12 сар 6, 2024

Тусгаар тогтнол хөгжлийн зуун…

Монгол улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулагдсаны 100 жилийн ой, эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвжүүлж, Тусгаар тогтнол хөгжлийн зуун илтгэл тавив. Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт Монгол ахан дүүс ээ, Монгол Ардын Намын гишүүн дэмжигч, эрхэм журмын нөхөд өө. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч, тулах багана болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Төв Азийн цээжинд байгуулагдсан анхны улс төрийн хүчин МАН-ыг үүсгэн байгуулж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, хөлс хүчээ зориулсан өвөг дээдэс, ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, түүхт баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёслоё. Улс төрийн ууган хүчин МАН-ыг түүхэн цаг үеүүдэд удирдан ирсэн үе үеийн намын дарга, удирдлагууд, шат шатны идэвхитэн сонгуультан, намын ажилтнууддаа түүхт ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүний нийгмийн хөгжил гурван хэмжээст орон зайд гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд орших бөгөөд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Түүх давтагддаг нь жам ёсны асуудал бөгөөд түүнээс ялалт, амжилт, ололт, нээлт басхүү гэм, нүгэл, алдаа завхрал, азгүйтэл бүтэлгүйтэл аль алийг нь олж мэддэг учиртай. Хамгийн гол нь тасралтгүй үргэлжилсэн түм буман үйл явдлын цаана нийгмийн амьдралын нарийн хууль, зүй тогтол обьектив байдлаар үйлчилдэг болохыг олж харна. Тийм учраас өнгөрсөн түүхээ шинжлэх ухаанчаар, бодитой үнэлж дүгнэх нь өнөөдрийн өндөрлөгт хэрхэн хүрснээ ойлгох, өмнөх үеийн алдаа, завхарлыг давтахгүй байх, тэр утгаараа хөгжлийн замыг товчлох, улмаар ирээдүйгээ зөв баримжаалах агуу боломжийг хүртэнэ гэсэн үг юм. Харин түүхийн үнэнийг тогтооход баримтлах нэг алтан зарчим бий. Энэ бол өнгөрснийг дүгнэхдээ эдүгээчлэх, нам, бүлэглэл, хувь хүний үнэлэмжээр хандан өөрийн үзэмжээр засварлах, гоёчлох, эсхүл нийтэд нь харлуулах зэрэг туйлшралаас бүрмөсөн зайлсхийж, тухайн цаг үеийнх нь түүхэн нөхцөл байдал, учир шалтгаан, үйл явдлын хэлхээ холбоон дунд нь нийцүүлэн авч үзэх явдал юм. Монгол Улсын 4 дэхь Ерөнхий сайд, нэрт түүхч Агданбуугийн Амар: Манай түүхийн сайн нь ч бидний багш, саар нь ч бас бидний багш юм шүү гэж сургажээ. Манай намын 100 жилийн түүх бол бидэнд байгаа яндашгүй их баялаг, мэдлэг, урам зориг, сургамж, үнэний ухаарлыг хайрлах мэргэн багш мөн. Ийм л байр сууринаас бид намынхаа түүхийн асуудалд хандаж МАН анх үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ямар бодлого, чиг шугамыг баримталж Монголын ард түмний төлөө юу хийж бүтээсэн талаар өнөө үеийнхэндээ ярьж, бичиж ойлгуулах үүрэгтэй билээ. Миний илтгэлийн ерөнхий санаа, зорилго ч бас үүнд чиглэгдэж байна.

Манай улсын ард иргэд ээ!

Эх орныхоо ирээдүй хойч болсон бидний үр хүүхэд, залуучууд аа,
Өнөөдрөөс яг нэгэн зууны тэртээх Монгол орныхоо нөхцөл байдал, аж амьдралыг эргэн нэг санацгаая. Хорьдугаар зууны 20-иод он гэхэд Монгол орон харийн түрэмгийлэгчдийн дарлалд нэрвэгдэж, 10-хан жилийн өмнө асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, автономит төрөө мөхөөлгөж, төрөө засаглах эрхгүй,  улсаа хамгаалах цэрэггүй, эрүүлийг хамгаалах эмнэлэггүй, эрдэмд боловсрох сургуульгүй, харийн дарлалд зүдэрсэн, хамаг ард нь ядарсан, өвчин зовлонд нэрвэгдсэн, өр ширэнд баригдсан ядуу дорд орон байсныг түүх гэрчилнэ. Тухайн цагт Монголд ирсэн гадаадын судлаач, эрдэмтэд: Долоон зууны тэртээ дэлхийг донсолгож, толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөхрүүлж явсан их Чингисийн хойчос гэж хэлэхийн аргагүй, даанч өрөвдмөөр улс болжээ хэмээн халаглан бичсэн байдаг. Чухамхүү энэ цаг дор монгол түмний хүсэл зоригийн дуудлага болж, түүхнээ Ардын намын анхны долоо хэмээн алдаршсан цогт эх оронч долоон залуугаар удирдуулсан Хүрээний хоёр бүлгэм нэгдэн …шашин, үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад, ядуу, доорд ард түмний тусыг туйлаар бодох ба дотоод хэргийг өнө үүрд сахиж, дарлах, дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгож, … Ард түмнийхээ төлөө амь бие, эд зоорио огоорон зүтгэсүгэй хэмээн тангараглаж, сүүгээр бичсэн тангарагийн үг бүхий хадгийг улаан сахиусандаа өргөж, Монгол Ардын Намыг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Тэд бол Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол нарын 25-36 насны идэр залуу, эх орончид байсан юм. Улмаар 1921 оны 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд МАН-ын анхдугаар Их хурлыг зохион байгуулж, Түмэнд тунхаглан зарлах бичиг хэмээх анхны мөрийн хөтөлбөрөө батлан Намын Төв Хороо, Ардын Журамт Цэргийн Хэрэг эрхлэх газрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү стратеги, тактикаа нарийвчлан тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй, намын дарга, төв хороо хэмээх удирдлагатай, нэгдмэл зохион байгуулалттай болсон энэ цаг хугацааг Монгол Ардын Нам байгуулагдсан өдөр гэж ёслол төгөлдөр тэмдэглэсээр бид 100 дахь хавартайгаа учран золгож байна. Хичээн эрмэлзэх 10 зүйл бүхий Түмэнд тунхаглан зарлах бичигт тусгасан Ард олны эрх мэдлийг эрхэмлэх, Монгол төрийг босгох хэмээсэн үндсэн хоёр зорилт, жанжин шугамаа хэрхэн хэрэгжүүлсэн талаар одоо яръя.

