12 сар 22, 2024

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүллээ…

2021.06.11. Улаанбаатар. Монгол улс. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхын буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргасан талаар Сонгуулийн ерөнхий хороо танилцуулав. Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулж, сонгуулийн дүнг эцэслэн гаргаж баталгаажуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу сонгуулийн бүх хэсэгт саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй гэдгийг тэрбээр онцолсон байна.