12 сар 6, 2024

Монголбанкны 2020 оны онцлох 20 үйл явдал…

1.      Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт (“Саарал жагсаалт”)-аас гарав

Монголбанк 2020 онд багтан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас гарах зорилтыг тавьж, холбогдох байгууллагуудтай хамтран эрчимтэй ажиллаа. Олон улсад дэгдсэн Ковид-19 цар тахлаас шалтгаалан ФАТФ-ын хяналтын үйл ажиллагаа зогсох шийдвэрийг ФАТФ-ын Ерөнхийлөгч 3 дугаар сард гаргасан хэдий ч,  Монголбанк болон Засгийн газраас удаа дараагийн хүсэлт тавьснаар хурлуудыг цахим хэлбэрээр зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа амжилттай хамгааллаа. ФАТФ-аас 2020 оны 6 дугаар сард Монгол Улсыг хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлсэн тул газар дээрх хяналт шалгалт хийхээр шийдвэрлэснийг зарласан. Үүний дагуу 10 дугаар сард газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарлаа. Уг жагсаалтаас гарахад төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэв. Ийнхүү богино хугацаанд тус жагсаалтаас гарсан нь Монголбанк, түүний дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл болон бусад холбогдох байгууллагуудын хүчин зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн байлаа.

2.      Гадаад валютын албан нөөц (ГВАН) 4.5 тэрбум ам.долларын босгыг давлаа

Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэж 2020 оны эхний хагаст экспорт хурдацтай буурч, Засгийн газрын баталгаатай аж ахуйн нэгжийн бондын төлбөр гадагшаа хийгдэж, урсгал дансны алдагдал өссөн хэдий ч, 2 дугаар хагасаас гадаад орчинд эерэг өөрчлөлт гарлаа. Богино хугацаат гадаад өр төлбөрийг хойшлуулж, доноруудын том дүнтэй санхүүжилт орж ирэн, Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж, нүүрсний экспортын хэмжээ өсөв.

Монголбанкнаас валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах, үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсны үр дүнд ГВАН 4.5 тэрбум ам.долларын босгыг давж, импортын 10 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдлээ.

3.      Мөчлөг сөрсөн хэлбэрээр мөнгөний бодлогыг зөөлрүүлж, бодлогын хүүг түүхэн доод түвшин болох 6 хувьд хүргэв

Мөнгөний бодлогын хороо 2020 онд бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэлээ. Ингэснээр бодлогын хүү түүхэн доод түвшинд ирээд байна. Тус шийдвэр нь Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засагт тулгарч буй санхүүгийн хүндрэл, дарамтыг зөөлрүүлэх, дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.

Түүнчлэн мөнгөний бодлогын хүрээнд төгрөгийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 4.5 нэгж хувиар бууруулж 6.0 хувьд хүргэх, хүүний коридорыг бодлогын хүүнээс +/- 1 нэгж хувиар тогтоох, жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх, санхүүжилтийн хэмжээг тогтоох зэрэг багц шийдвэрийг гаргав. ЗБН-ийн хувийг ийнхүү бууруулснаар банкуудад 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөв. Энэхүү шийдвэр нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих зорилготой байв.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлд дунд хугацаанд инфляцыг 6 хувийн голчтой, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах зорилт тусгасан нь Мөнгөний бодлогын хувьд нэг том алхам болов.  


4.      Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлийн хугацааг гурван жилээр сунгалаа

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 15 тэрбум юанийн своп хэлцлийн ерөнхий гэрээг 2023 он хүртэл амжилттай сунгалаа. Своп хэлцлийн ерөнхий гэрээг сунгах ажлын хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн биелүүлж ажиллаа. Тус гэрээг амжилттай сунгаснаар богино хугацааны гадаад өрийн дарамтыг эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шийдвэрлэв.