МАН-ЫН ЭРХЭМ ДЭЭД ЗОРИЛГО – ТУСГААР ТОГТНОЛ

Монгол Ардын Нам, Ардын түр засгийн газар, ардын журамт цэргийг богино хугацаанд зохион байгуулж, 1921 оны гуравдугаар сард Хиагт хотыг мөн оны долдугаар сард Нийслэл хүрээг Зөвлөлт Оросын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, ардын эрхэт засаг төрийг байгуулсан нь тусгаар тогтнолоо дахин сэргээж, өөрийн газар шороондоо эзэн суух гэсэн монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүслийн биелэл, тэнгэрийн цагийн таалал байлаа. Нийт хязгаар нутгийг харийн түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлсөн хэдий ч, монголын тусгаар тогтнол, гадаад дотоод улс төрийн нөхцөл байдал 1940-өөд оны эцэс хүртэл эмзэг, түгшүүртэй хэвээр байлаа. Ялангуяа тухайн үеийн Хятадын эрх баригчид Монголын хүн амын тодорхой хэсгийг нам, ардын засгийн эсрэг далдаас турхирах, бослого самуунд уриалах, хил хязгаарт халдах, элдэв хорт цуурхал дэгдээж, нийтийн санаа бодлыг үймүүлэх, манай улсад эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийг өөрт ашигтайгаар өрнүүлэх зэргээр улсын тусгаар тогтнолд байнга заналхийлж байлаа. Гадаад монгол бол хэзээнээс Хятадын газар нутгийн салшгүй хэсэг гэсэн үзлээ үхширтэл хамгаалж байсан Гоминданы хятадууд бараг 40 жил монголын тусгаар тогтнолд дайсагнасаар байсан юм. Нөгөө талаас Сибирь, алс дорнодыг гадны довтолгооноос хамгаалахад Монголыг бамбай болгох мөн Монголоос болж Хятадтай харилцаагаа муутгахгүй байх гэсэн далд бодлогыг Сталин, коминтерний зүгээс бүр анхнаасаа баримталж байсан нь байдлыг улам ээдрээ, түвэгтэй болгож байлаа. 1924 оны тавдугаар сарын 31-ний өдөр Бээжин хотод гарын үсэг зурсан Зөвлөлт Орос, Хятадын хэлэлцээрээр Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг мөн хэмээн тохиролцсон нь Зөвлөлтийг ганц ханиа хэмээн бодож явсан манай эх орончдод маш том цохилт болсон юм. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг монголчууд өөрсдөө л авч явахаас өөр арга зам байхгүй юм байна гэдэг гашуун боловч үнэн сургамжийг олж авсан билээ. Том гүрнүүдийн язгуур ашиг сонирхлын дэнчинд монголын тусгаар тогтнол хялбархан тавигдаж байсан тэр гашуун үнэнийг бид хэзээ ч мартаж болохгүй. Гэсэн хэдий ч, төрийн тусгаар тогтнолоо ямар ч үнээр болов авч үлдэх нь хамгаас эрхэм тул МАН цаг цагийн байдал, жижиг улсын сул тал, онцлогийг тооцон зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бус улс төр, дипломатын аргаар эх орон, тусгаар тогтнолоо батлан хамгаалах арга ухаан сүвэгчлэн амжилттай тэмцэж ирсэн агуу түүхээр бид байнга бахархаж явах учиртай. Монголыг өөртөө нэгтгэх гэсэн Хятадын эрх баригчдын үйл ажиллагаа идэвхжсэн, мөн дээр нь Японы түрэмгийлэгчдийн халдан довтлох аюул занал нэмэгдсэн амаргүй цаг үед тусгаар улсын ёсоор оршин тогтнохын тулд Зөвлөлт Орос Улс, Оросын ард түмний дэмжлэгийг авч, харилцан туслалцах гэрээг байгуулсан юм. Энэ бодлого зөв зүйтэй байсныг 1939 оны Халх голын дайн,  1941-1945 оны Агуу Эх орны дайн, 1945 оны Чөлөөлөх дайны үр дүн тов тодорхой харуулсан бөгөөд эх орныхоо тусгаар тогтнолыг бататгаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн юм. Монголын ард түмэн Аугаа Эх орны дайны хүнд бэрх цагт Бүхнийг фронтод хөдөлгөөн өрнүүлж, бүхий л боломжоороо Оросын ард түмэнд туслаж байсан бол, өмнөд хөрш Хятадын ард түмнийг харийн дарлалаас чөлөөлөх байлдаанд Монгол Ардын Хувьсгалт цэрэг амь биеэ үл хайрлан оролцсон нь мөнхийн хоёр хөршдөө зовох цагт нөхрийн чанарыг таниулсан түүхэн үйл явдал болон үлдсэн билээ. Дайны дараа ЗХУ-ын удирдагчид манай улсын талаар НҮБ-д албан ёсоор хандан Монгол Улс тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Нэгдсэн Үндэстнүүдийн тэмцэлд их хувь нэмэр оруулсан, дайнд улаан армид эд материалын тусламж нэн даруй үзүүлсэн, өөрийн хөрөнгөөр танкийн бригад, нисэх онгоцны эскадриль байгуулан дайн дуустал санхүүжүүлсэн, 1945 оны наймдугаар сард Алс Дорнодод дайны голомтыг дарахад шууд оролцсон, 195 сая төгрөг буюу 50 сая долларын хохирол үзсэн гэж удаа дараа танилцуулж байв. Дэлхийн II дайны ялалтад их үүрэг гүйцэтгэсэн гэдэг үнэлэлт Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд үлэмж өргөсөн тул АНУ, Их британи, Франц зэрэг ялагч гүрнүүд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. Харин харгис, хатуу байр суурьтай байсан Чан Кай-Шигийн Засгийн газар эцсийн эцэст үнэнд гүйцэгдэн Монголын ард иргэдийн дунд санал хураалт явуулж Монголын асуудлыг шийдвэрлэе гэж мэдэгдсэн бөгөөд манай засгийн газар ч тэр даруйд нь хүлээн зөвшөөрсөн юм. 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр явагдсан бүх нийтийн санал хураалтад манай улсын нийт иргэдийн 98.4 хувь нь оролцож, тусгаар тогтносон улс байхын төлөө бүгд саналаа өгсөн түүхтэй. Энэ үйл явдлыг академич Базарын Ширэндэв 1911 ба 1921 онд манай улсын тусгаар тогтнолын төлөө явуулсан тэмцэлтэй ач холбогдлоороо эн тэнцэхүйц хэмээн дүгнэсэн байдаг.

