12 сар 20, 2024

Зоос банк татан буугдав…

Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаагаар 2009 оны арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар арилжааны банкуудын иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл 2.6 их наяд төгрөгөөр хэмжигдэж байлаа. Харамсалтай нь үүний 16 орчим хувь нь найдваргүй зээлийн багцад шилжсэн байсан юм. Өнгөрсөн оны мөн үеэсээ найдваргүй зээлийн хэмжээ 5 хувиар өссөн нь энэ юм. Банкны системд найдваргүй зээл нэмэгдсээр байсан нь энэ салбарын шүдний өвчин болоод зогсохгүй, зарим арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэв. Тухайлбал, найдваргүй зээлээс болж Зоос банк хүндэрсэн юм. Тиймээс Монголбанкны захирлуудын зөвлөл тэр үед хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, Монголбанкны эрх хүлээн авагч Зоос банкинд томилж, Монголбанкны хяналтад Зоос банкийг авсан юм. Тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж: Зоос банк яагаад ийм байдалд орсон бэ гэхээр 2008 оны дундуур голцуу Монгол газар компани болон түүнтэй холбоотой этгээдүүдэд олгосон 60 орчим тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрч, хүү төлөгдөхөө байж, чанаргүй зээлийн ангилалд орсон. Үүнтэй холбоотойгоор 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, нийт өөрийн хөрөнгийн алдагдлын хэмжээ нь 40 гаруй тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө нь хасах 7 тэрбум төгрөгт хүрч, санхүүгийн хүндрэлээсээ болж харилцах, хадгаламж эзэмшигчдийн гүйлгээг саатуулахад хүрч, Монголбанкнаас нийт 30 орчим тэрбум төгрөгийн зээл авсан юм. Нэгэнт тус банк ийм байдалд хүрсэн учир Монголбанк хуулиар оногдсон үүргээ биелүүлж, төрийн нэрийн өмнөөс энэ банкийг хяналтад авах үйл ажиллагаа явууллаа. Зоос банкийг хүндрэлээс гаргахын тул Монголбанк, Засгийн газар, Хувьцаа эзэмшигчдийн зүгээс арга хэмжээ авсан. Юуны өмнө Зоос банкинд 2008 оны эцэст, 2009 оны эхээр Монголбанкнаас 17 тэрбум төгрөгийн зээл олгож, санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь зориулж туслалцаа үзүүлсэн. Монгол Улсыг хөгжүүлэх сангаас арилжааны банкуудад төлбөрийн чадварын хүндрэлийг даван туулахтай холбоотой хөрөнгө байршуулсан. Гурван банкинд байршуулсны нэг нь Зоос юм. Зоос банкинд энэ хөрөнгөөс 15 тэрбум төгрөг байршуулж, 3 тэрбумыг нь төлөөгүй ийм байдалтай байна. Үүнээс гадна, Засгийн газрын хэмжээнд Монголбанкны оролцоотойгоор 2009 онд бодит эдийн засгийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн нэг арга хэмжээ бол алтны урьдчилгаанд нийт 76 сая ам.долларын зээл гаднаас авч, арилжааны банкуудаар дамжуулан алтны компаниудад олгосон. Энэ арга хэмжээнд Зоос банкийг хамруулсан юм. Энэ хүрээнд 15 сая ам.долларын зээлийг тус банкаар дамжуулж алтны компаниудад олгосон. Монголбанкны тухайд тус банкин дээр 2009 оны гуравдугаар сард газар дээр нь ээлжит шалгалт хийсэн. Тэр үеэр эдгээр зээлүүдийн чанар муудаж байгаа нь илэрсэн гэх тайлбар өгч байлаа.

