12 сар 13, 2024

Монголчуудын бичиг, үсгийн соёл

Жужаны үед хамаарах Хүйс толгойн бичээс

Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээс нь ОХУ-ын Эрмитаж дахь Чингисийн чулууны бичгээс 600 орчим жилийн өмнө буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоожээ. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний Брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд Германы Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Үүнээс гадна, Франц, Туркийн эрдэмтэд уг гэрэлт хөшөөг судалсан гэдэг. Дийлэнх эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэрэлт хөшөө гэж үзсэн байна. Хэдийгээр тийм ч, он цаг тооллын хувьд уг гэрэлт хөшөө Жужаны үед хамаарч байгаа юм. Үүнийг нотлох баримт бол бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр байгаад оршиж буй юм. Монгол Брахми бичиг бүхий энэ дурсгалыг 2019-09-05-ны өдөр Төрийн ордонд залсан бйдаг. 11 мөр бүхий уг гэрэлт хөшөө нь эртний Энэтхэгийн бичигт буюу Төвд үсэгний нэг төрөлд тооцогддог байна. Жужаны хаант улс Энэтхэгтэй харилцаатай байсан учраас Брахми бичиг бүхий гэрэлт хөшөө Монголоос олдсон гэж түүхчид үзэж байгаа юм.


Хүйс толгойн бичээс буюу Брахми бичиг…

Түрэгийн хаант улсын үеийн Руни бичиг

Түрэгийн хаант улсын залгамжлагчид болох Могилян буюу Билгэ хаан, түүний дүү цэргийн жанжин Культегин нарын гэрэлт хөшөө Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон байдаг. Энэ нь Түрэгийн хаант улс Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байсныг бататгадаг билээ. Уг гэрэлт хөшөөний бичээсийг тайлагдашгүй буюу Руни хэмээн нэрлэсэн байдаг юм. Зарим тохиолдол Орхоны хөндийн бичиг, Енисейн бичиг хэмээн янз бүрээр нэрлэх нь бий. Руни бичиг бүхий гэрэлт хөшөө Орхоны Хөндийгөөс гадна, Енисэйн мөрний хөндийгөөс олдсон учраас ийн нэрийджээ. Руни бичиг бүхий хөшөө дурсгал цаашлаад Швед, Норвеги, Финлянд, Дани зэрэг хойд мөсөн далайтай ойр Скандинавын орнуудаас олдож байжээ. Эртний Түрэгийн Руни бичиг бүхий хөшөө дурсгалыг судлах ажлыг анх 1889 онд эхлүүлсэн байна. Улмаар 1890 онд Николай Михайлович Ядренцев ахлагчтай шинжилгээний анги Орхоны хөндийгөөс эртний бичиг бүхий дурсгал олсноо Москвад болсон олон улсын хурлын үеэр мэдэгдсэн гэдэг. Харин 1891 онд В.В.Радловын удирдсан шинжилгээний анги Орхон голын хөндий дэх Түрэгийн дурсгал дээрх Руни бичээсийг судалсан төдийгүй, хад чулуун дээрх зарим бичгийн дурсгалыг шинээр илрүүлэн бүртгэжээ. Георт Фон Габельнец Куль-Тегины гэрэлт хөшөөний бичээсийг, Габриел Деверна Билгэ хааны болон Хар балгасын гэрэлт хөшөөний бичээсийг, Отто Даннер Енисей хийгээд, Орхон бичгийн үсгийг харьцуулан судалжээ. Ингээд Куль-Тегин, Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээсийн үсгийн цэс хийсэн бөгөөд Енисейн бичээсийн 34 үсгийн толь зохион хэвлүүлжээ. 1893-11-25-ны өдөр Копингагений их сургуулийн профессор, хэл шинжээч Томсен Вильгельм Людвиг Орхон ба Енисейн хөндийгөөс олдсон Руни бичгийг тайлж уншин, цагаан толгой боловсруулсан гэх нь бий. Харин 1893-12-15-ны өдөр Дани улсын эзэн хааны эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүс Орхон ба Енисейн Руни бичиг 38 үсэгтэй авианы бичиг болохыг тогтоосон байгаа юм. Дашрамд дурдахад, Енисей нь эвенк хэлний Иоанесси хэмээх үгнээс гаралтай аж. Енисей мөрөн Монголын Хөвсгөл аймгийн нутгаас эх авч, Оросын Сибирийн төв хэсгийг нэвтлэн урсч, Енисейн булангаар дамжин Хойд мөсөн далайн Карын тэнгист цутгадаг бөгөөд дэлхийд уртаараа 5-д ордог юм. Руни бичээс бүхий гэрэлт хөшөө олдсон газрууд үүнтэй ойролцоо байгаа юм. Тухайлбал, Руни бичиг бүхий гэрэлт хөшөө дурсгал Орхон-Енисей-Швед-Финлянд-Норвеги-Дани гэсэн маршрутаас олдсон байгааг анзаарч болно. Тиймээс дээрх голуудын ай савыг дагаж цааш хойд мөсөн далай хүртэл Руни бичигтэнгүүд буюу түрэгүүд нутаглаж байсан байж магадгүй хэмээн тааварлаж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, Руни бичиг бүхий хөшөө дурсгалаас Түрэгийн хаант улс хаа хүртэл оршин тогтнож байсныг харж болох мэт. Дашрамд дурдахад, Сибир нь Шивэр гэх үгнээс гаралтай хэмээн Жак Вотерфордын зохиолд гардагийг энд өгүүлэхэд илүүдэхгүй биз ээ. 