МАН, Засгийн газар Монголын ард түмний чинхүү хүсэл эрмэлзлийг дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 1945 оноос хойш бүтэн 16 жилийн турш уйгагүй чармайн зүтгэж, дэлхийн улс гүрнүүдийн эгнээнд бүрэн эрхэт гишүүнээр элсэх өргөдлөө 4 удаа өргөн барьж, 13 удаа хэлэлцүүлсний эцэст 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр алтан соёмбот төрийн далбаагаа НҮБ-ын хөх тэнгэрт мандуулсан түүхтэй билээ. НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элссэнээс хойш Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, Манай Улсын тусгаар тогтнол улам баталгаажсан юм. Манай намын үе үеийн удирдлага дор олон жилийн идэвхи санаачлага, хичээл зүтгэлийн үр дүнд 1958 онд хойд хөрштэйгөө, 1962 онд урд хөрштэйгөө хилийн гэрээ байгуулж, хил хязгаараа бататган тогтоосон явдал бол Монгол Улс Ази тив дэх анхны хилийн маргаангүй улс болж, тэр цагаас хойш Монгол Улсын хил хязгаар хэн ч халдашгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөн дархлагдсан түүхтэй билээ. Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна. Мөн манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан бөгөөд Ардын журамт цэргээс эхэлсэн манай зэвсэгт хүчин тусгаар Монгол улсаа батлан хамгаалахын зэрэгцээ хүн төрөлхтөний энхийн манаанд нэр төртэй зогсож, дэлхийн цэрэг болж чадсныг харуулж байна. Энэхүү үйл хэрэг нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байгааг түүхт энэ баярын өдөр цохон тэмдэглэж, энхийг сахиулагчид болон зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе. Монгол Улс НҮБ-ын хариуцлагатай гишүүн орны хувьд дэлхийн найрсал, энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зохих санал санаачилгыг гаргасаар ирсэн.

Бид өөрийн газар нутгийг цөмийн зэвсэггүй бүсээр зарлаж, энэхүү статусаа Олон улсын хамтын нийгэмлэг НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн Төв Азийн анхны улс болж чадсан юм. Энэ жил Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элссэн түүхт 60 жилийн ой бас давхар тохиож байна. Энэхүү түүхт ойг өндөр хэмжээнд бүтээлчээр тэмдэглэж, бидний өвөг дээдэс улс орныхоо бие даасан, бүрэн эрхэт байдлыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх гэж яаж зүтгэж тэмцэж ирсэн, ямар их үнэ цэнээр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсныг залуу үеийнхэндээ гүн гүнзгий ойлгуулах талаар төр засгийн зүгээс бодит ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс дэлхийн 2 дугаар дайнд цэг тавихад оролцож түүхэн үүрэг гүйцэтгэсэн орны хувьд дэлхийн дайн дуусаж, төгсгөл болсон 1945 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг жил бүр Хүн төрөлхтөн дайныг эсэргүүцэх өдөр болгон тэмдэглэж байх энхтайванч саналыг дэлхийн улс түмэнд хандан санаачлан дэвшүүлэхийг улс төрийн ууган намын хувьд төр засагтаа уриалж байна. Бидний өвөг дээдэс 1,5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлаж, даян дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан нь Хүннү гүрнээс өвлүүлсэн Их Монгол Улсын тулгын галыг сэргээн бадраасан агуу их үйл хэрэг, хэзээ ч мартаж үл болох түүхэн гавьяа юм.

