12 сар 23, 2024

Алтайн халиун буга

Манай улсад Евро азийн халиун бугын үндсэн тархацаас алслагдсан хоёр голомт бий. Нэг нь Алтайн халиун бугын голомт, нөгөө нь Сүхбаатар аймгийн Лхачинвандад уулын голомт юм. Лхачинвандад уулын бугыг 1900 оны үед Егүзэр хутагт Галсандаш Хянганы уулсаас аваачиж нутагшуулжээ. Хожим хулгайн анчдын гарт өртөн мөхлийн ирмэгт байхад нь 1990-ээд оны сүүлээр нутгийн иргэд Богд уулнаас буга аваачиж цус сэлбэж тоо толгой нь 400 орчим болоод байна. Энэ бол тархацгүй газарт буга нутагшуулсан анхны тохиолдол юм. Харин Говь-Алтай аймгийн Хасагт хайрхан, Хантайшир, Хар азаргын нурууны буга үндсэн тархацаасаа салж үлдсэн нутгийн уугуул амьтан юм. Сүүлийн жилүүдэд тоо толгой цөөрсөн, сүргийн бүтэц алдагдсан, давжаарсан, цус ойртсон гэх дам яриа гарах болсон. Улсын хэмжээний бугын тоо толгойд нөлөөлөх хэмжээний биш гэдэг шалтгаанаар тоолдоггүй, судалдаггүй, анхаардаггүй явж ирсэн тал бий. Тиймээс Алтайн халиун буга төрийн бус байгууллага энэ голомтод байгаа бугыг судлах, устахаас нь өмнө хамгаалах, цаашид хүний оролцоо шаардлагатай бол цус сэлбэх, байгальд нь өсгөх, энэ бүсийн популяцыг дэмжих зорилгоор дөрвөн жилийн өмнө байгуулагдсан юм. Энэ хүрээнд холбогдох зөвшөөрөлтэйгөөр Төв аймгийн Хустайн нуруунаас 10 толгой илий /янзага/ барьж, 2017 оны долдугаар сарын 12-ны билэгт сайн өдөр Говь-алтай аймгийн Хантайширын нуруунд сэлгүүлэн нутагшуулсан юм. Илийнүүд нялх байхаасаа үнээний сүүнд дасаж, хоол тэжээлдээ сайн, сэргэлэн цовоо өсч, шинэ нутагтаа дасан зохицоод гурав дахь жилтэйгээ золгож байна. Илийнүүд суугуул нутагтаа суурьшаад идэш тэжээл, газар нутгийн хувьд дасан зохицох боломжтой нь бүрэн анзаарагдсан тул араас нь том бэмбиг аваачсан байдаг. Хөхөө ч амлаж үзээгүй нялх амьтан айлын гадна өөрөө ирсэн юм билээ. Том бэмби айлын гадна хоёр нохой, нэг өнчин унагатай найзалж өссөн гэлцдэг. Зам зуурын ашиг хонжоо хайсан хүмүүс авах санал тавьсан ч, тухайн айл нь уул хангайд ижил сүрэгт нь нийлүүлэхийг илүүд үзжээ. Азаар том бэмби Алтайн халиун буга төрийн бус байгууллагыхантай таарч, түүнийг Хантайширын нуруунд аваачин ижил сүрэгтэй нь нийлүүлсэн юм. Өдий дайны өсгөхийн тулд маш их сэтгэл, түүнээс дутуугүй зардал гаргасан гэдгийг зовлон, жаргалыг нь мэдэхийн хувьд сайтар ойлгож байгаагаа Алтайн халиун буга төрийн бус байгууллагынхан хуучилж байсан удаатай.

