12 сар 22, 2024

Хонины өвөг аргаль…

Монгол орны аргаль ховордсон улаан номд орсон амьтдын тоонд ордог. Манай улсад хоёр төрлийн аргаль бий. Тэднийг алтайн болон говийн аргаль хэмээн ангилдаг юм. 2007 онд Шинжлэх ухааны академи, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд манай улсад хэчнээн тооны аргаль байгааг судалжээ. Үүгээр манай улсад 13-15 мянга орчим аргаль байгаа нь тогтоогдсон байна. Алтайн аргаль Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад нутагладаг бол, говийн аргаль Говь-Алтай, Төв, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн өмнөд нутгуудаар элбэг аж. Сүүлийн 50 гаруй жил гадаадын анчдад тусгай зөвшөөрөлтэйгөөр, төлбөртэйгөөр аргаль ангуулж ирсэн. Энэ мэт хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр зэрлэг хонины тоо толгой сүүлийн жилүүдэд буурсан учраас Ховд, Увс, Говьсүмбэр, Төв аймгийн зарим суманд төлбөртэй буюу зөвшөөрөлтэй аргаль агнахыг хоёр жилийн хугацаанд хориглох шийдвэрийг Байгаль орчны яамнаас 2000 оны дундуур гаргаж байсан юм. Аргаль агнахыг багасгаж, өсгөж үржүүлэх, тогтвортой байлгах зорилгоор тэр юм. Аргаль манай улсаас гадна, Ази, Европ, хойд Америкийн мөнх цаст өндөр уулсын бүсэд оршдог. Гэхдээ манай улсын аргаль бусад орныхоос биеэр хамгийн том нь. Энэ амьтны эрийг нь угалз, эмийг нь аргаль гэж нэрлэдэг. Угалзны биеийн жин дунджаар 140 килограмм, өндөр нь 120 см, урт урт нь 1,8 метр, эврийн урт нь 160-190 см байдаг аж. Эр аргаль том, эм аргаль жижиг эвэртэй байдаг. Аргалийн ерөнхий шинжээс дурдвал, хоньтой төстэй, хөл нь нарийхан урт, үс нь тачир ширүүн, годгор жижиг сүүлтэй. Зүс нь ягаавтар, хүрэн бор өнгөтэй байдаг. Харин өвөл, хаврын цагт бүдэг цайвар өнгөтэй болдог байна. Аргаль уулархаг, өндөр бүс нутаг бараадаж амьдардаг ба таана, говийн хялганаар хооллодог байна. Аргаль нь зуны улиралд өглөө үдшийн цагаар, өвлийн улиралд өдрийн дундуур бэлчээрлэдэг гэнэ. Аргаль долоодугаар сард хэлээ тээж, тавдугаар сард гол төлөв нэг, эсвэл ихэр хурга гаргадаг байна.