12 сар 19, 2024

Говийн Лха бурхан…

Манай улсад шарын шашин дэлгэрхээс өмнө монголчууд эр хүний сүлд хийморийн бэлгэдэл Чингисийн хар сүлд байсан. Хар сүлдээ бөөгийн шашны зан үйлээр тахиж, эрчүүд бурхан тэнгэртээ өөрсдийгөө даатгадаг байсан гэхэд болно. Харин шарын шашин манай улсад дэлгэрснээр Чингисийн хар сүлдний үүргийг Говийн Лха бурхан орлох болсон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, шарын шашин манай улсад дэлгэрснээр Говийн Лха бурхан эр хүний сүлд хийморийн бэлгэдэл болж, монголчууд өргөн шүтэх болсон юм. Бурхан шүтээнийг тахихдаа заавал сайн өдөр, сайн цаг харж байж тахидаг. Ингэхдээ тэнгэрүүдийн буюу бурхадын буулттай сайн өдөр тахидаг байна. Хэдийгээр энэ бурханыг тахих ёслол болдог байсан ч, олон нийтийг өргөнөөр хамарсан тахилга болж байгаагүй аж. Энэ бурханыг айл өрхүүд зөвхөн гэртээ тахиулж иржээ. Харин 2008 онд монгол эрчүүдийг өргөнөөр хамруулсан тахилга болж байсан юм. Энэ нь нэг өрхийн тэргүүн бус, монгол бүх эрчүүдийн сүлд хийморийг дуудах зорилготой зан үйл байсан гэлцдэг. Говийн лха бурхан тахих ёслолд Даш-чойлин хийлийн бүх лам хуваргууд, сүсэгтэн олон оролцож байснаас гадна, 7 лам гардан явуулж байжээ. Лха бурхан нь эр хүний ойрын таван тэнгэр гэгддэг учраас тахилгад зөвхөн эрчүүд тавгын идээтэй оролцдог байна. Эрчүүд тавгийн идээтэй очсоноор түүнд сайн сайхан бүхэн шингэж эргэж эзэндээ очдог гэж үздэг байна. Дараа нь хууль цаазнаас хэтэрсэн, буруу гэм хийсэн бол үүнийгээ Лха бурханд наминчилдаг зан үйл үйлддэг байна.Монгол шүтээн зургийн урлагт Говийн Лха нь залуу эрийн дүртэй, ялимгүй мишээсэн цагаан царайтай, цагаан морь хөлөглөн баруун гартаа жад, зүүн гартаа цалам барин цагаан өнгийн хувцас өмссөн байдаг. Харин говийн Лха бурханыг Молха, Сроглха, Полха, Юлха, Далха бурхадууд тойрон хүрээлж байна. Лха бурханыг тойрон хүрээлж буй эдгээр бурхад нь өөр өөрийн онцлогтой. Энэ талаар Дашчойлон хийдийн Зүүн хүрээ сургуулийн багш Алтанхуяг: Говийн Лха бурханы товч тайлбар гэвэл ерөнхийдөө Говийн Лханаа гэсэн утгатай төвд үг. Говийн гэдэг нь ойрын гэсэн утгатай. Лханаа гэдэг нь тэнгэр гэсэн утгатай. Нэг үгээр ойрын таван тэнгэр гэсэн утгатай үг юм. Энэ таван тэнгэр эр хүний таван газар байрлалтай байдаг. Молха, Срогла, Полха, Юлха, Далха ийм таван тэнгэр байгаа юм. Энэ таван тэнгэрийг зарим нь өөр өөрөөр дууддаг. Ерөнхийдөө онцлог ялгаа байхгүй. Нэг л юмыг хэлээд байгаа шүү дээ. Далха гэдэг нь дайны тэнгэр буюу дайсны тэнгэр гэсэн утгатай үг. Яаж байгаа юм гэхээр ерөнхийдөө эд, идээ, ундаа элбэг дэлбэг болсон сайн сайхан хүнд дайсан олон болдог гэдэг. Тэгэхээр тэр дайны, дайсны тэнгэрийг тахиулах хэрэгтэй гэж байгаа юм. Шанла гэдэг нь болохоор ноёны тэнгэр буюу ажил үйлсийг шид бүтээх гэсэн утгатай. Срогла гэдэг нь зүрхэн тушаа байрладаг. Амины тэнгэр. Гадна, дотно болон барцад саадуудыг болон амь насыг баттай хамгаалж байна гэсэн утгатай үг. Молха нь эхийн тэнгэр гэсэн утгатай үг. Яагаад эхийн тэнгэрийг тахих ёстой юм гэхээр, нэг ёсондоо эхийн тэнгэр нь язгуур үндэс сайтай. Үр хүүхэд нь язгуур үндэс өндөртэй. Нөгөө талаас эд болон идээ ундааг арвижуулж байдаг. Эдийн талыг барьж байдаг ийм тэнгэр гэсэн үг. Юлха гэдэг нь болохоор орны тэнгэр гэсэн үг л дээ. Ер нь ямарваа нэг байгаа газрынхаа бурхан тэнгэрийг шүтсэн тохиолдолд санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ гэсэн тийм утгыг агуулж байдаг. Тиймээс Говийн Лха бурханыг анх удаа олон нийтээрээ тахиж байгаа нь энэ аж. Говийн Лха бурхан нь эр хүний ойрын таван тэнгэр гэж үздэг байна. Энэ ч утгаараа тахилгад эрэгтэйчүүд тавгын идээтэй оролцдог байна аж. Дараа нь Говийн Лха бурханы хууль цаазнаас хэтэрсэн буруу гэм хийсэн бол түүнийгээ наминчилдаг байна. Энэ нь нэг ёсны зан үйл юм. Эрэгтэйчүүд тавгын идээтэй ирснээр, түүнд нь сайн сайхан бүхэн шингэж, эргэж эзэндээ очдог гэж үзэх нь бий.  

Translate