АРДЫН ТӨРИЙН ТҮҮХ БОЛ
АРДЫН НАМЫН ТҮҮХ МӨН

Харийнхнаас эх орноо чөлөөлсний дараа Ардын намын өмнө ард түмнээ дарлах дарлагдахын зовлонгоос ангижруулан хэн тэгш жаргаах гэсэн анхдугаар программын хоёрдахь зорилт гол асуудал болж тавигдсан юм. Энэ бол ард түмнийг хамгаалдаг, тэдэнд үйлчилдэг өөрсдийнх нь засаг төрийг эмхлэн байгуулна гэсэн үзэл санаа юм. Их жанжин Д.Сүхбаатар 1922 онд харьяат цэргүүддээ явуулсан бичигтээ: Ардын эрхтэй засаг байгуулах нь бурхан шашнаа хүндэтгэж, ард түмнээ амар туйл дор хүргүүлэн тэгш журамт, баян хүчирхэг улс болгох зорилготой гэсэн утга төгөлдөр үгээ сонордуулсан байдаг. Хуучныг халж шинэ засаг төрийг байгуулна гэдэг тийм ч амар хялбар бүтэх ажил биш байлаа. Дэлхийн аль ч улсад ноёрхогч анги эрх мэдлээсээ сайн дураараа татгалзаж байсан түүх байхгүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайны түүх бол хаа сайгүй байдаг билээ. Энд онцлон тэмдэглэхэд, засаг, төрийн эрхийг шилжүүлэх өөрчлөлтийг манай нам аль болох тайван замаар хийхийг эрмэлзэж, чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ хэмээн анхныхаа программд заасан нь бий. Харийн түрэмгийлэгчдийг бол цэрэг, зэвсгийн хүчээр хөөх, харин дотоодын феодлуудын ноёрхлыг тайван замаар эвдэх тактикаа нам ингэж тодорхойлжээ. Хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай Тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын засгийн газарт, түмэн олон лам, хуврагуудын хэргийг хэмжээт эрхт хаан Жавзандамба хутагтад хязгааргүй үүрүүлэх тохиролцоог түвэг багатай хийсэн нь түүхийн содон жишээ болон үлджээ.

Үүнийг Үндэсний анхны Их эвлэрэл ч гэж үзэж болмоор санагддаг.
 
Хуучныг эвдэж, шинийг тогтоохдоо цаг алдаж, завсар гаргаж болохгүй гэж үзсэн МАН Улсын Түр цагийн хурлыг нэн даруй үүсгэн, улс орны амин чухал асуудлуудыг зөвлөн хэлэлцдэг ёсыг тогтоох, ван, гүнгүүдийн эрх ямба, хэргэм зэргийг эвдэх, албан татварыг ноён, хутагт, ард хэмээн ялгаварлахгүй нийт нэгэн жигдээр оногдуулан хураах, сүм хийд, хутагт нарын өргөл барьцыг хэмжээлэх, хийдийн данстай лам нараас бусад цэргийн насны эрчүүдийг цэргийн албанд дайчлах, шүүх цаазыг шинэчлэн ялтны хэргийг шийдэхэд дээд, доод гэж ялгахгүй байх, хамжлагат ёсыг халах, орон нутгийн удирдлагыг ардын эрхтэйгээр шинэчлэх зэрэг ардчилсан томоохон өөрчлөлтүүдийг харьцангуй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн юм. Ард түмний хувьсгалт урам зориг, бадрангуй хичээл зүтгэл дээр тулгуурлан 3-4 жилийн дотор манай улсад хийгдсэн дээрх өөрчлөлт нь дэлхийн зарим улс оронд 30-40 жил үргэлжилсэн түүх байдаг. 1924 оны 5 дугаар сард Богд гэгээн гэнэт жанч халж, хэмжээт цаазат хаант засаглалыг өөрчлөх шаардлага гарсан учир мөн оны эцсээр Улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, Үндсэн хуулийг баталсан билээ. Тэрхүү анхдугаар Үндсэн хуульд Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаас сонгогдсон засгийн газар гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино хэмээн ард олноо зарлан тунхагласан билээ. Мөн тус улсын харьяат ард иргэдийг үндэс, угсаа, шашин, эрэгтэй эмэгтэй хэмээн үл ялгаварлан адил тэгш эрх эдлүүлж, эвлэлдэх, эрдэм боловсролд үнэ төлбөргүй суралцах, бусдын хөдөлмөрийг мөлждөггүй, 18 насанд хүрсэн бүх иргэнд сонгох, сонгогдох эрх олгох зэрэг урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн эрх, ариун журам, ардчилсан ёс, хэм хэмжээг хуульчлан баталгаажуулсан нь үнэхээр том дэвшил болсон юм. Ялангуяа эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн тогтоосон нь үнэхээр гайхамшиг байлаа. Ардын хувьсгалтай хамт тунхагласан энэхүү үнэт зүйлээ манай нам үргэлж нандигнан хамгаалж, тасралтгүй төгөлдөржүүлсээр ирсэн билээ. Өөрсдийгөө Ардчиллын замд эрт орсон, иргэншсэн гэж нэрлэдэг зарим улс оронд эмэгтэйчүүд нь урт удаан хугацаанд цөхрөлтгүй босч тэмцэж байж сонгох, сонгогдох эрхээ манайхаас хамаагүй сүүлд олж авсан жишээ баримт олныг дурдаж болно. Өнөөдөр ч эмэгтэйчүүд эрх чөлөөгөө бүрэн олж авч чадаагүй улс орнууд дэлхийд байсаар байна. Ийнхүү 97 жилийн тэртээ монголын ард түмэнд засгийн дээд эрхийг эдлүүлэх Үндсэн хуульт Бүгд Найрамдах засгийн тогтолцоог тунхаглан, парламентат ёсыг хуульчилсан нь XX зууны монголын түүхэнд дуурсагдах онцгой үйл явдал мөн.