Руни бичиг

Уйгурын хаант улсын үеийн Согд бичиг

Эртний Уйгурын хаант улс шашин, соёлын талаар аль улстай өргөн харилцаатай байсан бэ гэх асуулт гардаг. Үүнд дийлэнх нь Энэтхэг гэж хариулдаг ч, монгол эрдэмтэд Согд улс гэж үздэг байх юм. Энэ талаар тодорхой тоо баримт цөөн бөгөөд интернетээс хайхад Согд гэдэг нь Төв Азийн нэгэн улсын нэр байсан тухай өгүүлсэн байна. Согдчууд үндсэндээ ираны түүхэн үндэстэн юм гэхээс өөр үг, өгүүлбэр олдохгүй байгаа юм. Эндээс түүхийн бүдгэрсэн, судлагдаагүй орхигдсон энэ мэт зүйлийг цааш нь судлах зайлшгүй шаардлагатай байгаа нь илт. Тиймээс Согд улсын талаар түүхчээс лавлав. Согд нь улс гэхээсээ илүүтэй аймаг байсан гэх хариулт авлаа. Согд аймаг нь өнөөгийн Ираны газар нутагт суурьшиж байсан байх юм. Уйгурууд Согдтой холбоотой байсан бас нэг баримт бол Уйгуржин монгол бичиг Согд бичгээс гаралтай байгаад оршиж буй юм. Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга Арамей хэлнээс гаралтай Согд бичгээс Уйгаржин монгол бичгийг зохиосон тухай түүхэнд бишгүйдээ нэг гардаг нь нэгийг бодогдуулах биз ээ. Тиймээс Согд хэл, бичиг, үсгийн тухай тоо баримт эрж хайв. Тийм ч их биш юм. Согд хэл нь гурван төрлийн бичиг үсэгтэй байжээ. Тодруулбал, Согд бичиг, Маничаен, Сириак гэх гурван хэсгээс бүрддэг бөгөөд Арамей хэлний бүлэгт багтдаг байх юм. Уг бичиг, үсэг ойролцоогоор 100 – 1200 оны үед баруун зүгт Иран улсаас зүүн хязгаарт Хятад орныг хамарч байжээ. Согд бичиг нь 17 гийгүүлэгчтэй болон үүний ихэнх нь эхлэл, дунд, төгсгөл зэргээр олон төрөл байдаг аж. Уг хэл, бичиг, үсэг нь өнөөдөр мөхсөн хэлний төрөлд багтаж байна. Харин мөхөхөөс нь өмнө Тата-Тунга Уйгаржин монгол бичиг зохиож амжжээ гэж бодогдов. Эндээс монголчуудын хамгийн эртний бичиг үсэгт Жужаны үеийн Брахми, Түрэгийн үеийн Руни, Уйгурын үеийн Согд зэрэг эртний бичиг үсэг багтаж буй нь харагдаж байна. Дашрамд дурдахад, Уйгурын нийслэлийг Монголын нутгаас олдсон Хар-Балгасын туурь гэлцдэг. Магадгүй энд малтлаг хийх явцад эртний Согд хэл, бичиг, үсэг бүхий дурсгал олдохыг үгүйсгэх аргагүй юм. 

