11 сар 17, 2024

Олон улсын валютын сангийнхан бараалхав…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хён нар бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс болон Олон улын влютын сангийн хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ялангуяа өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо. Цар тахлын өмнөх жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдэн, төсөв гурван жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20 орчим нэгжээр буурч, хөрөнгө оруулагчдын итгэл эрс сайжирч байсныг онцлов. Монгол Улс цар тахлын өмнөх жилүүдэд Олон улсын валютын сан, хоёр талт, олон талт түнштэйгээ хамтран эдийн засгийн бодлогын зөв менежмент, шинэчлэл хийх замаар төсөв, санхүүгийн тодорхой орон зай үүсгэж чадсан нь цар тахлын эсрэг тэмцэлд туйлын чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. ОУВС-ийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Төрийн тэргүүнтэй санал солилцож, ОУВС-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад онцгой анхаарч байгааг Ерөнхийлөгч хэлсэн бол, ОУВС ч үүнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх жилүүдэд Монгол Улс Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод, Халамжаас хөдөлмөрт шилжих суурь реформуудыг хэрэгжүүлэхэд ОУВС болон бусад олон улсын түнш байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын хэсгийн айлчлалд амжилт хүслээ.