12 сар 23, 2024

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх яллаа…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07-22 цагийн хооронд улс орон даяар явагдлаа. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 821,136 хүний санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72,569 хүний санал, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат 242,805 хүний санал авчээ. Саналын хуудсыг гараар 100 хувь дахин тоолоход урьдчилсан дүн зөрөөгүй болохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Ийнхүү МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийсний сацуу, шударга өрсөлдөж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баяр хүргэв.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, өөр өөрийн дүгнэлтийг өгч, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч сэтгүүлч 40 хүн бүртгүүлсэн байна. Тухайлбал, Сонгуулийн үйл ажиллагааг Ассошиэйтед Пресс /AP/, Фүжи телевиз, Аль Жазира, Синьхуа мэдээллийг агентлаг, Асахи Шимбун сонин, Жиньминь Жибао сонин, The GW Biz News, Киодо Цуушин агентлаг, Agence France Presse /AFP/ зэрэг дэлхийн нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж олон улсад дамжууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллага. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажигласан юм.

Саминд ургийн овогтой Ухнаагийн Хүрэлсүх 1968 оны 06 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх үндэстэй, 52 настай, эхнэр хоёр охины хамт амьдардаг. Түүний аав Ухнаа Сүхбаатар аймагт төрсөн бол, ээж Цэнд Говь-Алтай аймагт төржээ. Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож, 2020 оны долоодугаар сарын 02-ны өдөр 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдсон юм. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хамгийн удаан буюу 2017-2021 оны хооронд хашсан. Энэ хугацаанд гадаад харилцааг тэлж, улсын эдийн засгийг сэргээхэд онцгойлон анхаарч ажилласан юм. 2021 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын ажлаа өгч, 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн Ерөнхий хорооноос гардаж авснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөж ийнхүү ялалт байгуулаад байна.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1975-1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол
  • 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургууль /цэргийн нэгдсэн дээд сургууль/-д дээд боловсрол эзэмшсэн, улс төр судлаач
  • 1992-1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
  • 1999-2002 онд МУИС-ийн Хууль эрх зүйн сургууль, эрх зүйч

Сонгогдож ажилласан байдал:

  • 2000-2004 онд Монгол Улсын их хурал
  • 2004-2008 онд Монгол Улсын их хурал
  • 2012-2013 онд Монгол Улсын их хурал

Ажил, албан тушаалын байдал: 

  • 1989-1991 онд Монгол Ардын армийн 152, 150 дугаар анги, 
    Ротын захирагчийн улстөрийн орлогч
  • 1991-1994 онд МАН-ын төв хороо, улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
  • 1994-1996 онд МАН-ын Залуучуудын хөгжил төв, ерөнхий захирал
  • 1997-2003 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2008 онд Монгол Улсын их хурал, гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газар, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Монгол Улсын их хурал, гишүүн
  • 2014-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа юм.