12 сар 19, 2024

Mонгол, Чехийн харилцаа

2021.12.14. Mонгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайдаар томилогдсон өдрөөс эхлэн хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг чиглэлээр баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндрөөр үнэлэв. Цар тахлын үед анх удаа Монгол, Чех Улсын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй хэдэн зуун монгол иргэнийг авч ирэх, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтан гадас одонгоор шагналаа.

Чехийн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022.02.21. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс. Энэ өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, 70 гаруй жилийн баялаг түүхтэй манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Элчин сайд Ян Вытопил Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земаны мэндчилгээг уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжиж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр 1967 онд төрсөн. 1995 оноос Чехийн Гадаад хэргийн яаманд ажиллаж, Лима, Хавана, Мехико, Нью-Йорк, Манила, Киншаса зэрэг хотод Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

2022.11.08. Египет улс. Шарм Эль Шейх хот.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Монгол Улс Европ дахь чухал түншийн нэг Бүгд Найрамдах Чех Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигийн хүрээнд ойн менежментийн салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2023.09.22. АНУ. Нью-Йорк. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелтай уулзлаа. Талууд уламжлалт, найрсаг харилцааг улам бүр хөгжүүлж, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч зэрлэг тахийг уугуул нутагт нь нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ нь хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохыг онцлов. Чехийн тал 1992 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруунд авчирч, түүнээс хойш хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжүүлээд байна. Ерөнхийлөгч Петр Павел хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл зэрэг салбарт өргөжүүлэх боломж байгааг хэлээд, ирэх онд эх орондоо айлчилж, энэ хүрээнд Монголын эзэнт гүрний тухай нийтэд толилуулах үзэсгэлэнгийн нээлтэд оролцохыг урилаа. Бүгд Найрамдах Чех Улсад 12 мянга гаруй монгол иргэн амьдардаг бөгөөд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрт талууд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурсан. Энэ дагуу Монгол Улсын иргэн эх орондоо болон Бүгд Найрамдах Чех Улсад шимтгэл төлж ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс эсхүл Бүгд Найрамдах Чех Улсад тэтгэвэр тогтоолгох нь хоёр улсын холбогдох хууль тогтоомжоор нээлттэй болсон юм.

Translate