12 сар 19, 2024

Богино хугацааны виз олгоно

Улсын онцгой комиссын зүгээс Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хэвийн горимд шилжүүлж, санхүү, эдийн засаг, бизнесийн орчныг сэргээхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Монгол Улсад албан ажлаар богино хугацаагаар ирэх зайлшгүй шаардлагатай гадаадын иргэдэд албан болон бизнес ангиллын визийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ гадаадын иргэдийг тусгаарлах зориулалтаар ашиглаж буй зочид буудалд 21 хоног тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс гаргуулахаар болсон байна. Бизнес ангиллын 30 хоногийн хугацаатай визээр ирсэн гадаад иргэний визийг Гадаадын иргэн харьяатын газар 30 хүртэл хоногоор 1 удаа. Харин дипломат болон албан ангиллын 30 хоногийн хугацаатай визийг Гадаад харилцааны яамны Консулын газар 30 хүртэл хоногоор 1 удаа сунгах юм байна. Өөрөөр хэлбэл, ийм ангиллын визтэй иргэн Монгол Улсад дээд тал нь 60 хүртэл хоног байх боломжтой юм. Нислэгт хамрагдахаас өмнө Ковид-19 PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх шаардлагатай юм байна. Дээрх ангиллын виз олгох зөвшөөрлийг уригч байгууллага, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын виз олгох журмын дагуу Гадаад харилцааны яамны Консулын газарт хандан гаргуулах гэнэ. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн бүх боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн богино хугацааны виз олгох үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зогсоогоод байсан юм.

Translate