11 сар 23, 2024

Хувь хүний мэдээллийн нууцлал гэж юу вэ…

Олон нийтийн цахим орчин дахь бидний үйлдэл, үлдээсэн мэдээллүүд хадгалагдан үлдсээр байдаг. Та хувийн мэдээллээ бусдад дамжуулдаг, олон нийтийн сүлжээ, интернэт орчинд нээлттэй хуваалцдаг бол өөрийгөө, дотны хүмүүсээ, санхүү болон бусад зүйлээ эрсдэлд оруулж болзошгүйг санаарай. Монголын Улсын хэмжээнд цахим гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд өссөөр байна. Тухайлбал, цахим залилан, луйврын хэрэг 2017 онд 6,6 хувиар, 2018 онд 10,9 хувиар, 2019 онд 13,6 хувиар, 2020 онд 25,8 хувиар өссөн бол, 2022 оны 2 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар нэмэгдсэн статистик судалгаа гарчээ. Ийм төрлийн гэмт хэргийг үйлдэгчид хүмүүсийн хувийн мэдээллийг судлах, харилцаа тогтоон сошиал хаягийн нууц үг, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг олж авах, мөн эдгээр мэдээллийг хуулах тусгайлан бэлдсэн програмыг сонирхол татахуйц сонжоо, тоглоом хэлбэрээр явуулах, и-мэйл хаяг руу фишинг (хуурамч и-мэйл) илгээх зэрэг өгөөш хэрэглэнэ. Улмаар интернэт банк руу нь нэвтрэх, нууцлалтай мэдээллийг нь барьцаалан сүрдүүлэх, сошиал хаягийнх нь кодыг өөрчилж тогтмол харилцаатай хүмүүсээс мөнгө зээлэх зэргээр дөрвөн хүн тутмын нэгд санхүүгийн хохирол учруулж байдаг байна. Иймд цахим орчинд өөрийн ямар мэдээллээ нийтлэх, нийтэд нээлттэй оруулах вэ гэдэгт болгоомжтой хандан болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд мэдээллийн эзний зөвшөөрлөөр авах мэдээлэлд дараах мэдээлэл багтдаг.

Үүнд:

  • Овог, нэр;
  • Төрсөн он, сар, өдөр;
  • Хүйс;
  • Регистрийн дугаар;
  • Иргэншил;
  • Хурууны хээ (Биометрик мэдээлэл);
  • Утасны дугаар;
  • Гэр, шуудангийн хаяг;
  • И-мэйл хаяг;
  • Иргэний үнэмлэх болон гадаад паспорт;
  • Дансны болон картын мэдээлэл;
  • Нийгмийн даатгал болон татвар төлөгчийн мэдээлэл;

Техник технологийн хөгжлийг дагаж, дээрх мэдээллээс гадна өөр олон мэдээлэл хувь хүнийг тодорхойлоход шинээр нэмэгдэж буй. Үүнд:

  • Санхүүгийн гүйлгээний мэдээлэл;
  • Интернэт хөтчийн түүх;
  • Вэбсайтуудын Cookies;
  • Сүлжээний төхөөрөмжийн IP хаяг;
  • Аливаа систем болон аппликэйшнд бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үг;
  • Сошиал орчинд нууцлалын тохиргоотой оруулсан пост;
  • Хувийн зураг;

Түүнчлэн хувь хүнд эмзэг байж болох хувийн мэдээллүүд мөн хамаардаг. Үүнд: 

  • Яс үндэс, угсаа гарал;
  • Арьс өнгө;
  • Шашин шүтлэг;
  • Улс төрийн намын харьяалал;
  • Эрүүл мэндийн мэдээлэл, түүх;
  • Боловсролын түүх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн түүх;
  • Гэр бүлийн байдал, гишүүдийн мэдээлэл;
  • Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл;
  • Эрх бүхий байгууллагын лавлагаа;

Харин зөвхөн таны л мэдэж байх ёстой интернэт банкны нэвтрэх нэр, и-мэйл хаяг болон сошиал медиа хаягуудын нэвтрэх нэр, нууц үг, мөн и-мэйл, мессежээр ирдэг нэг удаагийн код зэрэг нууцлалтай мэдээллийг өөр хэн ч, хэзээ ч мэдэх ёсгүй. Банк хэзээ ч харилцагчаасаа эдгээр нууцлалтай мэдээллийг асуудаггүйг анхаараарай гэж Хөгжлийн банкны Мэдээллийн технологи, цахимжуулалтын хэлтэсээс бэлтгэжээ.