12 сар 22, 2024

Адууны өвөг тахь…

Оросын жуулчин Н.М.Прежвальский 1878 онд Алтайн нурууны өвөр говиор аялж явахдаа ховор зэрлэг адууны сүрэг харсан гэлцдэг. Тэрээр энэ зэрлэг адууны арьс, ясыг өөрийн нутагтаа аваачиж амьтан судлаач Поляковоор судлуулжээ. Судалгаагаар уг амьтны арьс, яс монгол адууны зэрлэг өвөг тахь болохыг тогтоосон байна. Поляков монгол тахийг Прежвальский адуу гэж 1881 онд дэлхий нийтэд зарлажээ. Шинжлэх ухаанд Прежвальский нэрээр алдаршсан монгол тахийг 19-р зууны сүүлчээр гадаадын жуулчид ихэд сонирхож, европчууд амьдаар нь барьж нутагтаа аваачсан гэдэг. Тухайлбал, европын амьтны хүрээлэн 1898-1904 оны хооронд Монголоос 100 орчим тахь барьж, 53 нь тэнд хүргэгджээ. Тахийн тоо толгой европт өсч байсан ч, дэлхийн хоёрдугаар дайны уршгаас болж ердөө 15 нь үлджээ. Харин дайны дараагаар тахийн тоо толгой 57 болж, 1989 онд Африк, Латин Америкаас бусад тивийн 100 гаруй амьтны хүрээлэнд 800-д хүрсэн байна. Тахийн тоо толгой ингэж өсөхөд Орлиц сүрэг чухал нөлөө үзүүлсэн гэлцдэг. ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.Е.Ворошилов манай улсад айлчлахад түүнд Жаргалантын сангийн аж ахуйд байсан Алтай нэртэй тахийн гүү бэлэглэж байжээ. Энэ тахийн гүү 1957 онд Асканы Нова амьтны хүрээлэнд хүргэгдсэн гэх нь бий. Энэ үед ХБНГУ-ын Мьюнхен хотын амьтны хүрээлэнгээс Орлиц нэртэй тахийн азаргыг мөн Асканы Новад аваачжээ. Тэднийг нийлүүлж Орлиц нэртэй тахийн сүргийг гарган авсан гэлцдэг. Орлиц сүрэг дэлхий дахинаа тахийн тоо толгой нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн ч, энэ амьтны гол шинжүүд арилж устаж үгүй болохын ирмэгт дахин ирэв. Тиймээс тахийг анх нутагшиж байсан унаган байгальд нь эргүүлэн тавих хэрэгтэй гэж үзжээ. Ингээд ЮНЕСКО-ийн шугамаар Монголд тахь нутагшуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн Голландын тахь хамгаалах олон улсын сан Монгол тахийг эх оронд нь буцааж нутагшуулах асуудал дээр хүч хөрөнгөө гаргажээ.

Хустайн нурууны Тахь нутагшуулах төслийн захирал асан н.Балдир: Анхны тахь 1992 оны зургаадугаар сарын 5-ны өдөр онгоцоор ирж байсан. Олон улсын ЮНЕСКО-ийн шугамаар монголд тахь эргүүлэн нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Нидерландын тахь хамгаалах олон улсын сан, энэ байгууллагын захирал Ион Баон 1980 оноос эхлээд монгол тахийг эх оронд нь буцааж, нутагшуулах асуудал дээр хүч хөрөнгөө гаргаж байсан. Ингээд Хустайн нуруунд анх 15 тахь авч ирж байлаа. Өнөөдөр улсын хэмжээнд эргэн сэргээн нутагшуулж байгаа тахь 300 гаруй тоо толгойд хүрээд байна. Хустайн нуруунд анх 15 тахь авч ирж байсан бол, өнөөдөр 200 болтлоо өсөөд байна. Одоогийн байдлаар 30 гаруй гүү унагалаад байна. Унага цовоо сэргэлэн, өсөлт болон нутагшил сайтай байгаа. 2007 онд Хустайн нуруунаас 3 тахь Говь-Алтай руу шилжүүлсэн. Говь-Алтайд нутагшуулж байгаа тахийн удамшлыг сайжруулах үүднээс юм. Одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд 1000 гаруй тахь байна. Гэсэн ч эдгээр тахиуд цус ойртоод 16, 17 дахь үе шатдаа орсон. Тиймээс дэлхийн улаан номонд нэгэнт орсон тахийг анх үүссэн байгальд нь дасгаад үзье гэж  олон улсын байгууллагууд үзсэн юм. Энэ ажил амжилттай явагдсан. Эх орондоо ирсэн тахь маш чадварлаг, үр төл сайтай сэргэлэн сайхан нутагшиж байна хэмээн 2008 онд хуучилж байлаа. Ингэж л тахь эх нутгийнхаа хөрсөнд онгоцоор газардах нь тэр.  Тухайлбал, 1992 оны зургадугаар сарын 5-нд Голландаас тахийн гурван азарга, таван гүү. Аскания Новогоос гурван азарга, таван гүү авчирч Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн нуруунд нутагшуулсан байна. Мөн 1992 оны зургадугаар сарын 6-ны өдөр Аскания Новагоос тахийн хоёр азарга, гурван гүү Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд нутагшуулсан юм. Төв аймгийн Хустай нуруун, Говь-Алтайн цаадах говьд эрт дээр үед тахь бэлчээрлэж байсан учраас энэ газруудыг сонгож нутагшуулсан нь энэ юм. Дэлхийн улаан номонд орсон тахийг устаж үгүй болохоос сэргийлж ийнхүү анх үүссэн байгальд нь дасгах ажил амжилттай явагдаж, тахь эх нутагтаа идээшээд 29 дахь зунтайгаа золгож байна. Манай улс тахийн тоо толгойгоороо дэлхийд тэргүүлж байгаа юм.