Манай нам нийгмийн хөгжлийн өвөрмөц тогтолцооны үед, социалист ардчилсан ёс журам, эрх зүйт төрөө бататган бэхжүүлэх, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л харилцааг зохицуулсан 1940 оны хоёрдугаар Үндсэн хууль, 1960 оны гуравдугаар Үндсэн хуулийг боловсруулан баталсан. Эдгээр Үндсэн хуулиуд нь тухайн цаг үеийнхээ Монголын нийгмийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Ардын төр өөрийн жам ёсны байр сууриа эзэлж, манлайлах хүчин болтлоо түмэн бэрхшээл, мянган сорилттой тулгарч хүнд хэцүү олон үеийг даван туулсан юм. Гаднын дарамт, шахалтын дор өрнөсөн их хэлмэгдүүлэлтээс болж ардын төр, ард түмний хооронд хэсэг хугацаанд завсар зааг гарсан, төр, засгийн газрын хэд хэдэн тэргүүн, нэрт зүтгэлтнүүд, цэрэг армийн удирдлагууд, лам хуврага, ард иргэд гээд олон мянган хүмүүсээ харамсалтайгаар алдсан нулимстай, цустай гашуун он жилүүдийн түүхийг бид огт мартах учиргүй. 1950-аад оны дунд үеэс социалист системийн орнуудад эрх баригч намын үүргийг эрс дээшлүүлэх хандлага давамгайлсан нь манай улсыг тойроогүй. Энэ үйл явц Монгол Улсад харин ч бүр сонгодог хэлбэрээр өрнөж, төр засаг, аж ахуйн ажлын гол, гол эрх, үүрэг намд шилжснээс болж ардын төр үүрэг багатай мэт ойлгогдож байсан үе ч бас бий. Бартаа нугачаатай, хальтиргаа гулгаатай, муруй тахир зам бүхий хөгжлийн үе шатуудыг ийнхүү дамжиж 1990 онтой Монголчууд бид золгосон билээ. 1990 онд хуралдсан МАН-ын Онц их хурлаас гаргасан түүхэн шийдвэрүүд нь Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олон намын тогтолцоо бүхий хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг байгуулах шинэ Үндсэн хуулийн эх суурь болсон юм. Энэхүү 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний оюун санааны их өөрчлөлт, шинэ нийгмийн үндэс суурь, ардчилсан хувьсгалын түүхэн ололт, амжилт байлаа. Шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын 450 депутатын 83 хувь нь буюу 395 нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд байсныг Ардын намын түүхт 100 жилийн ойн баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тус Үндсэн хуульд цаг үеийн шаардлага, нийгмийн зөвшилцлөөр 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийгэм, эдийн засгийн суурь хуулиудыг шинэчилж, шударга ёсны манаачийн үүрэгтэй шүүхийн хараат бус байдлыг чадавхжуулж, төрийн эрх мэдэл хуваагдсан хагас парламентийн засаглалаас сонгодог парламентийн засаглалд шилжихэд чухал алхам боллоо. Цаашид ч манай нам, төр улсаа төвшитгөн, улс орноо хөгжүүлэх их үйл хэрэгт цуцалтгүй хүчин зүтгэх болно. 100 жилийн өмнөх Тангаргийн гэрээнээс шинэ Ардчилсан Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлсэн нэгэн зууны түүхийг товчоолон дүгнэвээс Монгол Ардын Нам нь Ардын эрхэт, Бүгд Найрамдах Үндсэн хуульт төр засагаа эмхлэн байгуулж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө бүтэн зууны турш тэмцэн зүтгэсэн улс төрийн ууган хүчин болохыг энэхүү түүх илтгэн харуулж байна.
 
