12 сар 22, 2024

Оюутолгойн ил ба далд уурхай

Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын үед санхүүгийн зөрчил гаргасан хэмээн Оюутолгой компанид  татварын байгууллагаас 130 орчим сая америк долларын акт одоогоос хэдэн жилийн өмнө тавьж байлаа. Тухайн үед үүнийг Оюутолгой компани болон түүний 66 хувийг эзэмшигч Туркойз хилл компани хүлээж аваагүй юм. Тэд Монголын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бүх татвараа төлсөн. Хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн энэ асуудлыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэх бөгөөд эцсийн шатанд олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдүүлнэ гэж тэд мэдэгдэж байсан удаатай. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 14 зүйлд: Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор талуудын хувьд аливаа маргаан гарвал үүнийг эхний ээлжинд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ аль нэг тал хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын 60 хоногт шийдвэрлэнэ. Хэрэв хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол, маргаан гарсан өдөр үйлчилж буй НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэсэн зүйл заалт бий.

Энэ дагуу арбитарт шилжихээс өмнөх шат буюу маргаан үүссэн тухай мэдэгдэл манай улсад хүргүүлсэн нь тэр юм. Тухайн үед Маргаан таслах зөвлөл татвар болон бусад санхүүгийн зөрчилтэй холбоотой 10 асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцсэнээс 8 нь үндэслэлтэй, 2 нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Энэ шийдвэрийг авсан даруйдаа Оюутолгой болон Туркойз хилл компанийн зүгээс татварын актын хэмжээг 130 орчим сая америк доллараас 30 сая америк доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлж байсан удаатай. Ийнхүү татварын маргаан шийдэгдсэний дараа хөрөнгө оруулагч тал 2014 оны нөөцийн түвшинд,  2014 оны уурхайн амьдрах насны түвшинд  гэсэн хоёр хувилбараар далд уурхайн ТЭЗҮ-г боловсруулсан болохоо олон нийтэд зарлаж байв. Эхний хувилбарт уурхай цаашид 50 орчим жил үргэлжилнэ. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажиллагааг оруулбал 100 жил үргэлжилнэ гэж тусгасан байдаг. Дараагийн хувилбарт төслийн хүчинтэй хугацаа болон уурхайн хаалт хүртэлхийг тооцож ТЭЗҮ боловсруулсан байдаг юм. Уг ТЭЗҮ-г Оюутолгойн ТУЗ-д хүлээлгэн өгч, гүйцэтгэх удирдлага баталж, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж байсан нь саяхан.

Тэгвэл Оюу толгойн бүлэг ордын техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг дахин боловсруулсан тухай тус компанийн тайланд дурдсан байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагаар хэлэлцүүлж хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Манай улсын холбогдох хууль тогтоомжид уул уурхайн компаниуд ТЭЗҮ-ээ таван жил тутамд тодотгож байхаар заасан байдаг. Үүний дагуу ТЭЗҮ-г дахин боловсруулж, тодотгох гэж байгаа нь энэ юм. Шинээр боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлд олборлох аргачлал шинэ загварчлалын дагуу хэвээр байхаар тусгажээ. Түүнчлэн өмнө нь мэдээлсэн бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. Харин КОВИД-19-ийн халдвараас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа гэнэ. Гэхдээ тус компани бүтээн байгуулалтаа хэвийн үргэлжлүүлж дунджаар 1,800-аас дээш метр хөндлөн малталт хийжээ.

Агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил засвар, арчилгааны хуваарьт шилжсэн байна. Мөн гадарга дээрх чухал биш барилгын ажлыг засвар үйлчилгээ, арчилгааны хуваарьт шилжүүлжээ. Харин чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэхээр цөөн тооны шөнийн ээлжийн ажилчдыг ажиллуулж материал зөөвөрлөх систем төлөвлөгөөний 40 хувьд хүрсэн байна. Хюго Дамметийн гүний уурхайд 6.6-7.1 тэрбум америк долларын бүтээн байгуулалт хийж 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэхээр зорьсон байгаа юм. Мөн панелийн хоёр талд байрлах багануудад байгаа материалыг хүдрийн нөөцөөс, эрдсийн нөөцийн ангилалд шилжүүлжээ. Эдгээр багануудад байгаа материалыг одоо явуулж байгаа судалгаанд үндэслэн сүүлийн шатуудад олборлоно хэмээн тооцоолж байгаа юм. Ийнхүү 2022-2023 онд далд уурхайн үйлдвэрлэлийг хэвийн шатанд оруулахаар зорьж байгаа бол, оюутолгой ил уурхайн олборлолт баяжуулалт хэвийн үргэлжилж байна. 