5.      Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг хадгалах чиглэлд Засгийн газартай хамтран ажиллав

Монгол Улсын Засгийн газартай хамтран Монголбанк олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагтай 3-р сарын 25, 5-р сарын 22-нд, Мүүдис агентлагтай 4-р дүгээр сарын 13-нд, Эс энд Пи агентлагтай 6-р сарын 3-нд тус тус цахим уулзалт зохион байгуулав. Фитч агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, ирээдүйн төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэллээ. Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа нь Монгол Улс гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, Ковид-19 цар тахлын үед гадаад өрийн үйлчилгээг дахин санхүүжүүлэхэд дэмжлэг боллоо.

6.      Монголбанк 2020 онд түүхэн дээд хэмжээ буюу 23 тонн үнэт металл худалдан авлаа

Гадаад валютын албан нөөц (ГВАН)-ийг нэмэгдүүлэхэд Монголбанк “Алт-2” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж,  2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.9 тонн, 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан бол 2020 он түүхэн дээд хэмжээ буюу 23.0 тонн үнэт металл худалдан авч, ГВАН-ийг 880 сая ам.доллароор  нэмэгдүүллээ.

Түүнчлэн энэ оноос Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасны дагуу Монголбанкны худалдаж авсан үнэт металлыг гадаадад цэвэршүүлэн мөнгөжүүлж, олон улсын чанарын стандарт хангасан мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг эргүүлэн импортлон оруулж ирж, гарал үүсэл нь тодорхой  бүтээгдэхүүнийг анх удаа дотоод зах зээлд худалдан борлуулж эхэллээ. Энэ нь дотоодын уран дархчуудыг чанартай түүхий эдээр хангаад зогсохгүй, уран дарханы өв соёлыг цаашид хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж, дотоодын зах зээл дэх үнэт металлын арилжааг албажуулахад хувь нэмэр оруулах юм. Мөн үнэт металлын арилжаа эрхлэгчдийг Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг болголоо.

7.      Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэв

Монголбанк дунд хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоог бий болгох банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж эхлэв. Тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр банкны салбарын өөрийн хөрөнгө нэмэгдэн эрүүлжиж, эрсдэл даах чадвар сайжирч, өмчлөл нь олон улсын жишгийн дагуу олон нийтийн өмчийн хэлбэрт шилжиж, банкуудад тавих хөндлөнгийн хяналт нэвтэрнэ. Үйл ажиллагаа нь ил тод тунгалаг болж, шийдвэр гаргах, гүйцэтгэх, хяналт тавих эрх мэдэл хуваагдаж, харилцан бие биедээ хяналттай, тэнцвэртэй эрх мэдэлтэй байх зарчим бий болж, хяналтын тогтолцоо хангагдана. Түүнчлэн олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдэж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлнэ. Эдгээрийн үр дүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын банкинд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлал өргөжин гүнзгийрч, банкны салбарын эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хувь нэмрээ оруулах болно.

8.      Зээлийн хүү буурах хандлага үргэлжилж, 1.2 нэгж хувиар буурлаа

“Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг 2020 оны 8 дугаар сард Улсын Их Хурал (УИХ)-аар хэлэлцүүлэн батлууллаа. Энэхүү стратегийг 1) зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх, 2) зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, 3) банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, 4) хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр боловсруулав. Энэ хүрээнд Монголбанк, Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтуудыг тодорхой тусгав. Энэхүү стратегид зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхээр зорилт тавьсан. 2020 онд зээлийн дундаж хүү 1.2 нэгж хувиар буурсан нь дунд хугацааны зорилттой нийцтэй байна. Банкуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2020 оны 11-р сард 15.8%-д хүрсэн нь сүүлийн 9 жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

9.      Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгож, хүүг бууруулан, эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулав

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 2020 онд дахин хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк, банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний 9 сарын хугацаанд 8% хүүтэй ипотекийн зээлд 290 тэрбум төгрөгийг 4.0 мянган зээлдэгчид олгосон. Түүнчлэн хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдийн зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг жилийн 6% болгон бууруулж, нийт 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олголоо. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 410 орчим тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгоод байна.

