12 сар 19, 2024

Багш нарын баярт зориулж мэндчилгээ дэвшүүлэв…

Эрдэмтэн багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Багш нарын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье!

Манай улс 1966 оноос Багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Өнөөдөр бид Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөртэй золгож байна.

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Цар тахлын улмаас хоёр жилийн турш танхимын сургалт хумигдаж, хичээл сургууль доголдсон энэ үед 100 дахь хичээлийн шинэ жилийн хонхоо сурагч багачуудынхаа инээд хөөртэй хамт цохилоо.

Багш нар маань гурав дахь хичээлийн жилээ цар тахлын хүнд нөхцөлд үргэлжлүүлж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусыг эрдэм боловсролд тасралтгүй хөтөллөө. Ингэхдээ та бүхэн алхам тутамдаа сургалтын шинэ сорилтуудыг даван туулсныг бид мэдэрч байна. Ялангуяа энэ жил хичээлийн жилийн эхний өдрөөс танхимын болон цахим хэлбэр хосолсон сургалтыг эхлүүлж байгаа нь багш нараас маань асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэвчээр шаардаж байгаа. Бэрхшээлийн өмнө сөхрөөгүй соён гэгээрүүлэгч Багш танаар эрхгүй бахархаж байна. Багш танд баярлалаа.

Манай ард түмэн эрдэм ном эрхэм баян хэмээж, эрдмийн эх багшийг хүндэлж, багш шавийн барилдлагыг дээдэлдэг нандин уламжлалтай. Ардын аман өвөөс эрдэм ном, багшийн ачийг илэрхийлсэн үгсийг тоочоод баршгүй. Энэ бол Багш таныг нийгмийг хөдөлгөгч гол хүчнүүдийн нэг болохыг баталж байгаа хэрэг гэж би ойлгодог.

Цар тахал дэлхий нийтийн уламжлалт боловсролын системд сорилт тулгаж, боловсролын зорилгодоо хүрэх шинэ арга барил, удирдлага, төлөвлөлт шаардаж байна. Тийм ч учраас ЮНЕСКО энэ жилийн багш нарын баярыг Багш нар: Хямралт үед манлайлж, ирээдүйг шинээр тодорхойлох нь уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ эгзэгтэй үетэй зэрэгцэн улс орны хөгжилд оруулах боловсролын хувь нэмрийг эргэж харах, боловсролын бодлого, хөтөлбөрийг шинээр тодорхойлох нийгмийн захиалгыг шийдвэрлэх зорилгоор боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх Боловсролын багц хуулийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэнэ. Багц хуулиар боловсролын салбарын системийн шинжилгээ, тогтолцооны хөгжлийн загвар, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, боловсролын санхүүжилт зэрэг асуудал цогц байдлаар шийдэгдэнэ гэж найдаж байна.

Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос. Шавь нараа эрдэм боловсролд хөтлөх нь багш хүний үндсэн үүрэг юм. Түүнээс ч дутуугүй сурган хүмүүжүүлэгч хэмээх эрхэм алдрыг үеийн үед тээж, ирээдүй хойч үеэ нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэх чухал үүргийг багш нар маань хүлээсээр ирсэн. Багшийн ачийг дурсаж, алдрыг дуулдгийн учир энэ буюу.

Нээлттэй мэдээллийн эрин зуун, орчин цагийн дэлхий ертөнцөд ирээдүй болсон хүүхэд залуусыг эх оронч, үндэсний үзэл ухамсартай хүн болгон төлөвшүүлэх онцгой хариуцлага багш нарын маань журамт үүрэг юм. Дэлхийн энд хүрч, хөгжил дэвшлийг бүтээх хүч нь эрдэм боловсролд, монгол хүнийг монгол хүн байлгаж, эх орондоо хэрэгтэй хүн болох ухамсар дархлаа суулгахын үндэс нь сурган хүмүүжүүлэх ухаанд шингэсэн байх учиртай. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай алдарт Багш найраглалдаа:

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм хэмээн багш таны тухай шүлэглэсэн нь бий.

Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа Монголын нийт багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хүндэтгэл, талархлаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.

Номын цагаан лавай мөнхөд эгшиглэж

Номт хүний мөр мөнхөд тодорч байх болтугай, Бидний эх оронд гэжээ.

Translate