12 сар 19, 2024

Арилжааны банкуудын нууц эзэд…

Арилжааны банкуудын цаад эзэд буюу хөрөнгө оруулагчид үеийн үед нууцлаг байж ирсэн. Энэ нууцыг ил болгохоор Банкны тухай хуульд арилжааны банкуудын хувь нийлүүлэгчид ил тод байна гэсэн заалтыг 2010 оны нэгдүгээр сард оруулсан юм. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийг шинэчилж арилжааны банкууд санхүүгийн тайлан балансаа олон нийтэд мэдээлэх, банкны хувь нийлүүлэгчдээ зарлах, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд олгосон зээлийн мэдээллийг ил болгох ёстой гэсэн хэд хэдэн заалтыг оруулсан юм. Энэ хууль 2010 оны гуравдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн ч, харамсалтай нь дийлэнх арилжааны банкууд хувь нийлүүлэгчид болон санхүүгийн тайлан балансаа зарлахаас зайлсхийж байлаа. Тиймээс төв банк хувь нийлүүлэгчдээ 2010 оны долоодугаар сард багтаан зарлаагүй арилжааны банкуудтай хуулийн хүрээнд хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан удаатай. Энэ даруй арилжааны банкууд далд эздээ зарлаж эхэлсэн ч, зарим нь хувь нийлүүлэгчдээ зарлахаас зайлсхийсээр байсан юм. Тухайлбал, Улаанбаатар, Капитрон, Кредит, Эрэл, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд хувь нийлүүлэгчдээ зарлахгүй байсан тал бий. Тиймээс Монголбанк арилжааны банкуудад боломж олгож хувь нийлүүлэгчдээ зарлах хугацааг нэг сараар сунгасан байдаг. Нэг ёсондоо, дээрх арилжааны банкууд хувь нийлүүлэгчдээ 2010 оны наймдугаар сард багтаан зарлах ёстой болсон гэсэн үг юм. Энэ хугацаанд зарлахгүй бол арилжааны банкуудын цаад эздийг төвбанк өөрсдөө зарлана гэж тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байсан удаатай. Хуулийн хүрээнд хүссэн хүсээгүй ил болох нь тодорхой болсон учраас арилжааны банкууд хувь нийлүүлэгчдээ зарлаж, Банкны тухай хуулийн 38 зүйлийн дээрх заалтуудын хэрэгжилт хангагдсан юм. Өмнө нь нууцлаг байсан ч, хожим ил болсон арилжааны банкуудын хувь нийлүүлэгчид хэн байсан нь хүн бүрийн анхаарлыг татдаг. Тэгвэл арилжааны банкуудын тал нь монгол улсын иргэд, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай болохыг тэр үеийн Монголбанкны хяналт, шалгалтын хэлтсийн захирал н.Дэлгэр хэлдэг юм. Харин үлдэх хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалттай явж ирсэн юм.

Тухайлбал, 2006 онд ОХУ-ын Народный братский банк, Оросын хөрөнгө оруулалттай Чингис Хаан банк, Монгол даатгал компанийн хамтарсан консерциум тендерт ялснаар Хадгаламж банкийг хувьчилж авсан түүхтэй. Тийм болохоор Хадгаламж банк дээрх компаниудын мэдэлд байдаг гэж бодох хүмүүс цөөнгүй явлаа. Тэгвэл, Хадгаламж банк өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эзний гар дамжсан байх юм. ОХУ-ын Коалка групп 2007 оны сүүлчээр Хадгаламж банкийг худалдаж авсан ч, 2010 оны дөрөвдүгээр сард тус банкийг Жаст группэд худалдсан гэнэ. Гэхдээ Жаст группэд гадаадын Эмди Секьюритис компани хөрөнгө оруулснаар Хадгаламж банкийг худалдаж авсан гэгддэг юм. Жаст групп нь Жаст Ойл, Жаст Агро, Олон Овоот гоулд, Маркетайл хаус зэрэг охин компаниудтай. Дээрх охин компаниуд болон тэдний толгой компанийн мэдэлд Хадгаламж банк байсан гэж ойлгож болох юм. Хувьчлагдсан цагаасаа хойш хэд хэдэн эзний гар дамжсаны эцэст Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж улсад эргүүлэн авсан тухай өмнө нь өгүүлсэн тул нурших нь илүүц юм. Харин монголчуудын сайн мэдэх Хаан банкны 40.2 хувийг японы Савада холдинг, 35,3 хувийг Таванбогд трейд, 12,8 хувийг азийн Эйч эс интернэшнл холдинг, 9.1 хувийг Дэлхийн банкны дэргэдэх олон улсын санхүүгийн корпораци, үлдэх хувийг тус банкны гүйцэтгэх захирал асан Питтер мороу нарын гадаадын иргэд эзэмшдэг гэх мэдээлэл тухайн үед гарч байлаа. Тус банкны томоохон хувь нийлүүлэгч буюу 53 хувийг эзэмшигч Хидео Савада: Хаан банкны гүйцэтгэх захирал Питер Морроу 2010 оны долоодугаар сарын сүүлээр ажлаа өгсөн тухай мэдэгдсэн тул түүнийг асан хэмээсэн билээ. Түүний ажлыг Сдандарт Чартеред банкны Ази, Европ, Африкийн салбарт 25 жил удирдах албан тушаал хашсан Саймон Моррис хүлээн авсан байдаг. Хаан банкны активийг 10 их наяд төгрөгт хүргэж азийн зах зээлд гаргах үүднээс чадварлаг туршлагатай банкир Саймон Моррисыг гүйцэтгэх захирлаараа томилсон гэж тэр үед мэдэгдэж байсан юм. 