Түүнчлэн цар тахлын үед иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор өрхийн зардалд томоохон хувь эзэлдэг хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийн төлбөрийг нийт 14 сарын хугацаанд хүү хуримтлуулахгүйгээр үндсэн төлбөрийн хамт хойшлуулах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 2020 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд хүсэлт гаргасан 38,270 зээлдэгчийн нийт 2 их наяд гаруй төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулж, иргэдийн амьжиргаанд тодорхой дэмжлэгийг үзүүлсэн. Харин 2 дахь удаагийн арга хэмжээний хүрээнд банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг 11 дүгээр сараас хойш цахим хэлбэрээр авч байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 3.2 их наяд төгрөгийн 58,328 хүсэлт ирснээс 57,456 хүсэлтийг буюу 99 хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Тус арга хэмжээний хүрээнд зээл авсан өрх бүрт дунджаар нийт 7.7 сая төгрөгийн зээлийн төлбөрийн зардал хэмнэгдэж, энэ хэрээр иргэдийн амьжиргаа, худалдан авалтад эерэгээр нөлөөлөв.

Мөн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг холбогдох хуулийн хүрээнд талуудтай хамтран зохион байгуулж, Ковид-19 өвчний голомтод ажиллаж буй нийт 1050 төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох боломжийг бүрдүүллээ.

10.  Цар тахлын үед эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн зээл төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргав

Ковид-19 цар тахлаас үүдэн эдийн засагт хүндрэл үүсч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч, зээлийн эрсдэлийн зардал нэмэгдэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт бий болох бодит эрсдэл үүссэн. Иймд эдгээр эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанкнаас баталж, банкуудад мөрдүүлдэг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”, “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”, “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д тус тус холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, зээлийн хугацаа болон бүтцэд өөрчлөлт оруулах, хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэв. Тус зохицуулалтын арга хэмжээний хүрээнд банкуудаас системийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар давхардсан тоогоор 142 гаруй мянган зээлдэгчийн 4.3 их наяд төгрөгийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, банкууд нийт 127 гаруй мянган зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн хэрэглээний зээл болон 2.7 их наяд төгрөгийн 15 гаруйн мянган бизнесийн зээл (үүнд: аж ахуйн нэгж болон иргэдэд олгосон зээл орно)-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, төлбөрийн нөхцөл, хуваарьт өөрчлөлт оруулж, хөнгөлөлт үзүүлсэн байна.

11.  Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж,  ашиглаж эхлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны тогтоолоор жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын салбарыг дэмжихэд зориулан Төв банкны репо арилжааны нөхцөлд өөрчлөлт оруулж, төгрөгийн хэвийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалан 2 хүртэл жилийн хугацаатай санхүүжилт олгох боломжийг бүрдүүллээ. Улмаар 2020 оны 4 дүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт, 2021 оны 1 дүгээр улиралд нэмж 250 тэрбум төгрөгийн санхүүжилт банкуудад олгохоор шийдвэрлээд байна. Уг арга хэмжээ нь тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн эх үүсвэрийн зардлыг 10.5 хувь болгон, зах зээлийн хүүнээс 6-7 нэгж хувиар бууруулж, хугацааг уртасгах, зээлдэгчийн хүсэлтээр үндсэн төлбөрөөс эхний 6 сард чөлөөлөгдөх боломжийг олгож байна. Ингэснээр цар тахлын үед банкуудын зээл олголт доголдсон үед зээлийн нийлүүлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах, цаашид эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой юм.

12.  Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллав

Улсын Их Хурал (УИХ)-аас “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг баталсан. Энэ дагуу Монголбанкнаас арилжааны банкууд болон Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран хуулийн хэрэгжилтийг хангаснаар тэтгэврийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг нэг удаа төлж, шийдвэрлэлээ.

13.  Номад бондыг гаргах, Мазаалай, Чингис бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх ажилд Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллав.

