11 сар 24, 2024

Тэмээний өвөг хавтгай…

Их говийн дархан цаазат газрын хавтгай.

Зэрлэг тэмээ болох хоёр бөхтэй хавтгай нь улаан номд бичигдсэн амьтны тоонд багтдаг. Хавтгай нь зөвхөн Монгол болон Хятадад байдаг байна. Тиймээс энэ амьтныг хамгаалах нь зөвхөн манай улсын засгийн газрын асуудал биш, олон улсын анхаарал татдаг асуудлын нэг юм. Манай улс хавтгайг хамгаалах зорилгоор тоо толгойг нь нарийн гаргаж судалж байжээ. Үүгээр манай улсад 500-600 орчим хавтгай тэмээ байгаа нь тогтоогдсон талаар 2000 оны сүүлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тогтвортой хөгжил стратеги төлөвлөлтийн газрын даргын алба хашиж явсан н.Энхбат хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд энэ амьтны тоо толгой байгалийн болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр цөөрч буй. Мөн генид нь өөрчлөлт орж, цус ойртсоноор тоо толгой нь буурах болжээ. Тиймээс малчдыг хавтгай тэмээний байршил нутгаас хол байлгахаар ажиллаж иржээ. Мөн энэ амьтныг хамгаалахаар олон улсын байгууллагууд хандаж хамтарч ажиллах хүсэлт өнгөрсөн хугацаанд их ирүүлсэн гэдэг. Тиймээс олон улсын байгууллагуудтай хамтарч төсөл хэрэгжүүлсэн ирсэн байна. Үүнээс гадна, энэ ховор амьтныг хамгаалах, зориудын аргаар өсгөж үржүүлэх, ботго бойжуулан эргүүлэн сүрэгт нь тавих ажлыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлж иржээ. Энэ хүрээнд 2011 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр хавтгай үржүүлгийн ажлыг Хавтгай тэмээ хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр ГИДЦГ-ын хамгаалалтын захиргаа хариуцан гүйцэтгэж ирсэн байна. 2014 оны байдлаар Захын усны хавтгай үржүүлгийн төвд 22 хавтгайн цөм сүрэг байснаас, 2 ингэ ботголож эсэн мэнд бойжсон талаар Говь-Алтай аймгийн байгаль орчны газраас мэдээлэлж байлаа. Ингэхдээ зуны улиралд хавтгайн сүргийг задгай бэлчээрт гаргадаг бөгөөд тавдугаар сарын 23-наас хашаанаас гарган байнгын хариулгад байлгадаг талаар хэлж байсан юм. Зэрлэг тэмээ хавтгай нь нарийн шөмбөгөр хошуутай, намхан жижиг бөхтэй, ул таваг нь бага, зогдор, шил, өвдгөндөө богино шингэн үстэй, бүх биеийн үс нь тачир байдаг. Мөн тэмээг бодвол илүү үнэрч, хурц нүдтэй, сонор сэргэг амьтан юм. Эр хавтгайг хайс буур, эм хавтгайг ингэ гэж нэрлэдэг. Хавтгай нь заг, сухай, шар мод, зээргэнэ, баглуур, ургасан элсэн цөлд амьдардаг. Тэр ч утгаараа энэ амьтны үндсэн байршил нь манай улсын Говь-Алтайн Өвөрговь, их говийн дархан цаазтай газар юм. Хавтгай нь говь, цөл газар амьдардаг онцлогоосоо хамаараад тэмээтэй адил олон хоног усгүй байж чаддаг байна.