12 сар 19, 2024

Тогтворжуулалтын сан мэндлэв…

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болов-

2013.01.05. Дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ огцом өсч байх тэр үед эдгээрээс үнийн өсөлтийн албан татвар авах санаачилгыг УИХ-ын хэд хэдэн гишүүн гаргаж байжээ. Энэ дагуу Зарим, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг 2006 онд УИХ-аар баталсан талаар хэд хэдэн нийтлэл дамнан ярьсан тул эдүгээ энэ тухай нарийн сайн ойлголттой болсон байх. Ингэснээр Монголбанкинд тушаагдсан алт, Эрдэнэт үйлдвэрийн дэлхийн зах зээлд экспортолсон зэсээс 68 хувийн татвар авах хууль эрхзүйн орчин бүрдэж байлаа. Ингэхдээ, Лондонгийн металлын захын унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод, мөн Лондонгийн металлын захын зэсийн үнээс 2500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулж эхэлсэн юм. Гэвч хууль хэрэгжиж эхлэх мөчөөс алт олборлогчид татвараас зайлсхийж монголбанкинд бүтээгдэхүүнээ худалдахаа болив. Үүний улмаас алт тушаалт тасралтгүй буурч залгуулаад 2008-2009 оны эдийн засгийн хямралтай манай улс нүүр тулсан билээ. Хямралын үед манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 4 дахин буурч, 2700 ам.доллар болтлоо уруудаж байлаа. Үүнээс 2500 ам.доллар хассаны дараа үлдэх орлогод 68 хувийн татвар ногдуулна гэвэл, ердөө 200-хан ам.долларт татвар ногдуулж, улсын төсөвт төвлөрүүлж байсан гэсэн үг юм. Ийнхүү дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан, монголбанкинд тушаагдах алтны хэмжээ буурсантай холбоотойгоор зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвараас орж ирэх орлого тасалдсан юм. Үүнээс болж монгол улсын төсөв урьд хожид байгаагүй өндөр алдагдал хүлээж, хандивлагч орнуудаас зээл тусламж авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан билээ. Алт, зэсийн үнэ өндөр байх үед орж ирсэн татварыг хуримтлуулаагүйгээс болж хожим энэ мэт бэрхшээлтэй тулгарсан юм. Тиймээс 68 хувийн татварыг халж, төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсон юм.

-Тогтворжуулалтын сантай болов-

2013.01.05. 2008-2009 оны дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед хандивлагчид Монгол Улсад зүгээр нэг зээл олгоогүй. Эдийн засгаа эрүүлжүүлэх олон арван зөвлөгөө өгсний нэг нь төсвийн сахилга батаа сайжруулах нөхцөл байлаа. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад олсон орлогоо бүгдийг нь үрэн таран хийлгүй, тодорхой хэсгийг нь хадгалж шаардлагатай үед ашиглахыг зөвлөсөн юм. Дэлхийн банкныхан төсвийн тогтворгүй байдлаас зайлсхийх үүднээс орлогоо хуримтлуулж, үүнийгээ төсөв хүндэрсэн үедээ зарцуулж байхыг манай улсад бүр олон жилийн өмнөөс зөвлөж иржээ. Ингэхдээ төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлан гаргах хэрэгтэйг зөвлөж байсан ч, үүнийг нь хэрэгжүүлээгүй явснаас болоод эдийн засаг хямарч, төсөв хүндэрсэн тал бий. Дахиад ийм зүйл давтагдаж болзошгүй учраас төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болох хэрэгтэйг Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгосыг хариуцсан захирлын албыг хашиж явсан Клаус Роланд дахин дахин сануулж байлаа. Тиймээс Засгийн газар төсвийн шинэчлэл хийхээр төлөвлөж, үр ашигтай төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын систем бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа зөв тогтолцоог бий болгох, тогтвортой байдлыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Энэ дагуу манай улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болж, 2011 оноос тогтворжуулалтын санд уул уурхайн түүхий эдийн экспортын орлогоос хуримтлал үүсгэж эхэлсэн билээ. Тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн мэргэжилтэн Энхзул: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн гол зорилго нь зэс, нүүрсний орлогоос тодорхой хэмжээний мөнгийг тогтворжуулалтын санд хуримтлуулж, ямарваа нэг хямрал нүүрлэсэн үед гал унтраах байдлаар ашиглахад оршиж байсан тухай хэлж байсан юм.