Согд бичиг…

Киданы үеийн Их, Бага бичиг

Кидан гүрэн эхний жилүүдэд хаанаа гурван жилээр сонгодог байсан ч, 917 оноос үе залгамжилдаг болсон байна. Тус гүрний анхны хаан Амбагян 920 онд их бичиг үндэслэсэн бол, түүний дүү 925 онд бага бичиг үндэслэжээ. Их бичиг 1000 тэмдэгтэй байсан бол, бага бичиг 378 үсэгтэй байжээ. Ийнхүү киданчууд ханзнаас гаралтай их, бага гэсэн хоёр төрлийн бичиг үсэг хэрэглэж иржээ. Энэ нь киданчууд бичиг үсгийн тухайд өмнөх гүрнүүдээс ялгарах онцлогтой байсныг харуулж буй юм. Одоо ч бүрэн тайлагдаагүй гэх кидан бичгийг 907-1125 онд өнөөгийн Монголын газар нутагт оршин тогтносон Киданчууд хэрэглэж байсан ч, уг гүрнийг Зүрчидийн Алтан улс, Хятадын Сүн улс мөхөөсөн тухай түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Удалгүй зүрчидүүд Киданы их, бага бичгийг дуурайж өөрсдийн бичиг үсгийг зохиосон гэж түүхчид үздэг байна. Киданы үеийн Их, Бага бичгийг монголчуудын бичиг, үсгийн түүхэн дурсгал болохыг нотлох гэрэлт хөшөө одоогоос 10 гаруй жилийн өмнө олдсон аж. Тодруулбал, нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн Японы эрдэмтэдтэй хамтран Бичээс төсөл хэрэгжүүлж, энэ хүрээнд 2010 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаас кидан бичиг бүхий гэрэлт хөшөө нээн илрүүлсэн байна. 7 мөр бүхий кидан бичээс бүхий гэрэлт хөшөөг Монголын Үндэсний Түүхийн Музейд аваачсан гэнэ. 

Их Монгол улсын үеийн Уйгуржин бичиг

Чингис хааны бичгийн түшмэл Тата-Тунга Арамей хэлнээс гаралтай Согд бичгээс Уйгаржин монгол бичиг зохиосон тухай дээр өгүүлсэн. Үүнийг босоо монгол бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгаржин монгол бичиг хэмээн янз бүрээр нь нэрлэх нь бий. Чингисийн байгуулсан Их Монгол улсын үед уйгуржин монгол бичиг хэрэглэж байсныг нотлох баримт бол Чингисийн хадны бичээс юм. Энэ нь уйгуржин монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг. Чингис хаан Хорезмыг байлдан эзлээд буцах замдаа Хасарын хүү Есүнгэ 335 алд газар харвасан дурсгалд зориулж босгосон гэрэлт хөшөө гэж үздэг. Боржин чулуун дээр 21 үгийг 5 мөрөөр уйгуржин монгол бичгээр ухаж сийлжээ. Уг чулуун дээрх бичээсийг нутгийн иргэд Чингис хаан хэмээн тайлж уншсанаар Чингисийн хадны, зарим тохиолдолд Чингисийн чулууны бичиг гэж нэрлэгдэх болжээ. Чингисийн хадны бичгийг XIX зуунд Байгаль далайн орчмоос олсон бөгөөд 1224-1225 оны үеийнх гэж үздэг байна. Чингисийн хадны бичгийн талаарх мэдээ анх 1818 онд Сибирийн мэдээ сонинд гарчээ. 1829 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академийн Азийн музейд тавигдсан бол, 1936 оноос Эрмитажын музейд дэлгэжээ. ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажын музей XIII зууны үеийн Чингисийн хадны бичгийн хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр манай улсад дурсгасан байдаг. Эрмитажын музейн захирал Михайл Пиотровскийтэй санамж бичиг байгуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг дурсгал нь Монголын эртний бичмэлүүдийн нэг гэдгийг онцолсон байдаг. Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Чингис хааны музей байгуулж байгаа. Энэ цаг үед Эрмитажын музей Чингисийн хадны бичгийн хуулбарыг манай улсад дурсгалаа. Манай улсын түүх, соёлын өвийг гамтай хадгалж хамгаалж ирсэнд баярлалаа хэмээсэн байдаг юм. Монгол улсад Чингис хааны музей нээгдмэгц Чингисийн хадны бичгийн хуулбарыг илгээхээ Эрмитажын музейнхэн мэдэгдэж байсан удаатай. Дашрамд дурдахад, хот балгас, хад чулууны зургийг хамгаалахын гол ач холбогдол нь түүхийг сэргээж, танин мэдэхэд чухал сурвалж болдог. Тиймээс манай улс түүхийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, Чингисийн чулууны бичгийн хуулбарыг хэдэн мянган бээрийн газраас авч ирэх ажлыг ийнхүү эхлүүлсэн билээ.  

