Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо

2021.01.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. Сангийн сайдаар Болдын Жавхланг улираан томилов. Б.Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургууль төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-1999 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Хаан банк дахь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай гэжээ.