-Тогтворжуулалтын санд эхний жил 184 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөв-

2013.01.05. Ингэхдээ төсвийн орлогын гурван хувьтай тэнцэх экспортын түүхий эдийг гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр сонгоно гэж хуульчилсан байлаа. Тухайн үед энэ шаардлагыг зэс, нүүрс хангаж байжээ. Тиймээс зэс болон нүүрсний сүүлийн 15 жилийн үнэ дээр, ирэх 3 жилийн таамаг үнийг нэмж тэнцвэржүүлсэн үнэ гаргаж байлаа. Харин зэс, нүүрсний зах зээлийн үнээс тэнцвэржүүлсэн үнийг хасч, үлдэх орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулж иржээ. Өөрөөр хэлбэл, тухайн оны төсөвт суулгасан зэс болон нүүрсний тэнцвэржүүлсэн үнээс давсан орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулж байжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хуримтлал үүсгэгэхээр болсон тул эхний жил буюу 2011 онд тогтворжуулалтын санд 184 орчим тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн байдаг. Харин дараагийн жил буюу 2012 онд манай улс дэлхийн зах зээлд 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал экспортолж, нэг тонныг нь 9739 ам.доллараар худалдахаар төсөвт тусгаж байлаа. Харин нүүрсний тухайд 31 сая тонныг 199 сая ам.долларын дундаж ханшаар дэлхийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байжээ. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ худалдсан үнээс зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг хассаны дараа үлдэх орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах ёстой байсан юм. Ингэхдээ, нүүрснээс 154 тэрбум төгрөг, зэсээс 168 тэрбум төгрөгийн орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулах ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр төрлийн түүхий эдээс 2012 онд 322 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын санд төвлөрүүлэх ёстой байжээ. Гэвч дэлхийн зах зээлд дээрх хоёр төрлийн түүхий эдийн үнэ унаж, мөн эдгээр түүхий эдийн экспорт буурснаас болж, тогтворжуулалтын сангийн орлого тооцоолсон хэмжээнд хүрэхгүй нь нэгэнтээ тодорхой болсон юм.

-Тогтворжуулалтын санд хоёр дахь жилд нь 101 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөв-

2013.01.05. Тиймээс 2012 оны төсөвт тодотгол хийж мөн онд экспортлохоор төлөвлөсөн 31 сая тонн нүүрсийг 9 сая тонноор бууруулсан байдаг. Экспортын биет хэмжээг бууруулснаас гадна, зэс болон нүүрсний дэлхийн зах зээлийн үнийг бууруулан тооцож төсөвт тодотгол хийсэн юм. Энэ талаар тэр үеийн Сангийн яамны Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга Доржсүмбэд: 2012 оны төсөвт тодотгол хийж, зэсийн зах зээлийн үнийг 7900 ам.доллар байхаар, нүүрсний зах зээлийн үнийг 165 ам.доллар байхаар шинэчлэн тогтоосон тухай хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, зэсийн зах зээлийн үнийг өмнө нь баталж байснаас 1800 ам.доллараар, нүүрсний үнийг 34 ам.доллараар бууруулан тооцсон гэсэн үг. Ингэснээр дээрх төрлийн бүтээгдэхүүнээс тогтворжуулалтын санд хуримтлагдах хөрөнгийн хэмжээ өмнө тооцоолсноос 221 тэрбум төгрөгөөр буурсан юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд төсвийн тогтворжуулалтын санд 101 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр шинэчлэн тогтоож байлаа. Төсвийн тогтворжуулалтын санд 2011 онд төвлөрүүлсэн 241 тэрбум төгрөг, 2012 онд төвлөрүүлэх 101 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 342 тэрбум төгрөгийн хуримтлалтай болсон байх ёстой байсан юм. Гэвч 2013 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар тогтворжуулалтын санд 266 тэрбум төгрөгийн хуримтлал бий болсон байв. Энэ талаар тэр үеийн Сангийн яамны Баялгийн сангийн удирдах хэлтсийн дарга Хуягцогт: Америкийн санхүүгийн таагүй байдал, хятадын эдийн засгийн удаашрал, евробүсийн өрийн хямрал 2012 онд зэс, нүүрсний үнийг өөдлүүлсэнгүй. Үүнээс болж тогтворжуулалтын сангийн орлого төлөвлөгөөндөө дахин хүрсэнгүй хэмээн тайлбарлаж байсан юм. Өөрөөр хэлбэл, 2012 оны төсөвт тодотгол хийж, тогтворжуулалтын санд хуримтлуулах мөнгийг бууруулж 101 тэрбум төгрөг болгосон ч, энэ төлөвлөгөө дахиад биелээгүй гэсэн үг юм. 