ХУУЧИН ХҮҮ ШИНЭ ХҮҮ БОЛСОН НЬ:
           
Ардын хувьсгалын өмнөх монголчуудын соёл, оюуны хоцрогдлыг их зохиолч Д.Нацагдорж Хуучин хүү өгүүллэгтээ маш уран сайхнаар дүрсэлсэн байдаг. Түүнд Хуучин хүү хөлд орохоос аваад үс цайх хүртэл нэг голыг өгсөн уруудаж, нэг худгийг эргэн тойрч нутагласаар энэ ертөнцийг эцэслэнэ. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Балдангийнх эсгийгээ хийж байна, Цэндийнх хонио хужирлажээ гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, авгай хүүхдээс аяга тараг, өмх хусам олж идээд нэгэн үдшийг өнгөрөөнө. Ийм л хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ. Юутай гомдолтой, юутай хайрлалтай гэжээ. Чухамдаа ийм л ард түмнийг МАН хүлээн авч, хоцрогдсон монголыг соёлтой монгол, хуучин хүүг шинэ хүү болгохоор зориг шулуудсан юм. Ардын хувьсгал ялах үед монголын хүн амын хоёр орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан гэдэг. Иймд юуны түрүүнд ард түмнийг бичиг үсэгт сургах нь нэн чухал байсан учир орон даяар компанит ажлыг өрнүүлж, эхлээд төв суурин газрыг, дараа нь хошуу, сумдыг сургууль, тэнхимтэй болгож, сургуулийн насны хүүхдүүдийг албан журмаар сургах бодлогыг хэрэгжүүлсэн билээ. Ард түмнийг соён гэгээрүүлэх намын бодлогыг олон түмэн, ялангуяа малчид сайшаан дэмжиж, өөрсдөө хөрөнгө хуримтлуулан сайн дурын сургууль олноор байгуулсан нь манай боловсролын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн үйл явдал юм. Ийм сургууль 1934 онд хоёр байсан бол 1939 он гэхэд 100 гаруйд хүрч өссөн байв. Насанд хүрэгсдийн тухайд, бүлгэм, дугуйлан, гэрийн ба оройн, ээлжийн сургууль, бичиг мэддэг нь мэддэггүйдээ заах хөдөлгөөн, уралдаан зэрэг олон хэлбэрийн ажлуудыг өргөн ашигласан нь богино хугацаанд бодит үр дүнд хүргэсэн юм. 1956 он гэхэд буюу хувьсгалаас хойш 35 жилийн дараа 13-45 насны хүн амын 90.5 хувь нь бичиг үсэгт тайлагдсан байдаг. 1970-аад оны үед бичиг үсэг үл мэдэгчдийн түвшин дэлхийн хэмжээнд 34.2 хувь байсан бол Монголд 4.5 хувь болж манлайлагчдын түвшинд ойртсон байлаа. Хүрсэн үр дүнгээ улам бататгаж, 1986 он гэхэд манай орны 50 хүртэл насны иргэд үндсэндээ 8-аас дээш ангийн боловсролтой болсон юм. Ингэж бүх нийтийг бүрэн бус дунд боловсролтой болгох том зорилт хэрэгжсэн юм. Энэхүү ололт амжилтаараа дэлхий нийтэд үнэлэгдэж, 1970 онд ЮНЕСКО-ийн тусгай шагналыг Монгол Улс хүртсэн бөгөөд энэ нь бичиг үсгээ гурван удаа сольсон хэрнээ харьцангуй богино хугацаанд их дэвшил гаргасныг үнэлсэн том үнэлэлт байлаа. Бүх нийтийг бичиг үсэгт сургахын зэрэгцээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлогыг МАН хувьсгалын дараахнаас дэвшүүлж, гадаад дотоодод залуучуудаа сургаж эхэлсэн юм. 1921 оны 10 дугаар сарын 15-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын цэргийн даргын сургууль гэсэн нэртэйгээр цэргийн сургуулийг байгуулсан нь манай улсын анхны тусгай мэргэжлийн сургуулийн суурь болжээ. Ялангуяа шинээр нээгдсэн фабрик завод, нэгдэл, САА-уудад ажиллах дархан мужаан, монтёр, токарьчин, слесарь, барилгачин, тракторч, комбайнч, механикжуулагч зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарсны дүнд яруу алдарт ажилчин ангийн бие даасан арми 1930-аад оны дунд үеэс төрж бий болсон юм. Дэлхийн 2 дугаар дайны гал ид дүрэлзсэн 1942 онд Монгол Улсын Их сургууль анагаах ухаан, зоомал эмнэлэг, багшийн гэсэн 3 салбартайгаар үйл ажиллагаа явуулж эхлэв. 1957 он гэхэд ерөнхий боловсролын 426 сургууль, хүүхдийн 96 цэцэрлэг, тусгай мэргэжлийн 14 сургууль, 4 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг болсон байв. Ийнхүү Монгол Улс цэцэрлэг, бага, бүрэн бус ба бүрэн дунд сургууль, ТМС, техникум, их, дээд сургууль гэсэн боловсролын шат дараалсан сургалт бүхий нэгдсэн тогтолцоотой болсон түүхтэй. Мөн шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэн 1921 оны 11 дүгээр сард үүсч улмаар 1930 онд шинжлэх ухааны хүрээлэн, 1961 онд шинжлэх ухааны академи болон өргөжин хөгжсөн билээ. Тус байгууллага нь эхэн үедээ түүх, хэл шинжлэл, орчуулгын ажил голлож байсан бол 1930-аад оноос байгалийн шинжлэлийн чиглэлүүдээр хүрээгээ тэлж, академи болсноос хойш орчин үеийн шинжлэх ухааны бүх салбарыг хамарч, их эрдэмтэн Лодонгийн Түдэвийн онож хэлснээр жинхэнэ мэргэд гарахын орон болсон юм. 

