12 сар 19, 2024

Говийн байгаль, түүхийн музейтэй болжээ…

Оюу толгой компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музей Даланзадгадад нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Энэхүү музей дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай аж. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий Цахиуртын хөндий, Оцон мааньт, Баянзаг, Чоно шургуул, Төгрөгийн ширээ зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд музейд байрлажээ. Мөн Ноён Сэврэйн дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай энд танилцах боломжтой. Өмнийн говиор аялахдаа эртний үлэг гүрвэл, хүн төрөлхтний өлгий нутгийн нууцаас мөн сонирхох боломжтой аж. Оюу толгой компани 2016 оноос хойш Өмнөговь аймгийн түүх, соёлын хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд зориулж долоон тэрбум төгрөгийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулж зарцуулсан байна.

Translate