12 сар 4, 2024

У.Хүрэлсүх: Монгол Улсын төлөө зүтгэе…

Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр: Туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, үе үеийн ахмад дайчиддаа цэрэг эрсийн баяр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ. Монгол цэргийн баярын энэ өдөр хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе. Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай. Монгол Улсын төлөө зүтгэе гэжээ.