Чингисийн чулууны бичиг…

Юань гүрний үеийн Дөрвөлжин бичиг

Хубилай хааны зарлигаар Төвдийн Пагва лам 1269 онд дөрвөлжин бичиг зохиожээ. Дөрвөлжин бичиг нь хэлбэр дүрсийн хувьд Төвд бичиг, зурлага бичлэгийн хувьд Монгол бичигт тулгуурласан 44 үед үсэг бүхий авианы цагаан толгой ажээ. Юань гүрэн мөхтөл дөрвөлжин бичгийг албан ёсны бичгээр хэрэглэж байсан гэлцдэг. Ер нь уг бичгийг 1368 он хүртэл хэрэглэсэн ч, дөрвөлжин бичгээр бичихэд төвөгтэй байсан учраас төдийлөн дэлгэрээгүй гэж үздэг байна. 

Дөрвөлжин бичиг

Аюуш Гүүшийн зохиосон Али-Гали үсэг

Аюуш Гүүшийн 1587 онд зохиосон монгол бичгийн галиг үсгийг Али-Гали гэж нэрлэдэг. Али нь эгшиг, Гали нь гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Гали гэдэг үгнээс Галиг гэдэг үг гаралтай болохыг судлаачид хэлдэг. Аюуш Гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галиг зохиосон байгаа юм. Энэ үед уйгуржин монгол бичгийг эгшиг, гийгүүлэгчийг ялгаж, галигийн тогтолцоо бий болж, уг бичиг үсэг улам боловсронгуй болсон байна. Ер нь уйгуржин монгол бичгийн түүхэн хөгжлийг гурван үе шатанд хуваан авч үздэг байна. 

  • Нэгдүгээр үе: 13-р зууны эцсээр төгссөн бөгөөд гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ.
  • Хоёрдугаар үе: 14-р зууны эх, 16-р зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед Уйгар, Согд, Хотон, Кучар, Карашар, Перс, Иран, Грек үгс ихээр хэрэглэх болжээ. 
  • Гуравдугаар үе 16-17-р зуунд цагаан толгойд нь ялимгүй өөрчлөлт орсон байна. Тухайлбал, ойлгогдохгүй болсон хуучин үг хэллэгийг шинэ үг хэллэгээр сольж, Уйгур, Иран, Төвд үг нэвтрэн оржээ. Тухайн улс орнуудтай ямар нэг харилцаатай байсан учраас гадаад үг хэллэг монгол хэл, бичигт түрэн орж ирж байсныг энэ нь харуулдаг юм. 

Сонгодог уйгаржин монгол бичиг нь манай улсын үндэсний бичиг, үсэг юм. Хэдийгээр манай улс уг бичгийг албан хэрэгцээнд хэрэглэдэггүй ч, хоёр дахь бичиг болгон хэрэглэдэг билээ. Уйгуржин монгол бичгийг сонгодог болгоход Аюуш Гүүүийн зохиосон Али-Гали үсэг буюу Галигийн тогтолцоо ихээхэн нөлөө үзүүлсэн гэж түүхчид үздэг юм.