Хаан банк ийнхүү гүйцэтгэх захирлаа өөрчилсөн бол, 2008 онд Анод банк Чикаго, Нью-Йорк, Лос Анжелес, Лондонгийн санхүүгийн зах зээлээс гадна, Солонгосын Шинан банкинд ажиллаж байсан банкир Шин Гын Яаныг гүйцэтгэх захирлаараа томилж байсан удаатай. Тухайн үед Анод банкныхан менежментээ сайжруулж, Япон, Солонгосоос хөрөнгө оруулалт татах зорилгоор солонгосын банкирыг урьж авчирсан ч, энэ зах зээлд тус банк удаан тэсч чадаагүй билээ. Харин Хас банкны 99,9 хувийг Тэнгэр санхүүгийн нэгдэл эзэмшдэг гэх мэдээлэл одоогоос 10 гаруй жилийн өмнө гарч байлаа. Тухайн үед тус банк гадаадын санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулалт мөн хийсэн байлаа. Тухайлбал, 2008 онд тус банк Киркизстаны Мол Булак Финанс бичил зээлийн компанид хөрөнгө оруулалт хийж 30.5 хувийг нь эзэмших болжээ. Мол Булак Финанс ашигтай ажиллаж, 2008 онд тус компани 11 сая ам.долларын зээл олгосон бол, 2009 онд 290 сая ам.долларын зээл олгосон байх жишээтэй. Гэвч хойд болон урд хөршид хөрөнгө оруулалт хийх үүднээс Киркизстаны Мол Булак Финансад эзэмшдэг 30,5 хувиа зарсан тухай Хас банкны гүйцэтгэх дэд захирал Төр-од хэлдэг юм. Харин Голомт банк Бодь интернэшнл группын мэдэлд, Капитал банкны 99,9 хувийг Бишрэлт холдинг, үлдэх хувийг Таван-эрдэнэ компани, Кредит банкийг Кипр улсын Бейсик Элемент финанс лимитед компани 100 хувь эзэмшдэг нь тэр үед ил болж байв. Харин Чингис хаан банкны 50 хувийг Миллениум секурейтес компани, тодорхой хувийг Корал сии компани эзэмшдэг гэх мэдээлэл цацагдаж байсан юм. ОХУ-ын иргэн Сергей Громовын хувь оролцоо ч тус банкинд байдаг тухай мэдээлэл гарч байсан нь нууц биш. Эрэл банк УИХ-ын гишүүн асан Эрдэнбатын мэдэлд байдаг бол, Улаанбаатар банкны 79.9 хувийг н.Эрдэнэбилэг, 20 хувийг Улаанбаатар сан эзэмшдэг байсан. Худалдаа хөгжил банкны тухайд 65.8 хувийг Глобал инвестмент энд девелопат лимитед компани, 9.5 хувийг Теасури сток, 6,4 хувийг Ю Эс Глобал зэрэг гадаадын компаниуд эзэмшдэг бол, үлдэх хувийг Цолмон нарын монгол иргэд эзэмшдэг болох нь нийтэд ил болж байсан юм. Капитрон банкны 49 хувийг Мэдрээ, 46.3 хувийг Мөнхсайхан зэрэг монгол иргэд, үлдэх хувийг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байлаа. Тээвэр хөгжлийн банкны тухайд тус банкны дийлэнх хувийг Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргалын гэр бүлийнхэн эзэмшдэг бол, үлдэх хувийг Инфрастракчер компани эзэмшдэг гэх мэдээлэл мөн цацагдаж байсан юм. Харин Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 55.6 хувийг н.Дагвадорж, 22,2 хувийг Юу Би дайверсифайд, 18,5 хувийг файрборд глобал мастер фанд, харин үлдэх хувийг файрборд авурора фанд эзэмшдэг гэх мэдээлэл гарч байсан юм. Тэр цагаас хойш 10 гаруй жил өнгөрч, Капитал зэрэг зарим банк татан буугдсаныг энд дурдах нь зүйн хэрэг. Зарим банкны хувь нийлүүлэгчдэд мөн өөрчлөлт орсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Translate