Оюутолгой компанийн баяжуулалтын ахлах мэргэжилтэн Ганболд: Оюутолгойн баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтад орж нээлтээ хийсэн болохыг хэлдэг. Харин ил уурхайн баяжмалын экспортыг 2013 оны долоодугаар сарын 9-нд анх эхлүүлсэн байдаг. Энэ цагаас хойш ил уурхайгаас хүдэр олборлож, баяжуулж, экспортолж байгаа юм. КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй урд хөрш дэх хязгаарлалтууд буурч, хилийн нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойгоор хоёрдугаар улиралд тус компанийн борлуулалт сайжирсан байна. Гэхдээ тайлант хугацаанд 36,495 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад долоон хувиар буурсан. Үүнд тээрэмд хийсэн хуваарьт засварын ажил голлон нөлөөлсөн байна. Хүдрийн агуулга буурсан төдийгүй тээрэмдсэн хүдрийн хэмжээ бага байснаас үүдэж 31,150 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 57 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Уурхайн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн шатуудад ангилан хуваах ажлыг ахиулснаар дараа онд хүрэх байсан зэс, алтны өндөр агуулгатай хэсэгт энэ оны хоёрдугаар хагаст бараг хүрсэн гэж хэлж болохоор байна. Энэ онд 140,000 – 170,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн бол, алтны үйлдвэрлэлийн төлөвөө 120,000 – 150,000 унцаас 155,000 – 180,000 унц болгож нэмэгдүүлсэн байна.

Оюу толгой үйлдвэрлэлийн мэдээлэл:

2019 оны II улирал2019 оны III улирал2019 оны IV улирал2020 оны I улирал2020 оны II улирал2020 оны эхний хагас2019 оны эхний хагас2019 Бүтэн жилээр
Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)24,40824,84428,12226,83423,21850,05248,351101,316
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)10,39410,04011,08810,8899,64520,53419,64940,777
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:
Зэс (%)0.460.370.420.420.470.450.510.45
Алт (г/у)0.310.140.150.150.190.170.440.29
Мөнгө (г/у)1.201.031.061.141.221.181.231.13
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)180.6131.3152.6164.5169.9334.4390.7674.6
Баяжмалын дундаж агуулга (% Зэс)21.721.721.621.421.521.421.821.7
Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:
Зэс (‘000 тонноор)39.228.432.935.236.571.785146.3
Алт (‘000 унцаар)722624263157192242
Мөнгө (‘000 унцаар)238191190214212426486867
Борлуулсан баяжмал (‘000 тонноор)225.3157.0157.5125.9194.3320.2410.3724.7
Борлуулсан баяжмал дахь металлууд:
Зэс (‘000 тонноор)46.632.432.325.839.765.585.1149.9
Алт (‘000 унцаар)1163525203151213274
Мөнгө (‘000 унцаар)245207244146220366445896
Металл авалт (%)
Зэс80.275.174.274.379.176.782.278.7
Алт63.654.748.246.052.049.368.263.6
Мөнгө59.256.053.551.555.853.661.258.1

Оюутолгой компани энэ оны эхний хагаст 134 сая америк долларыг татвар, төлбөр, хураамжид төлсөн байна. Эдгээр нь нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2,7 тэрбум америк доллараар хэмжигдэж байгаа юм. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой компани Оюу толгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангахын тулд төрийн өмчит цахилгаан станц барих шийдлийг дэмжихээр тохиролцоонд хүрсэн билээ. Энэ тухай Рио Тинто групп, Туркойз Хилл компани хоёрдугаар улирлын тайландаа дурдсан юм. Ингэснээр Засгийн газар төрийн өмчит цахилгаан станцыг санхүүжүүлж, Таван толгойд барих юм. Өмнө байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлтээр оруулж, тохиролцоог баталгаажуулсан бөгөөд төрийн өмчит цахилгаан станцын ажлын явцыг тохиролцсон хуваарийн дагуу явуулах юм. Мөн Оюу толгой ХХК болон Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хооронд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээний дагуу Оюу толгойн уурхайн цахилгааны зарим хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс нийлүүлж эхэлж байгаа юм.