12 сар 19, 2024

Эрдэнэс Монгол ногдол ашиг хуваариллаа

Эрдэнэсийг иргэн бүрт уриатай Эрдэнэс Монгол ХХК 2007 онд байгуулагдсан цагаас хойш анх удаа 100 сая ширхэг хувьцаанд хоёр тэрбум 37 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилуулахаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүллээ. Өнгөрөгч 2019 онд нийт 11.9 их наяд төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 265.0 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 48.3 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн менежментийн үр ашгийн тооцоолол, аудитлагдсан санхүүгийн тайлангаар баталгаажсан цэвэр ашгаас ийнхүү ногдол ашиг хуваарилж байгаа юм.

Тус компани стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулан ажилладаг. Мөн бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалт, менежментийн компани болох зорилт тавьжээ.

Эрдэнэс Монгол нэгдэл хайгуулын болон ашиглалтын нийт 13 тусгай зөвшөөрөл эзэмшиж, 13 охин компани, хоёр төслийн нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн онд зээлтэй ахмадууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлж Эрдэнэс Монгол нэгдлийн охин компани Эрдэнэс Силвер Ресурс ХХК эзэмшдэг Салхитын мөнгөний ордын олох ашгаас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлсэн билээ. Харин энэ онд Эрдэнэс бонд гарган ирэх  тавдугаар сард зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор ажиллаж байна гэж Эрдэнэс Монгол компаниас мэдээллээ.

Translate