Жижиг Бэмби болон түүний найзуудын талаар сэтгүүлч Р.Эмүжин нийтлэл бичиж байсан удаатай. Өнгөрсөн хавар, дөнгөж төрсөн бяцхан Бэмби ах, дүү арвуулаа Хантайширыг зорин аян замд гарснаас хойш нэг жил нисэн өнгөрчээ. Алтайн халиун буга төрийн бус байгууллагынхан сүрлэг Алтайдаа буга урамдахыг сонсгохоор энэ ажлыг эхлүүлсэн байна. Монгол даяар 140 мянга байсан халиун буга 10-хан мянга болтлоо цөөрсөн гэхээр арга ч үгүй юм. Ямартай ч ах дүү арвуулаа Хустайгаас мордож, Их Алтайд нутагшсан бяцхан янзаганууд хүйтэн өвөл, тарчиг хаврыг даван зунтай золгочихоод байгаа нь энэ. Тэд томоос том үүрэгтэй. Хангай дэлхийг сэрээдэг бугын дуугүй болсон хөглөгөр Алтайн халиун бугын сүрэгт хаа холын Хустайгаас цус, гени, хүч, итгэл авчрах зорилготой. Бас тарамдсан сүргийг цуглуулж, Хар азаргын нуруунд ганцаардаж яваа согоонуудад хань болж, ханаа дугуйлна гэж байгаа. Хоёр гуравхан жилийн дараа үр төл нь үржиж өсөөд, өндөр Алтайд минь сүр нэмнэ. Буга урамдахыг сонсох цаг буянт Алтайд буцаж ирнэ. Өнөө жил Алтайн халиун бугынхан дахин 10 янзага Хустайгаас зөөн нутагшуулах зөвшөөрөл авчээ. Мянган километрийн их аяныг туулах, ус худаг гаргах, хашаагаа томруулах, вакцин, өвс тэжээл гээд тоочоод байвал тоймлошгүй их зардалтай энэ ажил дахин үргэлжилнэ. Ах дүү, найз нөхдийн тус дэмээр ямартай ч амжилт олж, нэг жилийн үр дүнгээ тайлагнаж буй Алтайн халиун бугын залууст дэмжлэг хэрэгтэй. Бэмби болон түүний найзуудад хүний гараас гарч, байгальд хөл тавихад нь тусламж хэрэгтэй. Бэмби ганцаардахгүй. Гэхдээ тэр өвддөг, өлсдөг, цангадаг. Тиймээс Хантайширыг арлан өсч буй тэдэнд туслаарай. Алтайн халиун буга төрийн бус байгууллагын залуус таны дэмжлэгийг хүлээн авч Бэмби болон түүний найзуудад хүргэнэ. Хөглөгөр Алтайд хүний тус хэрэгтэй байна. Будант Алтай бугын дуугүй өнчирч байна. Хантайширт минь нутагшин өөриймсөж буй Бэмби болон түүний найзууд таны сэтгэлээр дутаж байна. Тэгээд хэзээ ч юм нутаг усаа зориод очихдоо буга урамдахыг та сонсох болно гэжээ. Дээрх нийтлэлд дурдсанчлан Алтайн халиун буга төрийн бус байгууллагынхан өмнөх туршлагадаа тулгуурлан хоёр дахь ээлжийн 10 илийг 2018 оны долоодугаар сарын 9-нд Хантайширын нуруунд хүргэсэн юм. Үдшийн бүрийтэй зэрэгцэн очиход маш том эвэртэй, сайхан буга нутгийн хилийн дээс дээр угтаж авсан гэлцдэг. Хантайширын нуруу ийнхүү тэнд нутагшуулсан бугын төлийг ивээлдээ багтааж, тоо толгой нь жил бүр нэмэгдэж, Бэмби шинэ найзуудаар бүл нэмсээр байна.

Эртний их түүхт, ихэс дээдсийн онго шүтлэгийг нуруундаа тээж, нууцлан нандигнасан Хантайширийн нурууны халиун халтар буган сүрэг хэдэн зуугаас хэдхэн арав болтлоо хорогдож, хөл хөс ихэссэнээс хэдэн уул, нуруу дамнан, гол ус гатлан гүйдэг гүйдэл нь ч хоригдон, цус ойртож, мөхөх аюулд ойртоод байв. Нутаг оронд гайхаж алмайрсан, хий хоосон халаглаж шогширсон нь олон. Яах учраа мэдэхгүй суух нь ихэнхдээ. Гэтэл гэнэтхэн өвөрмөц содон санаачилга төрөв. Хантайширийн нуруунд төрсөн олон алдартнуудын нэг, ардын билэг зүй судлаач, зохиолч, Монголын анхны сөнөөгч онгоцны нисгэгчдийн нэг Д.Сүрьяа агсны үр хойч Аюушийн Эрдэнэбилэг санаачлан, Хантайширын нурууны буган сүрэг өсгөх, цус сэлбэх ажил эхлүүлэв. Төв аймгийн Хустайн нуруунаас нялх илүүд зөөн, Хантайширт хүргээд, түүнээ зун, намар, өвөл, хаврын турш тэжээж, бие даан амьдрах чадвар суусан хоёр настай жий болгоод байгальд нь суллан тавих үйлс эхлүүлсэн юм. Сайн санааны сэдлээр эхэлж, олон түмэнд, зөвхөн нутаг орныхон төдийгүй монгол орон даяараа бодитой, үр ашигтай сайн үйлсийн аяны уриа, санаа болсон, багагүй хүч, хөдөлмөр, хөрөнгө мөнгө, сэтгэл зүтгэл гаргаж буй учраас үйлс мөн болой. Хөрөнгө мөнгө гэхэд өнөөгийн байдлаар 300 орчим сая төгрөг зарцуулжээ. Өөрсдийнхөө амь амьжиргааныхаа зардлаас хасаж танаж байж илүүчилсэн нь ихэнхдээ. Бас тэдний энэ үйлсийг ойлгож, дэмжсэн халуун сэтгэлт хүмүүсийн оролцоо дэмжлэг их. Ийм шууд мөнгөн дүнгээс гадна зарцуулж буй цаг хугацаа, хөдөлмөр ихээ. Хамгийн их үнэ цэнэтэй нь энэ үйлдээ зориулж буй халуун сэтгэл, итгэл нь юм. Харахад хэдэн ил барьж аваачаад тавьчих мэт санагдах ч яг үнэндээ бүхэл бүтэн цогц, бас тасралтгүй ажил үйл болно. Хаанаас ямар ил барихаас авахуулаад, түүнийг гаршуулан дасгах, тусгай төхөөрөмжилсөн машинаар зөөвөрлөх, Хантайширын нуруунд хаана хэрхэн байршуулах, хэдэн га газрыг багтаасан сэлгэх боломжтой хашаа, хороо барих, эхээсээ салсан хэдэн нялх илээ хахир хатуу өвлөөр онд мэнд оруулах, тэжээх, угжих, өвс, тэжээл татах, зунд нь услах, эмнэх, судалгаа хийх гээд бөөн ажил. Энэ ажлын дүнд Хустайгаас очсон илийнүүд гурван настай гунхсан сайхан амьтад болчихоод, Хантайширийн энгэр бэлд эрхэлж яваа юм гэж сэтгүүлч Б.Номинчимэд өгүүлжээ.