Али-Гали үсэг…

Ойрадын үеийн Тод бичиг

Ойрадуудын түүх ойн иргэдээс гаралтай хэмээн Жак Вотерфордын Монгол хатдын нууц товчоо зохиолд өгүүлсэн байдаг билээ. Түүний тайлснаар ойн иргэд гэх үгнээс ойрад хэмээх үг үүссэн байгаа юм. Чингисийн талаарх түүхэн кинонд ч ойн иргэдийн талаар цухас гардаг учраас энэ талаар олон үг нурших нь илүүц юм. Чингисийн талаарх кино үзсэн хэн ч ойрадууд хаанаас үүсэлтэй вэ гэдгийг төвөггүйхэн ойлгох боломжтой. Хожим ойрадууд өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг Тод бичиг хэмээн нэрийдэж байжээ. Тод бичгийг 1648 онд Ойрадын Зая Бандид Намхайжамц зохиосон гэдэг. Тэрбээр, ойрадад шарын шашин, бичиг үсэг дэлгэрүүлсэн соён гэгээрүүлэгч, соёлын зүтгэлтэн байжээ. Тиймээс ч бурханы шашин дэлгэрүүлэх, ойрадуудыг бичиг үсгээр нэгтгэх, төвд ба санскрит хэлийг хялбар бичих зорилгоор Тод бичгийг зохиосон байгаа юм. Тод бичгийг харахад уйгаржин монгол бичигтэй төстэй ч, ойрадууд өөрсдийн хэл, яриа, аялгатаа тааруулж зохиосон байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, харахад уйгаржин бичиг мэт боловч, уншихад ойрад аялгатай байдаг гэсэн үг юм. Харин түүхчид XV-XVI зууны үеийн худам монгол бичгийг тэр үеийн ойрад ярианы хэлтэй ойртуулан авиа бүрийг илүү тодорхой ялган харуулахын оролдсон байдгаараа онцлог хэмээн үздэг юм. Тод бичгийг зохиосон цагаас хойш ойрадууд албан ёсны бичиг, үсгээ болгон хэрэглэж иржээ. Тод бичгийг монгол улсын ойрадууд 1920 он хүртэл, оросын халимагууд 1924 он хүртэл хэрэглэсэн бол, хятад дахь ойрадууд одоо болтол хэрэглэж ном, зохиол бичдэг байна. Эндээс өвөр монголчуудын одоог хүртэл хэрэглэдэг уйгаржин бичиг арай тод бичиг биш байгаа гэх таамаг өөрийн эрхгүй төрдөг юм. Гэхдээ үүнийг хэл шинжлэлийн эрдэмтэн, судлаачид илүү нарийн судалж, тайлах нь зүйтэй болов уу. Тод бичиг 26 үсэгтэй. Уг бичгээр бичиж үлдээсэн ном, судар Монгол, Орос, Хятад, Герман, Унгар, Дани, Франц зэрэг улсын номын сангийн архивт байдаг аж. 

Тод бичгээрх судрын хуудас…

Төрийн далбаанд мөнхөрсөн Соёмбо үсэг

Соёмбо үсгийг өндөр гэгээн Занабазар 1686 онд эртний Энэтхэгийн бичигт тулгуурлан зохиосон гэдэг. Соёмбо цагаан толгой 90 үсэгтэй бөгөөд хэвтээ, босоо аль аль чиглэлд бичиж болдог онцлогтой аж. Энэ бичиг тухайн цаг үедээ тусгаар тогтнол бэлгэдэж байсан учир гадныханы хавчлага, шахалтад их өртөж төдийлөн дэлгэрээгүй гэж үздэг байна. Мөн зурлага ихтэй, хэрэглэхэд төвөгтэй байжээ. Тиймээс уг бичгээр тэмдэглэн үлдээсэн дурсгал цөөн аж. Хэдийгээр тийм ч, XX-р зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа соёмбо бичгээр төрийн тамга, тэмдэгийн бичээсийг бичиж байжээ. Мөн Соёмбо үсгийг тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгон туг, далбаа зэрэгт дүрслэн иржээ. Үүний нэг тод жишээ нь, Соёмбо цагаан толгойн эхний А үсэг төрийн далбаанд мөнхрөн үлдсэн явдал юм. Занабазар соёмбо үсгийн хамтаар хэвтээ дөрвөлжин бичиг давхар зохиосон гэх болов ч, хэрэглээ нь тодорхойгүй байгаа юм.

