07. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд Өгөөмж Архад ХХК-д ажиллалаа. 2000 онд байгуулагдсан тус компани 130 гаруй ажилтан, албан хаагчтай, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, 30 нэр төрлийн бялуу, бэйкери, кофе шопын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний зах зээлийн 14 орчим хувийг хангадаг бөгөөд үйлдвэрлэлийн нийт хүчин чадлын 50 хувийг хөөмөл, 25 хувийг чанамал бүтээгдэхүүн эзэлдэг байна. Цар тахлын үед төрөөс аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус зэргийн төлбөрийг бүрэн хариуцаж байсан нь ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад томоохон дэмжлэг болсныг хэлж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих шаардлага байгааг хэлэв. Тус компани цаашид хүчин чадлаа нэмж, эрэлтэд нийцсэн, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлэх, хэрэглэж буй усаа саарал ус болгон дахин ашиглахаар төлөвлөсөн байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын системээр гуравдах цалинг сар бүр олгодог. Мөн ажилтнуудаа их, дээд сургуульд сурган, шинэ гэр бүлд байр олгож, төрөл бүрийн сургалтад хамруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав. Тус компани элсэн чихрээс бусад бүх түүхий эдээ дотоодын аж ахуйн нэгжүүдээс авч, харилцан бие биеэ дэмжин ажиллаж байна. Өгөөмж Архад ХХК 2022 онд улсын төсөвт 750 орчим сая төгрөгийн татвар төлжээ.

-Хүн од компанид ажиллав-

Хүн од ХХК 1992 онд байгуулагдсан. ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн үндэсний аж ахуйн нэгжийн нэг юм. Улсын хэмжээнд бүрэн зогсоод байсан нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 онд анхлан сэргээж, 2011 онд бүх төрлийн хиам, махан бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтад оруулж байжээ. Шинээр бий болгосон Armos брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнээс гадна хаягдал өөхийг боловсруулж үйлдвэрлэсэн саван зах зээлд нийлүүлж байна. 60 гаруй ажилчинтай. Ижил төстэй импортын бүтээгдэхүүний татварыг өндөрсгөвөл үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт томоохон дэмжлэг болно гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа. Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд ижил төстэй импортын зарим барааны татварыг үе шаттай нэмэх тухай асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэллээ. Хүн од ХХК одоогоор нөөшилсөн бүтээгдэхүүнээ ОХУ-д, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж эхлээд байна гэжээ. 

-Хаягдал цаас боловсруулах үйлдвэртэй танилцав-

2023.02.08. Монгол Улс. Улаанбаатар хот. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах ЭкоПак Монгол ХХК-ийн цаас дахин боловсруулах үйлдвэрт ажиллав. Тус компани нь 100 гаруй ажилтантай бөгөөд 2010 онд дотоодын хөрөнгө оруулалт бүхий цаасан хайрцаг, сав, баглаа боодлын бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан. Тэгвэл 2022 онд Монголын анхны цаасан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг нээсэн байна. Цаас дахин боловсруулах үйлдвэр нь нийлүүлэгчдээс хаягдал цаас худалдан авч, 100 хувь саарал ус ашиглан хайрцаг, сав, баглаа боодлын анхдагч түүхий эд болох бор цаасыг хоногт 30 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин үндсэн үйлдвэр нь жилд дунджаар 25.2 сая ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улс импортоор авдаг байсныг орлож чадсанаар хоногт 70-80 мянган ширхэг цаасан хайрцаг үйлдвэрлэж байгаа юм. Үндэсний үйлдвэрүүд амжилттай ажиллаж, импортын бүтээгдэхүүнийг орлохын тулд зээлийн хүртээмжийг сайжруулж, урт хугацаатай богино хүүтэй зээл авах боломжийг бүрдүүлэх, мөн тогтвортой ажиллах боловсон хүчин чухал байгааг компанийн гүйцэтгэх захирал Г.Болдбаатар энэ үеэр хэлж байв. Хаягдал цаасыг дахин боловсруулснаар, нэг тонн цаас шатаахад ялгарах 750 кг нүүрсхүчлийн хийнээс сэргийлж, 26.5 мянган литр ус хэмнэн, хогийн цэгт дарж устгах талбайн хэмжээг багасгадаг давуу талтай. Цаашид хайрцаг, сав, баглаа, боодлын бор цааснаас гадна хэвлэлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох 80-250 гр шохойтой болон матт цаас үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Ингэснээр импортоор орж ирж буй 7.1 мянган тонн цаасыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлийг 100 хувь хангах боломжтой гэсэн үг юм. Монгол Улсад жилд дунджаар 3.4 сая тонн хог хаягдал гардаг бөгөөд сүүлийн таван жилд 18.3 хувиар өссөн байна. 2040 он гэхэд одоогийнхоос 21 хувиар өсөх тооцоолол гарчээ. Алсын хараа- 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 2030 он гэхэд 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. 

Translate