Ард түмний сэтгэл зүрхэн дэх эх орон, тусгаар тогтнолоо хайрлах үзэл, мэдрэмжийг оргилуулах, хуучны бурангуй ёс суртлыг халж, шинэ нийгмийг бүтээн байгуулах хувьсгалт урам зориг, идэвх санаачилгыг нь өрнүүлэхэд намын улаан гэр, клуб, утга зохиолын бүлгэм, дугуйлан, соёлын ордон, кино театр, цирк, ном, сонин сэтгүүл, радио телевиз зэрэг түмэн олны тархи оюуныг эрхшээсэн дайчин зэвсгүүд гарамгай үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ард иргэдээ бүх нийтээр нь соён гэгээрүүлэх зорилгын хүрээнд 1920-30 онд 10 гэрийн, Улаан гэрийн, Улаан булангийн гэх мэт арга хэмжээнүүдийг авч, 1957 оноос Соёлын довтолгоо, Соёлын аяныг улс орон даяар эрчимтэй өрнүүлж, 1963 оноос Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө, Хөдөлмөр ба хүмүүсийн харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө, Эрүүл энх аж төрөхийн төлөө гэсэн уриан дор олон талт соёлын үйл ажиллагааг өрнүүлж, улс үндэстнээ орчин цагийн соёлт ертөнцтэй хөл нийлүүлсэн юм. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, өнгөрсөн зууны дунд үед Монгол оронд соёлын их тэсрэлт болсон гэж би боддог. Бидний нэрлэдэгээр Урлагийн алтан үеийнхэн маань төрөн гарч, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлсэд гайхамшигтай хувь нэмрээ оруулсан юм. Үнэхээр агуу, дахин давтагдашгүй гэж өнөөдөр үнэлэгдэж байгаа урлагийн хосгүй бүтээлүүд, тухайлбал кино жүжиг, дуу шүлэг, яруу найраг, тууж өгүүллэг, роман, уран зураг, уран баримал, дуурь, балетууд гээд чухамхүү тэр л он жилүүдэд бүтээгджээ. Бичих, туурвих, нийтлэх эрх чөлөөнд хатуухан хяналттай байсан тэр цаг дор яагаад ийм том тэсрэлт гарав, өнөөдөр яагаад алтан үеийнхэний агуу бүтээлүүд шиг урлаг соёлын гайхамшиг болсон уран бүтээлүүд ховорхон төрж, мэндэлж байгаад эрдэмтэн судлаач нар үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй буйз аа. Хүмүүсийн соёл, оюуны санааны амьдралд гарсан өөрчлөлтийн зэрэгцээ амьдрах гэр орон, хоол унд, хувцаслалт, ёс, заншил, хоорондын харилцаа хандлага гээд бүхэл бүтэн аж төрөх ёс, амьдралын хэв маягийг өөрчлөн шинэчилсэн юм. Өөхөн дэн, эсгий үүд, тулган дахь задгай гал бүхий уламжлалт монгол гэр нь дотор, гаднаа цагаан бүрээстэй, модон хаалга, шал, төмөр зуухтай болж, хүн ардын нилээд хэсэг нь тохилог сууцанд шилжив. Монголчуудын хоол хүнсний бүтэц, найрлага өөрчлөгдсөн нь хүн амын өсөлт, дундаж наслалт, бие бялдарын гадаад төрх, галбирт сайнаар нөлөөлсөн нь лавтай. Өмнө нь монгол хүн гар барихыг худалдаа, наймааны үнэ хаялцах, харин алга ташихыг дуудах дохио болгож байсан бол шинэ үед гар барихыг мэндлэх, алга ташихыг талархал илэрхийлэх ёс болгож хэвшжээ.

