11 сар 16, 2024

У.Хүрэлсүх: Дархан аж үйлдвэрийн парктай болно

2021.05.30. Энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Цар тахлаас үүдэн уулзалтад оролцох иргэдийн тоо хязгаартай учир уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдээс гадна цахимаар 2000 гаруй  хүн холбогдож, уулзалтад оролцлоо. Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг 60 жилийн өмнө тавьж, сүндэрлэн босгосон түүхтэй. Дархан хот нүдэн дээр цэцэглэн хөгжиж байгааг харахад таатай байна. Аливаа улсад дагуул хот байдаг. Монголд Дархан дагуул хот болж хөгжих бүрэн боломжтой. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Дархан-Уул аймгийг 2035 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж байсан. Дархан-Уул аймгийг Монгол Улсын үйлдвэр, технологийн паркийн нэг бүс болгон хөгжүүлэхээр болсон. Ирэх жилүүдэд үйлдвэрүүд баригдсан, эдийн засгийн нээлттэй бүс болон хөгжих болно. Дарханд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийг барьж байна. Арьс ширний үйлдвэр бол дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна 180 гаруй мянган малчныг ажилтай, орлоготой болгох том үйлдвэр болох юм. Дарханы орон сууцны инженерчлэлийг сайжруулж 5700 айлын орон сууц баригдана. Цаашид Дархан-Уул аймаг шинжлэх ухаан, технологийн инноваци бүхий томоохон үйлдвэр, аж үйлдвэрийн парк бүхий хот болж хөгжих юм. Хэрэв би ард түмнийхээ итгэлээр Ерөнхийлөгч болвол Дархан хотыг металлургийн хүнд аж үйлдвэр, арьс, шир боловсруулах, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолбор бүхий орчин үеийн аж үйлдвэрийн хот болгож эрчимтэй хөгжүүлэхийг дэмжиж ажиллана. Мөрийн хөтөлбөрийн олон төвт хотууд заалтын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задалж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод олон төвт суурьшлын бүс, дагуул хот, суурингууд байгуулахыг бодлогоор дэмжихээр тусгасан. Дархан-Уул аймгийн иргэд удахгүй хоёр эгнээ авто замаар зорчих болно. Зам барилгын ажилд цар тахал, байгалийн үзэгдэл нөлөөлсөн асуудал бий. Түр хүлээчихвэл сайхан замтай болно. Дарханы зам 100 жилийн настай, сайн зам тавигдаж байгаа. Шударга бусын тэмцлийг үргэлжлүүлнэ. Ардаа алагчилдаггүй, авлигаас ангид шударга төрийг цогцлоох, эр зоригтой, эрс шийдэмгий зорилтуудыг дэвшүүлсэн. Хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ  эргүүлэн авч, үр шимээс нь иргэддээ тэгш, хуваарилах бодлого тодорхойлсон гэлээ. Дархан-Уул аймгийн иргэд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт дагуул хотуудыг байгуулах, хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлж ажиллана гэж тусгасныг сайшаав. Мөн олон жил дарханчуудын хувьд тулгамдсан асуудал байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх ажлыг У.Хүрэлсүх сайдын үед эхлүүлж, удахгүй дуусах баярт мөч ойртож байна. У.Хүрэлсүх бол олон жил улс төрд явж байгаа хүн учраас шийдвэр гаргаж ажиллаж чадах хүн гэсэн юм. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Найрсаг хотууд – Улаанбаатар, Дархан, Эрдэнэт заалтын хүрээнд хотдоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, айлын хашаа, зуслангийн бүс, орон сууцны хотхон бүрд Бичил ногоон орчин бүрдүүлэх хөдөлгөөн санаачилж өрнүүлнэ хэмээн тусгасан. Мөн Улаанбаатар Туул, Сэлбэ, Улиастай, Баянгол, Түргэний гол, Дархан хотын Хараа, Зулзагын гол дагуу иргэд амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барих санаачилга гаргана гэж тусгажээ. Түгжрэлгүй хотууд заалтын хүрээнд давхар зам, гүүрүүд, нийтийн тээврийн олон төрөлт, ухаалаг сүлжээг барьж байгуулах цогц төсөл санаачлан, дэмжиж ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан юм.