-Тогтворжуулалтын санд гурав дахь жилд нь 169 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөв-

2013.08.27. 2013 онд тогтворжуулалтын санд 169 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр мөн оны төсөвт тусгаад байлаа. Үүний 103 тэрбум төгрөгийг зэсээс, үлдсэнийг нь нүүрснээс төвлөрүүлэхээр тусгажээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2012 оны сүүлчээр ашиглалтад орсон. Тус үйлдвэр 2013 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр анхны баяжмалаа гаргасан бол, 2013 оны зургаадугаар сараас баяжмалаа экспортолж эхлэх байв. Оюутолгойн үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор манай улсын дэлхийн зах зээлд экспортлох зэсийн баяжмалын хэмжээ өмнөхөөсөө нэмэгдэж, 2013 онд Эрдэнэт үйлдвэрийг оролцуулаад нийт 945 мянган тоннд хүрнэ гэсэн тооцоог сангийн яамнаас хийж байсан юм. Үүнээс гадна, дэлхийн эдийн засаг сэргэж, хятадын нүүрсний импорт нэмэгдэнэ гэдэг үндэслэлээр 2013 онд урд хөршид 28 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж тооцжээ. Манай улс нэг тонн зэсээ дэлхийн зах зээлд 8125 ам.доллараар худалдаалж үүнээс 6328 ам.долларын тэнцвэржүүлсэн үнийг хассаны дараа үлдэх 103 тэрбум төгрөгийн тогтворжуулалтын санд хуримтлуулна. Харин нэг тонн нүүрсээ гадаад зах зээлд илчлэгээс нь хамаараад 83-161 ам.доллараар худалдаж, үүнээс 65-131 ам.долларын тэнцвэржүүлсэн үнийг хасч, 66 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын санд хуримтлуулахаар төлөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр төрлийн түүхий эдээс тогтворжуулалтын санд 169 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ. Энэ төлөвлөгөө биелбэл, 2013 оны эцэс гэхэд монгол улсын тогтворжуулалтын сан нийт 435 тэрбум төгрөгийн хуримтлалтай болсон байх ёстой байлаа. Гэвч дэлхийн зах зээлд зэс болон нүүрсний үнэ тооцоолсон үнээс буурсан учир тогтворжуулалтын санд хуримтлуулах орлогоос гадна, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ буурсан байдаг. Энэ талаар тэр үеийн Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Алтанцэцэг: Үүнтэй холбоотойгоор татварын ерөнхий газрын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 2013 оны эхний долоон сарын байдлаар 270 тэрбум төгрөгөөр тасалдсан тухай хэлж байсан юм.

-Тогтворжуулалтын сангийн төлөвлөгөө 2014 онд-

2014 оны төсөвт тогтворжуулалтын санд 29.8 тэрбум төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн юм. Тэгвэл мөн оны эхний есөн сард дээрх бүтээгдэхүүнээс 44 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тухайн үед төлөвлөгөө давж биелсэн үзүүлэлттэй гарахад зэсийн үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Манай улс 2014 оны төсөвт нэг тонн зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 6836 ам.доллар, тэнцвэржүүлсэн үнэ 6232 ам.доллар байхаар тусгасан байдаг. Харин зэсийн зах зээлийн үнэ төсөвт тусгаснаас давсан учраас энэ төрлийн түүхий эдээс тогтворжуулалтын санд орох орлого нэмэгдсэн юм. Тэгвэл нүүрсний төсөөлөл өөрөөр эргэжээ. Манай улс 2014 оны төсөвтөө боловсруулаагүй нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ 81 ам.доллар, коксжих нүүрсний зах зээлийн үнэ 119 ам.доллар байхаар тусгасан байдаг. Гэтэл нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ зах зээлийн үнийнхээ доогуур орчихжээ. Үүнтэй холбоотойгоор нүүрснээс тогтворжуулалтын санд төвлөрөх орлого тасалдсан гэж холбогдох албаныхан тайлбарладаг. Энэ мэтчилэн нүүрсний зах зээлийн үнэ төлөвлөснөөс буурсан ч, зэсийн зах зээлийн үнэ өндөр байсан учир тогтворжуулалтын сангийн орлого азаар тасалдсангүй, төлөвлөгөө давж биелсэн үзүүлэлттэй гарсан юм. 2011-2014 онд тогтворжуулалтын санд нийт 426 тэрбум төгрөг төвлөрсөн ч, төсвийн тусгай шаардлага үүсээгүй учраас сангийн хөрөнгөөс өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөг ашиглаагүй. Энэ мөнгө төвбанкинд хадгалагдаж буйг Сангийн яамныхан хэдэн жилийн өмнө хэлж байсан билээ. Хэрэв төсвийн тусгай шаардлага үүсвэл сангийн хөрөнгийг төсөв рүү эргүүлэн татаж ашиглах зохицуулалттай. Гэхдээ зэс болон нүүрснээс орлого орж ирэхээ больсон цагт л тогтворжуулалтын сангийн хөрөнгийг авч ашиглах хуулийн зохицуулалт үйлчилдэг. Тэр болтол энэ сангийн хөрөнгийг ашиглах бус, арвижуулах ёстой юм. Ийнхүү 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас манай улс туршлага хуримтлуулж Тогтворжуулалтын сантай болж хоцорсон юм.

Translate