12 сар 22, 2024

Говийн баавгай мазаалай…

Говийн баавгай Мазаалай дэлхийн улаан номонд орсон ховордож буй амьтан. Говийн энэ баавгайг зөвхөн Монголд харж болно. Тэр дундаа зөвхөн Говь-Алтай аймгийн Өвөр говиор нутагладаг билээ. Тэр дундаа Сэгс цагаан богд, Шар устайн баян бүрд зэрэг Алтайн Өвөрговийн хэд хэдэн баян бүрдийг түшиглэж амьдардаг. Байгаль орчны яам 2004-2007 оны хооронд Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр олон улсын төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж, мазаалайн талаар нарийвчилсан судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар манай улсад 35-50 орчим тоо толгой мазаалай байгаа нь тогтоогдон юм. Говь-Алтайн Өвөрговийн Баянбүрд орчмоор мазаалай баавгайн амьдрах орчин доройтсоноос болж тоо толгой нь эрс цөөрсөн нь булаг шанд хатаж ширгэж байгаатай холбоотой гэж үздэг.

Мазаалайн шилжилт хөдөлгөөний талаар судалгаа хийж, Олон улсын баавгай судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, гурван баавгайн хүзүүнд сансрын дохиолол зүүж, говийн баавгайн байршил, шилжилт, тоо толгойд нарийвчилсан судалгаа мөн хийсэн байдаг. Говийн баавгай мазаалай нь ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу бууралт үстэй, жижигхэн нүдтэй амьтан юм. Мөн хурдан шалмаг, түргэн хөдөлгөөнтэй, мохоо хумстай байдаг. Мазаалай Говь-алтайн Өвөрговиор ургадаг бажууны үндсийг ухаж идэхээс гадна, зээргэнэ, хармаг жимс, хэвлээр явагч, хорхой, шавжаар хооллодог байна. Мазаалай нь өвлийн эхэн сараас хаврын дунд сар хүртэл хадны ангал, агуйд ичдэг. Ичээнд байх хугацаандаа мазаалай бамбаруушаа төрүүлдэг байна. Нялх мазаалай нэг сартай дээрээ 4,5 килограмм жинтэй байдаг. Нялх бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол мазаалай дагуулж явдаг байна. 

Дэлхийн шилдэг зоосыг жил бүр 10 төрлөөр нэр дэвшүүлэн шалгаруулдаг. 2008 оны шилдэг зоосоор Унгарын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан зоосон тэмдэгт шалгарч байжээ. Харин 2009 оны шилдэг зоосны үзэсгэлэн Герман улсын Берлин хотноо болсон бөгөөд шилдэг аравт АНУ-ын гурав, Беларусийн хоёр, Австри, Итали, Дани, Британи, Монголоос тус бүр нэг зоос шалгарсан байна. Алмазан нүдтэй Мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгийн зоос ан амьтныг хамгаалах утгатай. Энэхүү зоос 2007 онд анх үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн хамгийн шилдэг зоосоор шалгарч байсан юм. Монголбанк 2017 онд мазаалай зоосыг дахин хэвлүүлж худалдаанд гаргасан байдаг. 999 сорьцтой цалин цагаар мөнгөөр хийсэн уг зоос 31,1 грамм жинтэй, 38,61 мм диаметртэй 200 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй юм.