Соёмбо үсэг…

Бурядуудын Вагиндра үсэг /1905 он

Бурядын лам Агваандорж 1905 онд монгол болон тод үсэгт тулгуурлан Вагиндра үсэг зохиосон байна. Вагиндра үсэг нь монгол болон тод бичгийн аль алинаас нь ялгарах нэг онцлог нь үгийн эхэн, дунд, адагт үсгийн дүр хувирдаггүй байна. Энэ нь бурядад оросын кирилл бичиг, үсгийн нөлөө дэлгэрсэнтэй холбоотой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бурядад оросын кирилл бичиг, үсгийн нөлөө шингэсэн тул өөрсдийн хэл, яриа, аялгадаа тааруулж Вагиндра үсэг зохион хэрэглэж байжээ. Товчхондоо, уйгаржин монгол бичигт тулгуурлан ойрадууд өөрсдийнхөө хэл, яриа, аялгад тааруулж тод бичиг зохион хэрэглэж байсан шиг, Бурядууд мөн өөрсдийнхөө онцлогт тааруулж Вагиндра үсэг зохион хэрэглэж байсан байна. Яг л тод бичиг шиг харахад уйгаржин монгол бичиг мэт боловч, уншихад буряд аялгатай гэж ойлгогдож байгаа юм. Тиймээс ОХУ-ын газар нутгаас олдож буй уйгаржин монгол бичигтэй хөшөө дурсгалыг сайтар ялгаж судлах шаардлагатай нь эндээс харагддаг. Их монгол улсын эртний уйгаржин монгол бичиг үү, эсвэл хожим зохиогдсон вагиндра юу гэдгийг хэл шинжлэлийн эрдэмтэн, мэргэд сайтар ялгаж харах нь чухал гэсэн бодол өөрийн эрхгүй төрснөө нуух юун. Дашрамд дурдахад, Вагиндра үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар хэд хэдэн ном хэвлэн гаргасан баримт байдаг аж.

