12 сар 19, 2024

У.Хүрэлсүх: Засгийн газар чадварлаг багш бэлтгэхэд анхаарна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж байгаа боловсролын салбарынхны сургалт-семинарт оролцлоо. Тэрээр энэ үеэр монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн Монгол хүнийг бэлтгэхэд бодлого, ажлаа чиглүүлнэ. Багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд Чадварлаг багш арга хэмжээг хэрэгжүүлнэ гэв. Засгийн газар энэ хүрээнд Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулийн 933 багш, 1700 гаруй ажилтан, албан хаагчдын мэргэжил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж, шаардлагатай мэдээлэл харилцаа, технологийн тоног төхөөрөмжөөр хангаж, орон сууцных нь нөхцөлийг сайжруулах юм. Өнөөдрийн байдлаар аймгийн цэцэрлэгт 5500 орчим, ерөнхий боловсролын сургуульд 13 мянга гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ хүүхдүүдэд чанартай боловсрол, сайн хүмүүжил олгох нь аймгийн хөгжлийн ирээдүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед теле хичээл, цахим сургалт явуулж байсанд талархал илэрхийлж, боловсролын салбарын төсвийг бууруулахгүй байх зарчим баримталж байгааг хэлэв. Цаашид багш нар нэр хүнд, ёс зүй, хариуцлагаа дээшлүүлж, бусдыг манлайлан ажиллахыг уриаллаа. Мөн аймагт баригдаж байгаа нэгдүгээр цэцэрлэг, тавдугаар сургуулийг богино хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болгов. Цэцэрлэг, сургууль ашиглалтад орсноор Баруун-Урт хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 90 хувьд хүрч сургуулийн ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоо гарсан байна. Засгийн газар 2019-2020 онд 119 цэцэрлэг, 71 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1442 цэцэрлэг, 841 сургуульд 930 орчим мянган хүүхэд сурч байгаа нь өмнөх оноос 40 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон иргэдтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Translate