Нийтийн хоол, халуун ус, үсчин, гоо сайхны үйлчилгээ, үндэсний ба европ загварын хувцасны хослол, радио сонсгол, хөнгөн хөгжим, нийтийн бүжиг, спортын тэмцээн, ариун цэврийн үзлэг, сонин уншлага, соёлын довтолгоон, соёлч нөхөрлөлийн хөдөлгөөн, социалист уралдаан гэх зэргээр монголчуудын амьдралд гарсан өөрчлөлт, үйл явдлуудыг тоочоод байвал урт жагсаалт хөврөх болно. Хүн амын өсөлтийг хурдасган, эрүүлжүүлж наслалтыг уртасгах нь бүр анхнаасаа манай намын жанжин шугам байсан. XX зууны эхэнд эмч, эмнэлгийн үүргийг оточ, домч, маарамбууд гүйцэтгэж, судас барих аргаар онош тогтоохыг оролдож, зарим тан өгөх боловч ихэвчлэн шившлэг тарни, гүрэм домыг эмчилгээ, засал болгодог байжээ.
Дээр нь халдварт өвчин түгээмэл байсан тул амьд явна гэдэг үнэндээ азанд найдсан хэрэг байлаа. Иймд МАН орчин цагийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг яаралтай үүсгэн байгуулж, иргэдээ эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, их, бага эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дотооддоо аль болох олноор түргэн бэлтгэх, шаардлагатай эм тариа эмнэлгийн багаж техникээр эмнэлгүүдээ хангах, хүн ардын дотор ариун цэвэр, эрүүл мэндийн сурталчилгааг эрчимтэй өрнүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлсэн. Энэ зорилтоо хэрэгжүүлэх үүднээс 1929 онд сувилагчийн 2 жилийн курс, 1934 оноос хүн эмнэлгийн техникум, 1942 онд МУИС-д хүний их эмчийн салбарыг нээснээр энэ салбарын үндэсний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх томоохон тогтолцооны үндэс суурь тавигдсан юм. Хөдөө, хотгүй тархсан олон төрлийн онц аюулт өвчинтэй нэг төрлийн дайн зарлаж уйгагүй тэмцсэний үр дүнд хүмүүсийн тал хувь нь нас бардаг байсан өвчний вакциныг дотооддоо гарган авснаар 1940 он гэхэд өвчнөө бүрмөсөн устгаж чаджээ. Нас баралтын голлох шалтгаан болж, хэзээ ч эмчлэгдэхгүй мэт төсөөлөгдөж байсан аймшигт өвчнүүдийг дарсан нь үнэхээр том ялалт байлаа. Ард түмнээ эрүүлжүүлэх шаргуу тэмцлийн үр дүнд хүн ам түргэн өсч, залуужин дундаж наслалт нь эрс дээшлэв.
Төрөлтийн ерөнхий коэффицент буюу тухайн жилийн 1000 хүн тутамд ногдох амьд төрөлтийн тоо 1960 онд 44 промильд хүрсэн нь Монгол Улсын хувьд хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Монголын хүн ам 1918 оны тооллогоор гадаадын 105 мянган иргэнийг хасвал 542.8 мянга байжээ. Тэгвэл 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, өнөөдөр 3 сая 300 мянгад хүрч өнөр өтгөн ард түмэн боллоо. Өөрөөр хэлбэл хүн ам маань 100 жилийн хугацаанд 6 дахин өсжээ. Хүн ам залуужиж нийт хүн амын 70-аас илүү хувь нь 35-аас доош насны хүүхэд залуучууд болсон байна. Ийнхүү хүн ам нь өсч, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг болж, зуун зууны хоцрогдлыг түүх болгон үлдээгээд соёл боловсрол, сонгодог урлагийг хөгжүүлж, сансарт хүртэл монгол хүн нисч, дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж, хүчирхэг Монгол улсыг мандуулах хүсэл тэмүүлэлтэй, итгэл сэтгэлтэй ард түмэнтэй болсон улс орныг сэргэн мандсан гэхгүй юм бол өөр юуг хэлэх билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн Хуучин хүү шинэ хүү болон төрөл арилжиж мандсан түүхийг товч өгүүлэхэд ийм буюу.
 
ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ БОЛ МАН-ЫН ТҮҮХ МӨН

ХХ зууны эхэнд Монгол орон чухам ямар эдийн засагтай байсан талаар Оросын эрдэмтэн И.Майский нарийн судалж Орчин цагийн Монгол гэдэг номыг 1921 онд Эрхүү хотноо хэвлүүлсэн байдаг. Түүнд: Гурван сая рубль буюу хоёр сая лан хүрэхгүй улсын  төсвийн орлоготой, Орос, Хятадад 19 сая рублийн өртэй, үйлдвэр, зам, тээвэргүй, гадаадын үйлдвэрлэгчид, худалдаачид ноёрхсон, эрчимгүй нүүдлийн мал аж ахуй дагнасан туйлын хоцрогдсон улс бол Монгол байлаа гэж өгүүлжээ. Академич Базарын Ширэндэвийн олж тогтоосноор монголчуудын гол амь зуулга болох мал сүргийн тоо 1919-1921 онд харийн түрэмгийлэгчдийн учруулсан хохирлын уршгаар тухайн үед тавхан сая болж буурсан байлаа. Ийм сул дорой ядарсан эдийн засгийг богино хугацаанд босгох бодлого төлөвлөлтийг боловсруулах үүргийг МАН-аас тухайн үеийн шилдэг сэхээтнүүд болох Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, О.Жамьян нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисст даалган Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх төслийг боловсруулсныг 1923 онд батлан гаргасан нь ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орох бодлогын том баримт бичиг-хөтөлбөр болсон юм. Энэхүү бодлогын баримт бичигт бодит боломж, онцлог нөхцөлөө сайтар тооцож хэтийдсэн мөрөөдөлд автахгүйгээр уламжлалт мал аж ахуйдаа онцлон анхаарах, өмчийн бүх хэлбэрт адил тэгш хандах, эдийн засгийн хувьд аль нэг улсаас хараат болохоос сэрэмжлэх, дэлхийн улсуудтай эвийг сахин харилцан ашигтай худалдаа хийх, өөрт буй нөөц, баялаг дээр тулгуурлан үндэсний аж үйлдвэрийг үүсгэн байгуулах, тариалан, зам тээвэр, гүүр, холбооны ажлыг эхлүүлэх, банк, санхүү, төсөв, татвар данс бүртгэлийн тогтолцоог бий болгох, гадаадад мэргэжилтэн бэлтгэх, лам хар гэж ялгалгүй бүтээн байгуулалтад оролцуулах зэрэг, үнэхээр тухайн үедээ яаж ингэж алсын хараатай, өргөн цар хүрээтэй сэтгэн бодож, харж чадав гэж биширмээр бодлого, арга зам, зарчмуудыг дэвшүүлсэн байдаг. Аль нэг улсын нөлөөнд орохоос болгоомжлох гэх мэт зарим чухал зарчмууд нь зам зуурт гээгдсэн хэдий ч энэхүү хөтөлбөр үндсэндээ 1940-өөд он хүртэлх үеийн эдийн засгийн бодлого, үйл ажиллагааны хөтөч болсон билээ. 

Translate