Монголбанкнаас Монгол Улсын засгийн газрын гадаад зах зээлд гаргасан бондуудыг дахин санхүүжүүлж, гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулахад Засгийн газартай хамтран ажиллав. Цар тахлын үед дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) оны эхний хагаст 9.7 хувиар агшсан, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтад орcон, экспорт буурсан зэрэг гадаад орчны таагүй нөхцөл байдлын үед Номад бондыг харьцангуй бага 5.125% хүүтэйгээр гаргаж, дахин санхүүжилтийг амжилттай хийв. Тухайлбал, 600 сая ам.долларын Номад бондыг олон улсын зах дээр гаргаснаар 2021 онд эргэн тѳлѳгдѳх Мазаалай бондын 380 сая ам.доллар, 2022 оны Чингис бондын 220 сая ам.долларын дахин санхүүжилтийг хийлээ.

14.  Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сайжруулж, нөөцийг  дахин бүрдүүлэв

Монгол улс ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэнээр 1993 оноос үндэсний мөнгөн дэвсгэртээ шинэчилсэн. Түүнээс хойших хугацаанд анх удаа олон улсын дэвшилтэт шинэ технологиор мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сайжруулж, дүрслэлүүдийн чанар, өнгө үзэмжийг нэмэгдүүлснээр хуурамчаар үйлдэхээс хамгаалагдсан дэлхийн жишигт хүрсэн мөнгөн дэвсгэрттэй боллоо. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан элементийг нэмсний зэрэгцээ шинэчлэгдсэн мөнгөн дэвсгэртүүдийг хуурамчаас ялган танихад зориулсан танин мэдэхүйн мэдээлэл бүхий гар утасны аппликэйшн гаргаж, нэвтрүүлэхээр ажиллаж байна.

15.  Монгол Улсын төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж ажиллаж, Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийг шинэчлэв

ҮЦГТ-ийн дата төвийг шинэчилж, үндэсний төлбөрийн системийн дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, техник технологийн шинэ боломжийг бүрдүүлэх зорилгоор ҮЦГТ-ийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж дууслаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд баригдсан энэхүү дата төвд цахилгааны олон талт эх үүсвэр, орчин үеийн шийдэл бүхий хөргөлтийн систем, гал, усны найдвартай хамгаалалт бүхий 36-н зогсоогуурыг бий болгосон. Тус төв нь мэдээллийн технологийн дата төвийн стандартыг олон улсын хэмжээнд тогтоодог нэр хүнд бүхий Uptime Institute-ийн байгууллагын TIER II стандартад нийцсэн орчин хамгийн шинэлэг дэд бүтэцтэй төв болж чадлаа. ҮЦГТ-ийн шинэ барилга нь Монголбанкны түүхэнд бичигдэх бүтээн байгуулалт болж байгаа бол дата төвийн шинэчлэл нь Монгол Улсын төлбөрийн системийн хөгжилд нэгэн шинэ дэвшлийг авчирсан үйл явдал боллоо.

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернет, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг олон нийтэд уриалж, энэ үед төлбөр тооцоог бодит цагийн горимоор, тасралтгүй дамжуулж байна. Монголбанкнаас банк хоорондын бага дүнтэй “Автомат клиринг хаус” (ACH+), их дүнтэй “Банксүлжээ”, төлбөрийн картын системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ банкуудын системээр дамжуулдаг гадаад төлбөр тооцоонд аливаа эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

16.  Банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дэвшилтэд үйлчилгээг дэмжих бодлогын хүрээнд төлбөрийн систем дэх финтек компаниудын оролцоог нэмэгдүүлэв