Вагиндрагийн үсэг…

Уйгаржин монгол бичгээс Крилл үсэгт шилжив

Манжийн дарлалд 200 гаруй жилийн турш байсны гайгаар монголчуудын өмнө олж авсан бичиг, үсгийн соёл бүдгэрсэн гэж үздэг. 1920-оод оны эхээр монголын 500 хүн тутмын ганц нь л бичиг үсэгтэй үлдсэн гэх яриа бий. Харин манжийн дарлалаас ангижирсны дараа монголчууд бичиг, үсгийн соёлоо эргэн сэргээжээ. Ингэснээр 1940-өөд оны дундуур манай улсын иргэн бүр бичиг үсэг тайлагдсан байв. Тухайн үед монголчууд уйгаржин монгол бичгээ сэргээн хэрэглэсэн бөгөөд хүн бүр төгс эзэмшсэн байв. Гэвч 1941-02-01-ний өдөр латин үсгийг албан ёсныхоо бичгийг болгосон гэдэг. Харин удалгүй 1941-03-25-ны өдөр энэ шийдвэрээ буцаажээ. Латин үсэг монгол хэлний бүх авиаг тэмдэглэж чадахгүй байсан учраас кирилл үсэг хэрэглэхээр тогтжээ. Монголд хэрэглэж буй цагаан толгой нь ө, ү үсгээр илүү байдаг. Кирилл нь Грек үгнээс гаралтай бөгөөд IX зуунд амьдарч байсан Кирилл, Мефодий стандартчилсан аж. Харин үүнийг монголчилж, цагаан толгой зохиосон хүн бол Цэндийн Дамдинсүрэн гэдэг билээ. Ингээд 1946 онд манай улсын боловсролын салбарт өөрчлөлт гарч, бүх нийтээрээ кирилл үсэгт шилжсэн байх юм. Кирилл үсэгт шилжсэний дараа манай улс 1950-аад оноос бага, дунд, дээд, их сургуулиудад орос хэл зааж эхэлсэн байна. 1990-ээд оныг хүртэл орос хэл нь 5-10 ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудын заавал үзэх ёстой хичээлийн нэг байсныг хэн хүнгүй санаж буй нь лавтай. Орос хэлийг боловсролын салбарт системтэйгээр зааж байх үед манай улсад энэ хэлийг мэддэггүй, ойр зуурын үг гадарладаггүй хүн байгаагүй гэхэд болно. Улмаар 1990 онд манай улсад арчдилсан өөрчлөлт гарч, хуучны социалист системийн улсуудаас гадна, дэлхийн бүх оронтой харилцах шаардлага тавигдсан. Тиймээс боловсролын системд өөрчлөлт оруулж, хүн амаа нийтээр нь англи хэлтэй болгох ажлыг эхлүүлсэн юм. Тодруулбал, 1990-ээд оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад англи хэл давхар зааж эхэлсэн байдаг. Ингэхдээ оюутан, сурагчид англи, орос хэлний аль нэгийг сонгон суралцаж байлаа. Гол төлөв англи хэл сонгон суралцах нь их байжээ. Ингэснээр орос хэл суралцагчдын тоо багасч, англи хэл суралцагчдын тоо ихэссэн байгаа юм. 2008 онд манай улсад 50 мянган орос хэлтэй хүн байхад, англи хэлтэй нь 60 мянга шахаж байжээ. Эндээс сүүлийн жилүүдэд монголчууд ямар хэл сонгон, түлхүү судалж байсан нь илт харагдана. Үүнээс гадна, 1990 оноос хойш манай улсын зарим бага, дунд, дээд, их сургуулиуд олон орны хэл эзэмшүүлж эхэлсэн байдаг. Тэнд иргэд аль хүссэн хэлээ сонгон суралцах боломжтой болсон гэсэн үг. 2008 оны судалгаагаар манай улсад орос, англи хэлнээс бусад хэл эзэмшсэн 120 гаруй мянган иргэн байдаг гэх судалгаа гарч байв. Нийт хүн амын 20 гаруй хувь нь хоёр дахь хэл эзэмшсэн гэх судалгаа хэдэн жилийн өмнө гарч байжээ. Дотоодод олон төрлийн хэл сурах бололцоотойгоос гадна, манай улсын иргэд гадаадад суралцах нь элбэг учраас хоёр дахь хэлний мэдлэг бусад орнуудаас өндөр байдаг юм. Гэвч энэ нь сүүлийн жилүүдэд үндэсний бичгийн соёл алдагдах, эх хэлээ мартахад хүргэж буй нэг хүчин зүйлд тооцогдож байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021-09-01-ний өдөр буюу хичээлийн шинэ жилээр Үндэсний бичгээ сурах уриалга гаргаж байсныг эргэн сануулахад илүүдэхгүй биз ээ.  

Кирилл цагаан толгой

Үндэсний бичгээ сурах уриалга гаргав

2021-09-01-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзав. Зөвлөлийн дарга С.Дулам болон ажлын албаны дарга, гишүүд, Улсын нэр томьёоны комисс, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, угсаатны бүлгийн хэл, аман аялгууны судалгаа, хээрийн шинжилгээ, нэр томьёо, бичгийн чулуун соёлын өвийг хамгаалах, монгол бичгийн олон улсын стандартын кодчилол, Монгол хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил зэргийнхээ талаар товч танилцуулав. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүүхдүүдийн монгол хэлний сургалтад онцгой анхаарах, монгол хэл сурах хүсэлтэй гадаад оюутнууд, монгол судлаачид болон Монголд ажиллах гадаадын дипломат ажилтнуудын монгол хэлний сургалтыг дэмжих шаардлага байгааг онцолсон юм. Мөн төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал Соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, монгол бичгийн авиа зүйн загварын ЮНИКОД нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлэв. Цаашид Монгол орны газар зүйн мартагдсан, өөрчлөгдсөн нэрийг сэргээх, хамгаалах тухай зарлиг гаргаж, үндэсний хэмжээний дата сан хөмрөг үүсгэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдав. Хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 зорилт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан байна. Эндээс монгол бичгийн авиа зүйн загварын ЮНИКОД бүтээж болох бол, яагаад Жужаны Брахми, Түрэгийн Руни, Уйгарын Согд, Киданы Их, Бага бичгийг үргэлжлүүлэн судалж, тэдгээрийн авиазүйн ЮНИКОД зохиож, эртний бичиг үсгийнхээ соёлыг түгээж, үе уламжлуулан үлдээх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж болохгүй гэж гэсэн бодол төрснөө нуух юун… 

Translate