2009 оны эхний улиралд тэрбум төгрөгийн ашигтай ажилласан Зоос банк гэнэт хэцүүдсэн шалтгааныг тэр үеийн төв банкны удирдлага 2009 оны гуравдугаар сард явуулсан шалгалтаар Монгол газар компанийн Зоос банкнаас авсан 60 тэрбум төгрөг найдваргүй зээл болж хувирсантай холбон тайлбарлав. Тиймээс энэ банкийг хөл дээр нь босгохын тулд Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 15 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан бол, Монголбанкнаас 30 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн гаднаас авсан зээлийнхээ 15 сая ам.долларыг тус банкинд байршуулж алтны санхүүжилт хийжээ. Нийт 70 гаруй тэрбум төгрөг Зоос банкинд байршуулснаас ердөө 12 тэрбумыг нь буцаан төлжээ. Харин тус банкны өөрийн хөрөнгийн хэмжээ хасах 7 тэрбум төгрөг болсон байна. Ийнхүү Зоос банк байгаа хөрөнгөөсөө давсан зээл гаргасан. Нэг зээлдэгчид хэдэн тэрбумаар хэмжигдэх томоохон зээл олгосон. Үүний эргэн төлөлт удааширч хэвийн ажиллах чадваргүй болсон тул 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр энэ банкны суурийн дээр Төрийн банк байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Харин маргааш нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 650-р тогтоол гарч, Зоос банкинд эрх хүлээн авагч томилсон гэдэг. Ингэж л, Зоос банкийг албан ёсоор татан буулгаж, үүний суурин дээр өнөөгийн Төрийн банк сүндэрлэсэн түүхтэй. Сангийн дэд сайд асан Т.Очирхүү: банк байгуулах зөвшөөрөл эхлээд Монголбанкнаас авна. Дараа нь бүтцийн өөрчлөлт хийх тухай ярина гэсэн тайлбарыг тэр үед өгч байлаа. Зоос банкийг татан буулгаж найдваргүй зээлийн багцыг Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчид үлдээж өр барагдуулах арга хэмжээ авахаар болов. Харин Зоос банкны 75 тэрбум төгрөгийн найдвартай зээл, 30 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийг хадгаламж болон харилцах дансны үлдэгдлийн хамтаар шинээр байгуулах Төрийн банкинд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Сайн зээлийг шинээр байгуулах банкинд байршуулсан ч, энэ банкинд хөрөнгө мөнгө дутна. Тиймээс Засгийн газар бонд гаргаж дутагдаж буй хөрөнгийг нөхнө гэж тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэлж байсан билээ. Ер нь тухайн үед Зоос банкны харилцах, хадгаламж, найдвартай зээл гээд ойролцоогоор 150 тэрбум төгрөгийг Төрийн банк руу шилжүүлсэн бол, найдваргүй 100 гаруй тэрбум төгрөгт зориулж Засгийн газар бонд гаргаж зөрүүг нь санхүүжүүлсэн байдаг.

2008 онд батлагдсан банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд татан буугдсан банкуудын харилцагч болон хадгаламж эзэмшигчдийг ийнхүү ямар ч хохиролгүй болгосон билээ. Зоос банкны чанаргүй зээлийг барагдуулах замаар бондын төлбөрөө буцаан авах ёстойгоос гадна, үлдэгдлийг нь банкны хувь нийлүүлэгчдэд өгөх ёстой гэлцэж байлаа. Зоос банкны гол хөрөнгө оруулагч нь Европын сэргээн босголтын банк байсан гэх нь бий. Тэд банкаа хүндрэлээс гаргахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хайсан ч харамсалтай нь олдоогүй байна. Тиймээс эцэстээ Хадгаламж, Монгол шуудан банкинд нэгдэх хүсэлт тавьжээ. 2009 оны арваннэгдүгээр сарын 14-нд Зоос банкны Олон нийттэй харилцах албаны захирал н.Алтанцэцэг: Зоос банкны томоохон хувьцаа эзэмшигчид Хадгаламж, Монгол шуудан банкуудад нэгдэх хүсэлтээ тавьсан гэж бататган мэдэгдэж байсан юм. Үүнээс сар гаруйхны өмнө Монгол шуудан, Хадгаламж банкууд нэгдэж нийт активын хэмжээ нь 400 тэрбум төгрөг болсон байдаг. Тэдэн дээр Зоос банк нэгдвэл нийт активын хэмжээ нь нэмэгдэж, Монголын тоотой хэдэн томоохон банкуудын нэг болох талтайг эдийн засагчид хэлж байлаа. Гэвч Хадгаламж, Монгол шуудан банкны удирдлагууд төрөөс 60 тэрбум төгрөгийн бонд гаргаж өгсөн тохиолдолд Зоосыг өөртөө нэгтгэнэ. Үгүй бол нэгтгэхгүй гэдэг санал Засгийн газарт хүргүүлжээ. Уг саналыг Засгийн газар хүлээж аваагүй тул Зоос банкийг Хадгаламж, Монгол шуудан банкинд нэгтгээгүй, суурийн дээр нь ийнхүү Төрийн банк сүндэрлэсэн түүхтэй. Тэр үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, Монголбанкны хяналт шалгалтын газрын дарга Б.Лхагвасүрэн, Төрийн банкны дэд захирал н.Отгонбилэг нар Төрийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг удаа дараа мэдэгдэж байлаа. Зоос банкны суурин дээр байгуулагдсан Төрийн банк цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах тул харилцах болон хадгаламж эзэмшигчид айх аюулгүй, мөнгөө татахгүй байхыг холбогдох албаныхан учирлаж байсан юм.