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль нь зөвхөн банкууд оролцдог байсан төлбөрийн системийн хамрах хүрээг тэлж, хуулийн этгээдэд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгож, Монгол Улсын банк, санхүүгийн салбарт эрх зүйн шинэ орчинг бүрдүүлсэн. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2020 онд шинэ дэвшилтэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж буй финтекийн 8 байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөрийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олголоо. Зөвшөөрөл бүхий байгууллагаас Ард кредит ББСБ ХК болон Хай пэймэнт солюшнс ХХК-ийг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний “Автомат клиринг хаус” системд холбож, RTP буюу бодит цагийн горимд төлбөр тооцоо дамжуулах системийг амжилттай нэвтрүүллээ.  Финтекийн компанийг үндэсний төлбөрийн системийн үндсэн орчинд амжилттай холбосноор төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйцэтгэх, төлбөрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, найдвартайгаар иргэд, харилцагчид хүргэх нэгэн шинэ гарцыг нээж байгаа бөгөөд энэ нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт юм. Монголбанкнаас нэгтгэн гаргадаг статистик мэдээллийн хүртээмжийг сайжрууллаа.

17.  Иргэдэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн луйвартай тэмцэх цуврал аянуудыг хэрэгжүүлэв

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих бодлогын хүрээнд санхүүгийн залилан луйвраас  урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” цуврал аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран улсын хэмжээнд  жилийн турш зохион байгууллаа. Аяны үр дүнд гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад учирсан хохирлын хэмжээ буурч, хэрэг бүртгэл 2020 оны эхний 11 сарын үзүүлэлтээр 9 хувь буурсан бол хэрэг шийдвэрлэлт 26 хувь өсчээ.

Банкны салбарын хүрээнд жил бүрийн 10 дугаар сард Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэж ирсэн бол 2020 онд оролцогчдын цар хүрээг нэмэгдүүлж, “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” аяныг бусад байгууллагуудтай хамтран Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баруун-Урт хотуудад тэмдэглэлээ. Мөн мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах, улмаар үүнтэй холбоотой гарах зардлыг бууруулах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд-Овоонд бус хэрэглээнд” аяныг улс орон даяар хэрэгжүүлэв.

18.  Монголбанкнаас нэгтгэн гаргадаг статистик мэдээллийн хүртээмжийг сайжрууллаа

Монголбанкнаас нэгтгэн боловсруулдаг статистик тоон мэдээлэл, тайлангуудыг шинэчилж, статистик мэдээллийн stat.mongolbank.mn болон банкуудын зарласан хүүний мэдээллийн bankrate.mongolbank.mn цахим хуудаснуудыг шинээр ашиглалтад оруулснаар санхүүгийн хэрэглэгчдэд мэдээллийн тэгш хүртээмжийг бий болгох, улмаар банкуудын зээлийн бүтээгдэхүүний өрсөлдөөнийг дэмжих боломжийг нэмэгдүүллээ. Мөн статистик болон тайлан мэдээллийг Монголбанкны цахим хуудасны монгол, англи хувилбараар дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна иргэдэд илүү хүртээмжтэй, ойлгоход хялбар болгох үүднээс зээлийн хүү, харилцах, хадгаламжийн хүү, инфляц, гадаад өр, Ковид-19 үеийн арга хэмжээ, банкны салбарын үзүүлэлтүүд, төлбөрийн тэнцэл зэрэг статистик, тоон үзүүлэлтүүдээр цуврал инфографик бэлтгэн олон нийтэд тогтмол хүргэж байна.

19.  Монгол Улс ОУВС-тай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж, “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд эх үүсвэр авав 

Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, үргэлжлүүлэн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр” (RFI)-ийн хүрээнд санхүүжилт аваад байна. Тодруулбал, дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран ОУВС-ийн Шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 99 сая ам.долларын санхүүжилтийг авав.

20.  Монголбанк Forbes Mongolia Property Awards шагнал хүртлээ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд Монголбанк нь санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэхээр заасан. Энэ зорилтын хүрээнд Монголбанк хуульд нийцүүлэн шаардлагатай арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, иргэдийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн Монголбанкны бодлого, үйл ажиллагааг үнэлж, Forbes сэтгүүлээс зохион байгуулдаг “Forbes Mongolia Property Awards” шалгаруулалтаас “Барилгын салбарын амжилт” шагналыг олгов.

Translate